| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2015/07357/И |
| Дугаар | 01095 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 01095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг 2-23-73 тоотод оршин суух Ловон овгийн Чүлтэмийн Чанцал /РД:ГЗ52092002/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж,Гранд оффис центр 02 тоотод байрлах “Соёмбо даатгал”/хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9017001004, РД:2117509/ -д холбогдох
Даатгалын нөхөн төлбөр 6,765,950.20 төгрөг гаргуулах, “Соёмбо даатгал” ХХК Н.Ганболд нарын хооронд хийгдсэн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Улиастайн 4 дүгээр гудамж 254 тоотод оршин суух Хотгойд овгийн Мартын Явуу /РД:ЦГ68062762/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Явуу, нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чанцал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү Н.Ганболд Төрийн банкны 105 дугаар салбартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 248 тоот зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл авахдаа хүү маань өөрийн амь насаа “Соёмбо даатгал’ ХХК–д 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар даатгуулж, даатгалын баталгаанд зааснаар зээлдэгчийн амь насны үнэлгээг 14,000,000 төгрөгөөр тохирч даатгалын хураамжид 37,800 төгрөг төлж, даатгалын гэрээ байгуулсан болно. “Соёмбо даатгал” ХХК ийнхүү даатгалын гэрээ байгуулсан болохоо нотолж Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 д заасны дагуу 018 дугаартай тэмдэг дарж, гарын үсэг зурж 00005538 тоот даатгалын баталгааг талийгаачид олгосон. Даатгалын гэрээ байгуулснаас хойш нэг жил зургаан сарын дараа даатгуулагч Н.Ганболд нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барж, даатгалын тохиолдол үүссэн.Талийгаачийг нас барснаас хойш хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр авахаар өргөдөл гаргасан боловч тодорхой хариу өгөлгүйгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан, мөн зохицуулагч байгууллага болох санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан боловч даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас гэртээ нас барсан нь тогтоогдоогүй тул Соёмбо даатгал ХХК –ийн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9/3410 тоотоор нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл,Санхүүгийн зохицуулах хорооны хариуг доор дурдсан үндэслэлээр миний бие хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаяр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгчийн төрсөн хүү талийгаач Н.Ганболд Соёмбо даатгал ХХК-д 2013.05.21-ний өдөр даатгалын гэрээ байгуулсан ба уг даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт амь насаа алдах- даатгуулагч зээлийн гэрээний хугацаанд гэнэтийн шалтгаанаар нас барах тохиолдол байна гэж заажээ.Зохигчдын хооронд байгуулсан даатгалын гэрээний дээрх хэсэг доор дурдсан үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.
Зохигчдын хооронд 2013.04.01-ний өдөр байгуулсан БГ/13/04/31 тоот Хамтран ажиллах гэрээгээр Төрийн банк болон “Соёмбо даатгал” ХХК нь Төрийн банкнаас олгож байгаа зээлийн зээлдэгчийн амь нас, барьцаанд тавьсан эд хөрөнгийг даатгаж байхаар харилцан тохиролцсон байна.
Гэтэл нэхэмжлэгчийн төрсөн хүү талийгаач Н.Ганболд нь Соёмбо даатгал ХХК-д 2013.05.21-ний өдрийн даатгалын гэрээ байгуулсан ба уг даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт амь насаа алдах даатгуулагч зээлийн гэрээний хугацаанд гэнэтийн шалтгаанаар нас барах тохиолдол байна гэсэн зохицуулалтыг оруулснаар Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 тоот тогтоолоор батлагдсан Сайн дурын даатгалын хэлбэр-ийг тайлбарласан зээлдэгчийн амь нас, осол гэмтлийн даатгал энэ хэлбэрт хамаарахгүй гэснийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь сайн дурын даатгалын хэлбэрийн 1.12-д заасан зээлийн даатгалд хамаарахаар зохицуулагч байгууллагаас журамласан байна.
Зээлдэгчийн амь насыг даатгаж байгаа нь зээлийн даатгалын хэлбэрт хамаарах учир уг тогтоолын даатгалын хэлбэрийг тайлбарласан хэсгээс үзэхэд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад зээл төлөх нөхцөл хамаарахаар заасан байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Соёмбо даатгал” XXК нь Н.Ганболдтой 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр даатгалын гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд гэнэтийн шалтгаанаар амь насаа алдсан тохиолдолд даатгал олгогдохоор тодорхойлсон.Даатгуулагч Н.Ганболд нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барж, түүний төрсөн дүү болох Н.Цолмон манай компанид хандан нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэлийн материал ирүүлснийг хүлээн авч хянаад даатгалын гэрээний заалтаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Энэ татгалзлын Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж үзээд “Соёмбо даатгал”-ын татгалзсан үндэслэл зөв байна гэсэн шийдвэр гарсан байдаг. Төрийн банк даатгуулагч хоёрын зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тодорхойгүй байгаа.Өөрөөр хэлбэл гурван өөр үнийн дүн бичээстэй байдаг. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн даатгуулагч Төрийн банктай байгуулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Явуу гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Явуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаачтай 2011 оноос 2015 он хүртэл хамтран амьдарсан.талийгаач Н.Ганболд 2013 оны 05дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас бизнесийн зээл авсан.Банканд дээр очиж зээлийн гэрээ болон даатгалын гэрээнд гарын үсэг зурсан.талийгаачийг нас барснаас хойш би Улаанбаатар хотод ирсэн. Ажил хийдэггүй ямарч орлогогүй, охиныхоо хүүхдийг хараад айлын хашаа хөлслөн амьдардаг болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чанцал нь хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн олговорт 6,795,950.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь даатгуулагч нь Даатгалын тухай хуулийн 10.1.6, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.12-т заасан “даатгуулахаас өмнөх өвчин эмгэг” гэсэн заалтын дагуу нөхөн олговор олгохоос татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь даатгуулагчийн төрсөн ээж нь болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь төрсөн хүү Н.Ганболдын даатгалын гэрээний нөхөн олговрыг шаардах эрхтэй. /хх-ийн 22 дугаар тал/
Даатгуулагч Н.Ганболд болон хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдөр “Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ” байгуулжээ.
Даатгуулагч Н.Ганболд нь 201 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 21, 54 дүгээр талууд/
Н.Ганболд нь бизнесийн зээлийн зориулалтаар14,000,000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төрийн банктай 248 тоот зээлийн болон барьцааны, мөн даатгалын гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Явуу гарын үсэг зурсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна./хх-ийн 8,13,18 дугаар талууд/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “ Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчид тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ”, энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ”1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Явуу нь зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний 50 хувийн үүргийн хүлээх үүрэгтэй байх тул даатгуулагч Н.Ганболдод оногдох хэсэг 3,382,975.10 төгрөгийг “Соёмбо даатгал” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Явуу нь төлбөрийн чадваргүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн үнийн дүнд хангагдсан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч Соёмбо даатгал ХХК-иас 3,382,975.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Чанцалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,405.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96,702.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Чанцалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ