Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 0060

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Сүхчулуун, 

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Т-д холбогдох эрүүгийн 1908005891334  дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дн Т, Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жил хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг 02 жил 10 хоногийн хугацаа болгон хөнгөрүүлж ялаас чөлөөлөгдсөн,

2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /ригстерийн дугаар ЧК74042011/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух Б.Гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 365 000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагаас зугтааж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх айлын хашаа руу орж гэрийн хаяанд боодолтой байсан зурагтыг аваад авсан. Хашаанд нэг гэр, хойд талд нь нэг байшин байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн тоотод ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан зэвэрсэн төмөр хаалгатай модон хашаа байна. Хашааны үүдний орчим ул мөр хайхад төмөр хаалганы зүүн урд талд модон хашаанаас урагш 1 метр зайд газарт өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8 см, нийт 29 см урттай торон мэт хээтэй гутлын улны мөр байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хашааны хаалган дотор ороход хашааны хойд хэсэгт улаан тоосгон сууц байв. Түүний урд талд хар өнгийн тээврийн хэрэгсэл, монгол гэр байна. Уг гэрт халдлага болсон гэх бөгөөд уг гэрийн хаалга гадагш чиглэлтэй онгорхой байлаа. Гэр рүү явах зам дагуу дээрхи бэхжүүлж авсан гутлын улны мөр шууд гэр рүү чиглэлтэй олон удаа гишгэгдсэн байв. Халдлага болсон гэх гэрийн хаалга цоожгүй, хаалганы цоожны хэсэгт болон хүрээний гол хэсэгт дөрвөлжин хэлбэртэй эвдэгч багажны мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан...Уг авдрын дээд талд алдагдсан зурагт байсан гэх газрыг нарийвчлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэжээ. / хх-9-12/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг болсон гэх газраас нохойн төлөөлөгч, криминалистикийн шинжээч цагдаагийн хошууч Н.Р нарын хамтаар хэргийн газар дээр байсан гутлын улны мөрөөр ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү гудамж сүлжин явсаар Сонгинохайрхан дүүргийн хашаа руу орсон байдалтай байсан, уг хаягийг шалгахад уг хашаа нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан ногоон өнгийн төмөр хаалгатай хашаа байлаа. Хашааны хаалгаар дотогш ороход хойд талд бор өнгийн дулаалгатай Монгол гэр байна, гэр рүү явах зам дагуу ул мөр хайхад хашааны хаалганаас хойшоо 4 метрийн зайд хэргийн газраас илэрсэн өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8 см, нийт 29 см урттай, торон мэт хээтэй гутлын улны мөр байсныг криминалистик шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийх явцад уг хаягт амьдардаг гэх Д.Т гэгч хулгайд алдагдсан гэх зурагтыг дугаартай тээврийн хэрэгсэлтэй өсвөр насны 4 хүүхдэд худалдах гэж байсан гэх зорилгоор өөрийн гэрийн үүдэнд ирсэн тул хулгайд алдагдсан гэх Монэл маркийн 32 инчийн LCD зурагтыг эд мөрийн баримтаар хураан авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Д.Т түүний монгол гэрийн цоожийг онгойлгуулан дотогш ороход гэр доторхи эд зүйлс ерөнхийдөө эмх цэгцтэй байв...гэрийн зүүн хана дагуу буйдан ор байна, уг орны дээд талд хулгайд алдагдсан гэх улаан эрээн өнгийн орны бүтээлэг байсныг шинжээч Д.Т заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Д.Т-ын өмсөж байсан хар өнгийн өмсгөл тодорхойгүй торон хэлбэр бүхий хээтэй хар өнгийн хос гутлыг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэжээ. /хх-16-18/,

 Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүрэг  тоотод амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчим эмнэлэг рүү бэр охин Ог эргэхээр өөрийн төрсөн хүү Эын хамт гэрээ цоожлоод гарсан. Намайг эмнэлэг дээр оччихоод байж байхад манай хүү Э руу хойд айлын залуу Э залгаад гэр рүү чинь хулгайч орсон юм шиг байна. Танай гэрийн хаалга онгорхой, мөн зурагт чинь алга байна гэж ярьсан байсан. Тэгээд би шууд гэр рүүгээ очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байдалтай байсан. Би гэр рүүгээ орж үзэхэд манай гэрийн хойморт байх Монэл маркийн 32 инчийн зурагт, зурагтны хажууд байх зурагтын суваг хүлээж авдаг МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан. Удалгүй манай хүү Э.Э 2 цагдаа нартай явж байгаад зурагт, суваг хүлээн авагч МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлээ олоод ирсэн. Би хаанаас яаж олсон талаар асуухад манай хүү Э цагдаа нар хулгайчийн гутлын мөрөөр нь хайгаад хулгайчийг нь олчихлоо. Тэгээд гэрээс нь манай алдагдсан эд зүйлийг хүлээлгээд өгчихлөө гэж хэлсэн...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал алга, алдсан эд зүйлээ бүрэн бүтэн 2019 оны 01 дүгээр сарйн 13-ны өдөр цагдаагаас хүлээн авсан...”  гэжээ. /хх-42,84/,

Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр гэртээ пийшэнгээ янзлаад байж байсан юм. Би гэрээс гарахдаа манай хашаанд амьдардаг Г эгч гэрээ цоожлоод гарахыг харсан. Би гэрийн ажлаа хийж байгаад Г эгчийн гэрийн хажуунаас тоосго авах гээд 13 цагийн үед гарахад хаалганых нь цоож эвдэрсэн, хаалга нь онгорхой байхаар нь гэр рүү нь ороод хартал тэдний хойморт нь авдар дээр байдаг зурагт нь байхгүй байсан. Тэгээд би гэрт хулгай орсон байна гээд шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд надаас мэдүүлэг аваад гэрийн урд байсан мөр хөөж яваад нэг айлд очиж Г эгчийнхээс хулгай хийсэн эрэгтэй хүнийг барьж авсан. Би тэр үед цагдаа нартай хамт явж байсан. Цагдаа очиход нөгөө залуу Г эгчийнхээс хулгай хийж авсан зурагт, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг аваад гэрээсээ гарч ирсэн...” гэжээ. / хх-78 /,

Яллагдагч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дэлгүүр орох гэж явж байгаад замаараа найзындаа ороод нэг шил архи хувааж уугаад гэрээс нь гартал цагдаагийн машин явж байхаар нь зугатаагаад айлын хашаа руу орсон. Би одоо ял авсан хэрэг дээрээ цагдаагаас зугтааж байсан болохоор машин харагдахаар нь айлын хашаа руу ороод буланд нь нуугдаж байсан. Тэгтэл тэр айлын хашаа нь дотор бүтээлгэнд боогоод тавьчихсан зурагт байж байсан. Цагдаагийн машин яваад өнгөрөхөөр нь тэр зурагтыг нь аваад явчихсан. Зурагтаа аваад гэртээ аваачиж тавиад буцаж нөгөө найзындаа очоод айлаас авсан зурагтаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг суух Б.Гийн гэрээс эд зүйл хулгайлсан...” гэжээ. / хх-152-153,192 /,

Шүүгдэгч Д.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79, 118/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-119-137,161-165/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-96/, хэргийн газар үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-19/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-60-61/  гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан оршин суух иргэн Б.Гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Монэл маркийн 32 инчийн зурагт, МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг 365.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гийн өгсөн “...манай гэрийн хойморт байх Монэл маркийн 32 инчийн зурагт, зурагтны хажууд байх зурагтын суваг хүлээж авдаг МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг хх-42,84/,

Гэрч Ш.Эн өгсөн “...Цагдаа очиход нөгөө залуу Г эгчийнхээс хулгай хийж авсан зурагт, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг аваад гэрээсээ гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-78/ болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч Б.Гийн өгсөн “...манай гэрийн хойморт байх Монэл маркийн 32 инчийн зурагт, зурагтны хажууд байх зурагтын суваг хүлээж авдаг МНБС төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх, гэрч Ш.Э өгсөн “...Цагдаа очиход нөгөө залуу Г эгчийнхээс хулгай хийж авсан зурагт, зурагтын хүлээн авагч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг аваад гэрээсээ гарч ирсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Т нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гэд 365.000 төгрөгийн шууд, 5000 төгрөгийн шууд бус хохирол учирсан нь тогтоогдсон байх боловч хохирогч нь өөрт учирсан шууд хохирол болох 365.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар буцаан авсан /хх-27/, шууд бус хохирол болох 5.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Тийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Т хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс  /хх-157/ эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 93 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 03 жил хорих ялаар шийтгэгдээд, уг ялыг  эдлэж байхад нь дахин гэмт хэрэг үйлдсэний улмаас шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр цагдан хорих төвд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх бөгөөд өмнө нь шүүхээс оногдуулсан 03 жил хорих ялаас 10 сар 7 хоногийн хорих ялыг эдэлж, 2 жил 1 сар 23 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-н Тг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  Д.Тийг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.Тийн эдлэх ялыг 4 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Д.Тийн цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Д.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Д.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ