Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00931

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 5 хэсэг Их дарь эхийн 3-5  тоотод оршин суух Боржигон овгийн Лувсанцэрэнгийн Нэргүй/РД:СТ71081201/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-54, УБД 1142 тоотод байрлах Хэвлэлийн хүрээлэн/хуулийн этгээдийн регистрийн дугаар 1022601/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-54, УБД 1142 тоотод байрлах Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургууль/хуулийн этгээдийн регистрийн дугаар 8180717/-д холбогдох

Ажилласан хугацааны цалин, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийх, хүн амын орлогын албан татвар төлөөгүйн улмаас хүүхдүүдийн сургалтын төлбөрийн хөнгөлт 272,200 төгрөг нийт 1,517,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагч Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөгч Б.Энхтуяа, Сэтгүүлч дээд сургуулийн төлөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургуульд номын санч, мэдээллийн ажилтан гэх ажлын байранд коллежийн гүйцэтгэх захирлын 14/24 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар ажилд томилогдсон.

2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш манай  байгууллага нь нийт ажилчдынхаа цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг олгохгүй, цаг хугацаа хойшлуулж элдэв тайлбар шалтаг тооцож өдийг хүрсэн.

Миний хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-нд цалингийн урьдчилгаа болох 100,00 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бэлнээр 200,000 төгрөгийг тус тус авсан.

 

Одоогоор миний бие тус сургуульдаа ажлаа хийж өдөр тутам ажил үүргээ 100 хувь биелүүлж байгаа болно.

Сургууль цалингаа цаг тухай бүрд олгоогүй, цалингаас суутгадаг суутгал татварыг сар бүрд зохих байгууллагад тушаагаагүй учир би өөрийн төрсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийн татварын хөнгөлтийг эдэлж чадсангүй.Миний хувьд  ажил олгогч байгууллагаас хүн амын орлогын албан татварыг цаг тухай бүрд  тушаасан бол хүүхдүүдийнхээ сургалтын 10 хувийн буцаан олголтыг татварын байгууллагаас авах боломжтой байсан ба энэ эрх маань хаагдсан.

Хүү А.Амгаланбаатар ШУТИС, бага охин А.Ичинхорлоо АШУҮИС-д тус тус сурдаг болно.

Иймд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэнгээс 2016 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 348,450 төгрөг, 02 дугаар сарын цалин 448,450 төгрөг, 03 дугаар сарын цалин 448,450 төгрөг нийт 1,245,450 төгрөг, Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийх, хүүхдүүдийн  сургалтын  төлбөрийн татварын хөнгөлтийн буцаан олголт 272,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгүүлч дээд сургууль 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш  цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг олгохгүй, нийгмийн даатгалын бичилт хийгдээгүй. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цалингийн урьдчилгаа болох 100,000 төгрөгийг дансаар, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бэлнээр 200,000 төгрөг тус тус авсан. Үндсэн цалин 545,000 төгрөгөөс татвар, даатгалын шимтгэл хасагдаад 448,450 төгрөг хүлээж авдаг байсан. Цалингаа цаг тухай бүрт нь олгоогүй, цалингаас суутгалдаг суутгал, татварыг сар бүрт зохих байгуулагад нь тушаагаагүй улмаас 2 хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж чадаагүй. Иймд хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүлч дээд сургуулиас 2014 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 348.450 төгрөг, 02 дугаар сарын цалин 448.450 төгрөг, 03 дугаар сарын цалингийн үлдэгдэл 448.450 төгрөг нийт 1.245.450 төгрөг, Нийгмийн даатсагалын сангийн лавлагааг авч хараихад 2016 оны 01-03 дугаар сарын нийгмийн даатгалын татварыг нөхөн төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байгаа нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн дэвтэрт бичилт хийлгэх, хүн амын орлогын албан татварыг тушаалгах, А.Амгаланбаатар, А.Ичинхорлоо нарын сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийн буцаан олголт 272.000 төгрөгийг гаргуулж өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Хэвлэлийн хүрээлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Нэргүй нь Хэвлэлийн хүрээлэн ТББ-аас 2016 оны 01 дүгээр сарын цалингийн үлдэгдэл 348,450 төгрөг, 2 дугаар сарын цалин 448,450 төгрөг, 3 дугаар сарын цалин 448,450 төгрөг нийт 1,245,450 төгрөгийг,хүүхдүүдийн сургалтын төлбөрийн буцаан олголт 272,200 төгрөг нийт 1,517,650 төгрөгийг, Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлэх дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Л.Нэргүй нь Сэтгүүлч дээд сургуулийн захирлын 2014.11.14-ний өдрийн 14/24 дугаартай тушаалаар  номын санч, мэдээллийн  ажилтнаар ажилд орсон байна.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь гэрээний үндсэн дээр  хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

Сэтгүүлч коллеж ТББ нь биеэ даасан хуулийн этгээд тул ажилтныхаа өмнө хариуцлага өөрөө хүлээх хууль зүйн үндэслэлтэй байх тул Хэвлэлийн хүрээлэн төрийн бус  байгууллага  дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хэвлэлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хэвлэлийн хүрээлэн ТББ бол нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Л.Нэргүй нь Сэтгүүлч дээд сургуулийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14/24 тушаалаар номын санч, мэдээллийн ажилтнаар гэсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015-2016 оны хичээлийн жилд 2015.10.01-нд Сэтгүүлч дээд сургуулийн гүйцэтгэх захирал Л.Баярдалайтай хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 3.9–д тус тус зааснаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг заагдсан. Сэтгүүлч дээд сургууль 2015.06.26-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэдэж 9025001073 тоот гэрчилгээг авсан. Энэхүү хоёр байгууллага нь хоёулаа ТББ-ын дүрэмтэй, Хамтран ажиллах гэрээ-г 2015.04.06-ны өдөр байгуулж талууд гарын үсэг зуж баталгаажуулсан. Хэвлэлийн хүрээлэн ТББ бол Сэтгүүлч дээд сургуулийг үүсгэн байгуулсан боловч тус тусдаа биеэ даасан хуулийн этгээд болох хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно.Түүнчлэн Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлч дээд сургуулийн  хамтран ажиллах гэрээ-ний 2.2.1- д байгууллага нь санхүүгийн хувьд биеэ даасан, хуулийн этгээдийн хувьд санхүүгийн үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн хууль, татварын багц хууль болон холбогдох бусад хууль дүрмийн  хүрээнд бие биенээсэ хараат бус байна гэсэн байдлаар нэг нь нөгөө байгууллагынхаа өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж  гэрээнд маш тодорхой заасан. Хэвлэлийн хүрээлэнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэргэсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэтгүүл дээд сургууль шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн цалингийн зөрүү, хүн амын албан татвар, нийгмийн даатгалын албан татвар,  хүүхдүүдийн сургалтын төлбөрийн татварын  хөнгөлөлтийн буцаан олголт болох 272,200 төгрөгийг сургууль бус хариуцлага алдсан тодорхой албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаас гаргуулах асуудлыг шийдвэрлэх  хэрэгтэй. Учир нь:  түүнтэй  тус сургуулийн удирдах зөвлөлийн даргын 2016.01.22-нд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5-д “хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нь  нөгөө талдаа учруулсан хохирлыг төлнө” гэсэн заалт байгаа Мөн сургуулийн дүрмээр хүлээсэн түүний үүрэг хариуцлагыг удаа дараа сануулсан Л.Баярдалайтай холбоотой албан бичиг тогтоол шийдвэрийг хавсаргав. Тухайлбал 2016.05.10-ны өдрийн дугаар 1 тогтоолын гуравт “багш ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангаж, цалин ,нийгмийн  даатгал болон  хүн амын орлогын  албан татварын шимтгэлийн асуудлыг хариуцан шийдвэрлэж, хуримтлагдсан өрийг төлж барагдуулна” гэсэн гүйцэтгэх захирлын амлалтыг хурал дээр сонссон, хүлээн авсны  үндсэн дээр үүсгэн байгуулагчийн Удирдах зөвлөлд гүйцэтгэх захирлын зүгээс өмнө нь албан ёсоор бичгээр мэдэгдсэн хуримтлагдсан өрийг төлөх хуваариа хэрэгжүүлэхийг Л.Баярдалайд үүрэг болгосугай гэсэн байна.Тиймээс анхан шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагч талын тайлбарыг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна гэв.

Хариуцагч Сэтгүүлч дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:иргэн Л.Нэргүй авах ёстой цалин, тушаалгах ёстой татвар, эдгээрийг цаг тухайд нь төлөгдөөгүй улмаас татварын буцаан олголтыг авч чадаагүй учраас Хэвлэлийн хүрээлэн болон Сэтгүүлч дээд сургуулиас нэхэмжлээд байгаа юм.

Сургуулийн 60 хувь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байгаа учраас Хэвлэлийн хүрээлэн тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж үзнэ. Хүрээлэн н.Баярдалай захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж байсан гэдэг утгаараа хамааралтай гэж үзэж байна.

Сэтгүүлч дээд сургуулийн хувьд ХАОА татвар 2016 онд огт төлөгдөөгүй, 2015 оны 8,9 дүгээр сар дээр нөхөн төлөлт хийгдээд явж байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын мэдээллийн санд Л.Нэргүйн мэдээлэл орчихсон байгаа. ХАОАТатвар 2014 оны 11  дүгээр сараас хойш төлөлт  нөхөн хийгдээд байгаа 2015 оных огт хийгдээгүй. Нэхэмжлэгч нь тус сургуулиас нэхэмжилсэн 2016 оны 1-4 дүгээр сарын цалингийн нийт үлдэгдэл 1,345,420 төгрөг болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн мөнгөн дүн зөрүүтэй байгаа. Манайхаас 1,345,420 төгрөгийг өгнө гэж тухайн үед цалингийн  нягтлангийн гаргаж өгсөн тооцоогоор нотлогдоно. Татварын хөнгөлөлтын мөнгийг хариуцлага алдсан Баярдалайгаас гаргуулж өгнө үү.  Нийгмийн даатгалын төлөлт төлөвлөгөөт хуваарийн дагуу төлөлт хийгдэж байгаа гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалингийн зөрүү, хүн амын орлогын албан татвар,нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийх, хүн амын орлогын албан татвар төлөөгүйн улмаас хүүхдүүдийн сургалтын төлбөрийн хөнгөлтөд 272,200 төгрөг нийт 1,517,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хэвлэлийн хүрээлэн хоёр байгууллага тусдаа бие даасан байгууллага нэхэмжлэгч нь сэтгүүлч дээд сургуультай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Сэтгүүлч дээд сургууль албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул сургууль бус хариуцлага алдсан тодорхой албан тушаалтан хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хугацаанд цалингийн зөрүү 1,245,450 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14/24  тушаалаар номын санч, мэдээлэл зүйн ажилтнаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж  байжээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх хөнгөлөлтийг эдлэх эрхтэй” гэж зааснаар Сэтгүүлч дээд сургуулиас цалин хөлсний зөрүүг шаардах эрхтэй.                                                                                                                                         

Хэвлэлийн хүрээлэн нь Сэтгүүлч дээд сургуулийн үүсгэн байгуулагч ба 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Сэтгүүлч Дээд сургууль нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 9025001073 улсын бүртгэлд бүртгэгдэж, дээд боловсрол олгох үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, Боловсрол,Соёл Шинжлэх Ухааны яамны 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 200401 дугаар бүхий “Сургалтын ажил эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй, өөрийн дүрэмтэй биеэ даасан хуулийн этгээд байна./хх-ийн 31-36, 83-86 дугаар тал                                                                      

Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын цалин хөлсний зөрүү 1,245,450 төгрөгийн нэхэмжилсэн  ба түүний  сарын дундаж цалин 545,500 төгрөг байна. /хх-ийн 5 дугаар тал/

Талууд цалин хөлс дутуу олгож байсан талаар маргаагүй, хариуцагч 1,136,210 төгрөг өглөгийн өртэй, нэхэмжлэгчийн дансаар 100,000 төгрөг, бэлнээр 300,000/100,000+200,000/төгрөгийг тус тус өгсөн гэж маргаж байгаа боловч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх 100,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтыг үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны 473011880 дансаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэтгүүлч дээд сургуулиас цалин 100,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна./хх-ийн 88-90 дүгээр тал/

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж заасны дагуу Сэтгүүлч дээд сургуулиас1,245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хэвлэлийн хүрээлэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2.    Хүн амын орлогын болон нийгмийн  даатгалын шимтгэл төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч Сэтгүүлч дээд сургууль нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг /2016 оны 01-03 дугаар сар/ нөхөж төлсөн нь зохигчдын тайлбар, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв./хх—ийн 87 дугаар/

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 -т “.........түүнд  зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 14.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар ажил олгогч нь цалин хөлс тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүргийг тус тус хуулиар хүлээсэн байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, хувь хүний албан татварыг нөхөн улсын төсөвт тушаахыг Сэтгүүлч дээд сургуульд үүрэг болгов.

3.Хүүхдүүдийн сургалтын төлбөрийн буцаан олголт болох 272,200 төгрөг гаргуулах  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч хүү А.Амгаланбаатрын төлбөрт 2015 онд ШУТИС –ийн Эрчим хүчний сургуульд 1,472,000 төгрөг, охин А.Ичинхорлоогийн төлбөрт АШУИСургуульд 1,250,000 төгрөгийг тус тус төлсөн  нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн 10-15 дугаар талууд/

Нэхэмжлэгч нь Хувь хүний албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж зааснаар хүүхдүүдийн сургалтын  төлбөрийн  буцаан олголтыг авах эрхтэй.

Хувь хүний албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1–д ”Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь Сэтгүүлч дээд сургууль үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлтээс хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 “үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохирол тооцно”, энэ хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул сургалтын төлбөрийн буцаан олголт болох 272,200 төгрөгийг Сэтгүүлч дээд сургуулиас гаргуулж Л.Нэргүйд олгохоор шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж хариуцагч Сэтгүүлч дээд сургуулиас 39,232 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.          

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1 -д тус тус заасныг баримтлан Сэтгүүлч дээд сургуулиас 1,517,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нэргүйд олгож, хариуцагч Хэвлэлийн Хүрээлэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, хувь хүний орлогын албан татварыг төлөхийг Сэтгүүлч дээд сургуульд үүрэг  болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж хариуцагч Сэтгүүлч дээд сургуулиас 39,232 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ