| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0015/Э |
| Дугаар | 023 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 023
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 1913003980270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, М.м овогт Х-ы Б, 1990 оны 02 дугаар сарын сарын 25-ны төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн У сум, 4-р баг, Согоогт оршин суудаг үндсэн хаягтай, ам бүл 4, аав, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БК................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед БӨ аймгийн У сумын 4 дүгээр багийн иргэн Ж.А-ы гэрээс Жи мобайл нэртэй хар өнгийн суурин утасны аппаратыг хулгайлан 60000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 1913003170193 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
3.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-13-р хуудас/,
4.Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/,
5. Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 22-23-р хуудас/,
“...охин болох К-н гэрт орой хүртэл байж өглөө ирсэн үед байшингийн цоожийг эвдэж явсан байна. Тэгээд гэрт ороход жи мобайл маркийн суурин утас гэрийн баруун хэсгийн буюу зурагтын хажуу ширээнд тавьсан алга байв. Би алдагдсан гэх жи мобайлын суурин утсаа бүрэн бүтэн хүлээж авсан одоо Х.Б-аас нэхэмжлэх зүйл надад байхгүй...” гэх мэдүүлэг,
6.Гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 27-28-р хуудас/,
“....эмээгийн байшинд очиж үзсэн цоожны хэсгийн банз эвдэрсэн байдалтай байсан. Надад жи мобайл суурин утас алдагдсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгч Х.Б-ы хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: /хх-ийн 40-41-р хуудас/,
“Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр цайллаганд ороод 19 цагийн үес цайллагаас гараад архи уумаар санагдаад байсан боловч надад архи авах мөнгө байхгүй болохоор мөнгө олох санаа төрж, А.С-ы цайллагад дээр Ж.А гэгч эмээ уг цайллагад байсныг харсан учир тэдний гэрт орж эд зүйл авах санаа төрсөн юм. Тэгээд замдаа нэг хадаас авч Ж.А-ы гэрт очиход байшингийн хаалга хятад дунд зэргийн цоожоор цоожлогдсон байсан. Тэдний байшингийн орчимд хүн харагдахгүй, гадна орчин харанхуй, чимээгүй байсан. Тэгээд би иргэн Ж.А-ы байшингийн хаалгыг цоожилсон дунд зэргийн хятад цоожийг хавтгай цүүгийн хамт авч очсон төмөр хадаасаар гөнжихөд хавтгай цүү цоожны хамт сугаран гарч хаалга онгойсон юм. Тэгээд хаалгаар дотогшоо ороход байшин дотор харанхуй байсан тул халаасанд байсан асаагуурын гэрлээр тусгаж гэрийн хоймор хэсэгт ширээ дээр байсан зурагтын хажууд байсан Жи-Мобайлын суурин утас харагдсан юм. Тэр үед юу ч бодолгүй шууд уг суурин гар утсыг авч хувцасны өвөртөө нууж хийгээд авч гэрээс гарч гэрийнхээ зүг рүү гүйгээд явсан юм. Тухайн үед Ж.А-ы гэрийн хаалгыг зүгээр хаагаад явчихсан юм. Тэдний гэр дотроос ямар ч эд зүйл аваагүй, бусад өрөө рүү ороогүй. Цоож цүүг Ж.А-ы гэрээс 100 орчим метр явсны дараа хаячихсан юм. Тэгээд би утсыг өвөрт нууж өөрийн гэрт очсон. Гэрт очоод уг утсыг өөрийн гэрт орны доор нууж тавьсан. Би анх уг утсыг худалдаж мөнгө олох санаагаар авсан боловч дараа нь худалдахаас айгаад уг утсыг гэрт нууж тавьсан байсан юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн гадуур явж байгаад манай багийн Социализмын гэрт очсон. Би гэрт нь очиход С нь хэвтэж байсан ба надад би өчигдөр архи уусан, одоо толгой өвдөж байна чи надад архи авч өгөх үү гэхээр нь би өөрийн гэрт байсан А түрүү нэртэй 0,5 граммын нэг шил архи авч буцаад Сын гэрт очиж уг нэг шил архиа уугаад буцаж гараад нөгөө архиа гудамжинд ууж байгаад салсан юм. Иргэн Ж.А-ы байшингаас зөвшөөрөлгүй орж эд зүйл хулгайлсан, хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлж авсан суурин гар утсыг цагдаад хураалгасан. Уг суурин гар утсыг Ж.А-д цагдаа нар буцааж өгсөн юм. Тэгээд би Ж.А-аас уучлалтаа гуйсан. Хулгай хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
8. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1157 дугаартай “Х овогтой Б /БК.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:БК**********, овог: М.м, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:БӨ , У , төрсөн огноо:1990-02-25, хаяг:БӨ , У , 0-р баг, Согоог, хүчинтэй хугацаа:2035-02-25, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46,50/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэн Б /БК**********/-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 49/,
- БӨ аймгийн У сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “ Тус сумын 4-р багийн иргэн Х овогтой Б нь ам бүл 5, аав, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Х.Б нь төлөв даруу зантай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Урд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 51/,
- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.
Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Ж.А-д хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б иргэн Ж.А-ы байшингийн хаалганы цоожийг эвдэлж хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах орон байранд хамаарна.
Иймд шүүгдэгч Х.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.Б-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 60,000 төгрөгийн үнэтэй “Жи мобайлын суурин утасны аппарат”-ыг хулгайлснаас хохирогч Ж.А-д 60,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дугаар хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.
Хохирогч Ж.А-д мөрдөн байцаалтын шатанд “Жи мобайлын суурин утасны аппарат”-ыг биет байдлаар хүлээж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Х.Б-ы нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн /52 дүгээр/ хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэгт нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хохирогч Ж.А-д төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Х.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.м овогт Х-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК