Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00794

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

       Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг Бага тойруу, Ерөнхий сайд Амарын гудамж, Петровис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч:Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол Хасбаатарын гудамж, 21 дүгээр байрны 83 тоотод  байрлах “Бэрхийн нурамт’ ХХК-ийн захирал Боржигон овогт Амгаасэдийн Ганбатыг иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Бэрхийн нурамт” ХХК-д 2016 оны 4 дүгээр сард 110,868,300 төгрөгийн шатахуун нийлүүлснээс 30,000,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл 80,868,300 төгрөгийг төлөөгүй.

НИК ХХК нь 2015.08.25-ны өдөр “Бэрхийн нурамт” ХХК-иас шатахууны  төлбөр 80,868,300 төгрөгийг нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  хариуцагч нь албан ёсны хаягт байхгүй гэх үндэслэлээр тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2016.09.12-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан.

Иймд “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал Амгаасэдийн Ганбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бэрхийн нурамт” ХХК-ийн захирал Амгаасэдийн Ганбатыг эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

           Боржигон Амгаасэдийн Ганбатыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаагаас гадна тэрээр албан ёсны хаягтаа байхгүй, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

А.Ганбат хамгийн сүүлд Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороололХасбаатарын гудамж, 21 дүгээр байрны 83 тоотод байрлах, Булган аймагт үйл ажиллагаа явуулж байсан гэх зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Амгаасэдийн Ганбат /РД:ХА66071910/-ыг эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаарэрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

                   

                             ДАРГАЛАГЧ                                   Т.ГАНЧИМЭГ