Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 06

 


Х.Одбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2017/0020/Э


Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч Х.Одбаяр
Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой Х.Одбаярт холбогдох 201506000306 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Одбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, урьд нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ГИ91111211 регистрийн дугаартай. Боржигон овогт Хишигдаваагийн Одбаяр.
Х.Одбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Цохионы өвөр” гэх газарт иргэн Г.Сайнжаргалыг араас нь чулуугаар цохиж унаган 03-04ОРХ улсын дугаартай машин болон бэлэн 960.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д зааснаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Одбаярыг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын “цохионы өвөр” гэх газарт хохирогч Г.Сайнжаргалын машиныг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Боржигон овогт Хишигдаваагийн Одбаярыг бусдын амь биед аюултайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар шүүгдэгч Х. Одбаяраас 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Х.Одбаярт оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2.т зааснаар шүүгдэгч Х.Одбаярын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Х.Одбаяраас 1.127.900 төгрөг гаргаж, хохирогч Г.Сайнжаргалд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн байна.
Ялтан Х.Одбаяр давж заалдах гомдолдоо:
“ ... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзэхэд иргэн Сайнжаргал нь анх над руу утасдаж ахын дүү хоёулаа Цохионы өвөр гэх газар луу яваад гурван адуу аваад ирье гэж хэлчихээд одоо болохоор намайг адуу зарна гэж худлаа авч явсан гэх мэдүүлэг өгсөн. Иргэн Сайнжаргал нь Эрдэнэтээс гарахдаа 4 ширхэг том пиво худалдаж авсан.
Өөрөө халамцуу явсан тул надаар машинаа бариулсан. Замдаа хоёулаа авч явсан пивонуудаа ууж дуусаад даваан дээр гарч зогсоод муудалцсан. Машинаас буухдаа дугуйн дорцов барьж ирээд намайг цохисон, мөн хазсан сорви нь байгаа. Тэгээд би өөрийгөө хамгаалж чулуугаар цохисон нь үнэн. Гэрч Нандин-Эрдэнэ, Саруул нар нь ах дүүс учраас иргэн Сайнжаргалыг өмөөрч мэдүүлэг өгөөд байна. Ийм хэрэгт ял шийтгүүлсэндээ гомдолтой байх тул үнэн зөвийг нь олж өгч тусална уу ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Одбаярыг 2015-10-31-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Цохионы өвөр” гэдэг газар хохирогч Г.Сайнжаргалтай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнтэй маргалдаж араас нь чулуугаар цохиж унагаан Г.Сайнжаргалын 03-04 ОРХ улсын дугаартай, Портер маркийн автомашин болон бэлэн 960.000 төгрөгийг дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Х.Одбаярт холбогдох хэргээс хохирогч Г.Сайнжаргалын машиныг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин 960.000 төгрөг дээрэмдсэн үйлдэлд гэм буруутайд тооцож ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Х.Одбаяр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...бид хамт архи уусан..., тэгээд хоорондоо маргалдаж зодолдсон нь үнэн..., түүнийг машины хойд суудал дээр суулгаад цүнхнээс нь 960.000 төгрөгийг нь авсан ..., үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... үнэн зөвийг олж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтыг судалж үзвэл :
2015-10-31-ны өдөр шүүгдэгч Х.Одбаяр хохирогч Г.Сайнжаргалтай утсаар ярьж тэд хамт Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Цохионы өвөр” гэдэг газраас адуу авч ирэхээр хамт явсан..., хоёулаа замдаа хохирогч Г.Сайнжаргалын авч явсан согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж хоорондоо маргалдаж зодолдсон..., Г.Сайнжаргалыг ухаан алдаад унах үед Х.Одбаяр түүний цүнхнээс 960.000 төгрөгийг нь аваад явсан үйл баримт болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл баримтанд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж Х.Одбаярын үйлдлээс “..машин...” дэрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин хохирогч болон шүүгдэгч нар хамт явж байгаад архи ууж улмаар маргалдаж зодолдоод хохирогчийг ухаангүй байх үед нь шүүгдэгч хохирогчийн цүнхнээс 960.000 төгрөгийг авсан үйлдэл нь бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх бөгөөд “...бусдын эд зүйлийг түүнд мэдэгдэхгүйгээр, шунахайн сэдэлтэй шууд санаатай үйлдлээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломжтой болсон ...”-оор төгссөнд тооцогддог хулгайн гэмт хэргийн бүх шинжийг агуулжээ.
Түүнчлэн хохирогч Г.Сайнжаргал нь тухайн үед согтуурсан, ухаан алдсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь “... хохирогч болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй, ойлгох чадваргүй болсон...” үед түүний зүйлийг хулгайлсан шинжтэй байна.
Иймд Х.Одбаярын гаргасан “...би дээрмийн хэрэг үйлдээгүй..., үнэн зөвийг олж өгнө үү..., гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөн зүйлчилж , энэ зүйл, хэсэгт гэм буруутай тооцож, ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2...” болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3,4 дугаар заалтыг :
- Шүүгдэгч Боржигон овогт Хишигдаваагийн Одбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Х.Одбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Х.Одбаярт оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. .
3. Шүүгдэгч Х.Одбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч,
хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.УРАНЧИМЭГ