| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/68 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/68
2020 02 21 2020ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Ат холбогдох 2021000000003 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ..............................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт А. /РД: ................./
Шүүгдэгч А нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ............................ тоот хашаанд байсан хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Honda Civic” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, баруун урд, хойд хаалганы шил, толь зэргийг хагалж бусдад 1.652.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би нөхөртэйгээ юм цуглуулаад зах дээр явж байсан. Тэгсэн манай нөхрийн утас дуугараад нэг хүнтэй яриад алга болсон. Би араас нь дагаад хартал нэг жижиг тэргэнд суусан. Тэгээд тэр машин руу очоод хартал манай нөхөртэй нууцаар уулзаад байдаг хүүхэн 2 хүүхдээ суулгачихаад сууж байсан. Тэр хүүхэнтэй манай нөхөр уулзаад байгааг нотлох баримтууд надад зөндөө байсан. Би энэ хоёрын нууцаар уулзаад байгааг таслан зогсоох гэж байгаад энэ хэргийг үйлдчихсэн. Би Г-ийн хадам аавд бэрийнх нь талаар хэлж гэрийн хаягийг нь заалгаж авсан. Хадам аав нь “бэрийнхээ энэ үйлдлийг мэдэж байгаа, бидэнд дийлдэхгүй байгаа” гэж хэлсэн. Тэр хоёрын нууцаар уулзаад байгааг таслан зогсоох гэж байгаад ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэв.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл А нь уг орой манай хашаанд очоод миний эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Honda Civic маркийн машины ... арын салхины шил, урд нүүрний шил, урд 2 хаалганы цонх, жолоочийн арын хаалганы цонхыг хагалсан, мөн дээрээс нь жолооч талын толийг хагалсан, голын толийг хоногноос нь хуга татаад дахин тогтоох боломжгүй болгосон, мөн машины баруун урд, баруун хойд талд сэв үүсгэж зурсан, урд гуперыг хагалсан, багажны хаалган дээр мөн цохиж сэв үүсгэсэн байсан. ...Би машин тэргээ эвдүүлж, хань ижлээ ингэж доромжлуулсанд гомдолтой байна. Машинд учирсан хохирлын мөнгөн дүн болох 1652000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 11-13 тал/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд миний хувьд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой 22 цагийн орчимд намайг бага насны 3 хүүхдийн хамтаар гэртээ байж байхад хашаанд машин орж ирэх чимээ дуугарсан бөгөөд удалгүй гэрийн гадаа ямар нэг юм балбах чимээ гарсан юм. Миний хувьд хажуу айл нүүрс хагалж байна гэж бодсон бөгөөд удалгүй шил хагарах чимээ сонсогдож гэнэт А гэх эмэгтэй гэрийн хаалга татаж өшиглөж хаалгаа нээ гичий минь гэж хашгирч, доромжилж байгаад яваад өгсөн. ... Тэгээд би Аийг явсны дараа гэрээс гарч харахад гэрийн үүдэнд байсан манай нөхрийн нэр дээр байдаг Honda Civic маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын болон урд салхины шил, мөн урд талын хоёр хаалганы шил, жолоочийн арын хаалганы шил зэргийг хагалчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 14-16 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 тал/
- Гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
- “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний авто машин техникийн үнэлгээний №15984700 дугаартай тайлан /хх-ийн 29 тал/
- Honda Civic маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48 тал/
- Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/
- Шүүгдэгч Аийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар /задгай 1 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч А нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын7 дугаар баг Нарлагын 1-19 тоот хашаанд байсан хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Honda Civic” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, баруун урд, хойд хаалганы шил, толь зэргийг хагалж бусдад 1.652.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би энэ хоёрын нууцаар уулзаад байгааг таслан зогсоох гэж байгаад энэ хэргийг үйлдчихсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрч Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний авто машин техникийн үнэлгээний №15984700 дугаартай тайлан, Honda Civic маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ат холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Аийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-т 1652.000 /нэг сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Ааас 1652.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .............. овогт Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ааас 1652.000 /нэг сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ..................... орших суух, ...................... тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Э.Б-т олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Аийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ