Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 061

 

         БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

            Хэлмэрч, орчуулагч А.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913004020282 дугаартай, шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 32 настай эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт БӨ аймгийн Ц сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б-гийн Х, регистрийн дугаар БЭ....................

2. Монгол Улсын харьяат, 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 37 настай, эрэгтэй, яс үндэс казах. бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-ы Б-, регистрийн дугаар БЛ..............

3. Монгол Улсын харьяат, 1984 оны 12 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах бүрэн бус дунд боловсролтой,         мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт БӨ аймгийн Ц сумын 5-р багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай. урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б.к овогт Б-ийн Ө-, регистрийн дугаар БЛ....................

 

            Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө БӨ аймгийн Ц сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “СС Монголия” ХХК-ны Гянтболдын уурхайн штолоос 39 кг вольфрам чулуу хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Бид нар уурхайд очсон нь үнэн. Тухайн газарт ямар ч харуул хамгаалалт байхгүй байсан. Уурхайгаас 800 км зайтай газраас вольфрам чулууг түүж авсан. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байна.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Б.Х, Б.Ө бид гурав юм ачиж авахаар явсан. Тухайн үед Б.Х надад машинаа засуулаад, тэгээд Могойтын гүүрэнд байдаг гэрээс нь эд хогшил ачин гэхээр машиныг нь шалгах гэж дагаж явсан. Могойт дахь гэрээс нь эд хогшлыг нь ачаад, Б.Х-ын нагац ахын гэрт очсон. Тэгээд уурхайгаас чулуу авъя гэж, 39 кг чулуу түүж аваад, гурвуулаа хуваагаад үүрч, машиндаа ачаад, сумын төвд ирсэн. Тухайн үед харуул хамгаалалтын ажилтан, ямар нэгэн хүнтэй тааралдаагүй.Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “Б.Х, Х.Б хоёр манайд ирээд Б.Х “би Могойт дахь гэрээсээ эд хогшил авна. Та хамт очоод ачилцах” гэхээр нь дагаж явсан. Могойт дахь гэрээс нь эд хогшлыг ачиж аваад Б.Х-ын нагац ах Мангилик гэдэг хүний гэрт ирж, цай уусан. Дараа нь чулуу түүж авъя гэж, чулуугаа түүж авсны дараа машиндаа ачаад сумын төв руу явсан. Би урьд нь тэнд очиж байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

 

Эрүүгийн 1913004020282 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,

5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18-р хуудас/

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21-р хуудас/,

7. Иргэн Б.Х-ын тээврийн хэрэгслээс хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26-р хуудас/,

8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27-28-р хуудас/,

9. Эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай; диаметр нь 3 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 9 см урттай толгойтой 25 см урттай иштэй алх 1 ш, 30 см урттай. диаметр нь 2,5 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 12 см урттай толгойтой, 28 см урттай иштэй алх 1 ш /хх-ийн 31-32-р хуудас/,

10. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 049/05 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

11. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19/46 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-76-р хуудас/,

12. СС Монголия ХХК-ны эзэмшил газрын талаарх координатын зураглал /хх-ийн 127-129-р хуудас/,

13. Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 125-р хуудас/

“... Манай компанид нийт 5 штоль, 3 углон байгаа штолуудын амыг шороогоор битүүлж хүн орохгүй болгож хаасан байгаа. Харуул хамгаалалтын албаны хүмүүс бол очиж харах ёстой. Гэхдээ одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор байнга очиж хараад байдаггүй, тэгээд ч харуулын байрнаас зайтай хол байдаг. Ойролцоогоор 700 метр хол зайтай.” гэх мэдүүлэг,

14. Иргэний нэхэмжлэгч А.Энхбаярын 2019.12.27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 41-р хуудас/,

 “...Миний бие “СС Монголия” ХХК-ны иргэний нэхэмжлэгч буюу уг компани хохирогчоор орж байгаа. Яллагдагч Б.Х, Б.Ө, Х.Б нар манай уурхайгаас вольформ чулуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч надаас уучлалтаа гуйсан байгаа. Яллагдагч Б.Х-, Б.Ө-, Х.Б- нарын манай уурхайгаас хулгайлан авсан 39 кг вольфром чулууг хэсгийг төлөөлөгч тухайн үед хураан авч миний хажууд хэмжиж хураан аваад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр надад 39 кг хураан авсан вольфром чулууг надад хүлээлгэн өгсөн юм. Одоо Яллагдагч Б.Х, Б.Ө, Х.Б нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

15. Шүүгдэгч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 94-95/,

“...Тухайн өдөр нь орой 18 цагийн үед хөрш болох Бота буюу Б.Х-тай хамт ус авч байхад Б.Х уурхай яваад ирье, өвөлжөөнөөс ачиж ирэх хэдэн зүйл байна гэхээр би зөвшөөрч бид хоёр Могойтын гүүрний аманд байдаг Б.Х-ын өвөлжөө очихоор болж Б.Х-ын фургонтой явахаар болсон. Тэгээд Б.Х машины доогуур дуу гараад байгаа машин сайн мэддэг манай сумын залуу Х.Б руу залгаж хамт өвөлжөө ороод ирье гэж хэлээд тэдний гэрт бид хоёр яваад очсон юм. Биднийг очиход Х.Б лапатик, алх хоёрыг машинд тавиад суусан ба бид 18 цаг өнгөрөөд сумын төвөөс гарах гэж байхад К.Б таарч та нар хаашаа явж байна гэхэд бид Могойтын гүүр лүү яваад ирнэ гэж хэлэхэд К.Б өнөөдөртөө багтаад ирэх юм бол би та нартай хамт Шакен гэх газарт очиж идэшний малаа хараад ирье гэхээр нь бид зөвшөөрч хамт явцгаасан ба замдаа Б.Х-ын өвөлжөөний байшингаас лист төмөр, төмөр сандал. кабелийн утас, урд төмөр, тог салгагч зэрэг эд зүйлсийг ачаад дараа нь цаашаа цай идээд буцах замдаа Х.Б, Б.Х бид гурав Гянтболдын уурхайгаас хүмүүс чулуу, вольфром түүж байгаа гэсэн хэдүүлээ орж чулуу түүх үү гэж ярилцаад чулуу түүхээр болж, уурхайн дээд талд байдаг штоль буюу уурхайн жижиг амруу орж бид нар ойролцоогоор 20 орчим кг чулуу түүж аваад машиндаа ачаад дахин К.Б-ийг аваад бид дөрөв сум руу хөдөлсөн юм. Буцах замдаа машины дугуй хагараад түүнийг сольж аваад үүрээр 05 цагийн үед орж ирэхэд сумын цагдаа нарт баригдаж машиныг маань цагдаагийн хашаанд оруулж саатуулсан юм” гэх мэдүүлэг.

16. Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 91-92/

 “...Тухайн өдөр нь өглөөнөөс орой 17 цагийн хооронд сумын төвд байгаа гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд байж байсан. Тэгээд гэртээ сууж байхад миний 95932993 дугаартай гар утас руу Б.Х буюу /хоч нэр нь Б/ нь залгаж, Могойтын гүүрний аманд байдаг өвөлжөөний байшингаас жижиг сажиг хэрэгтэй эд зүйлс авч ирэх хэрэгтэй байна та хамт яваад өгөөч, миний машины доод хэсэгт дуу чимээ гараад байна гэж хэлэхээр би зөвшөөрсөн юм. Удалгүй манай гэрт ирэхэд Б.Ө-ийн хамт хүрээд ирсэн. Тэгээд бид гурав сумын төвөөс гарах гэж байхад К.Б-таарч та нар хаашаа явж байна гэхэд бид Могойтын гүүр лүү яваад ирнэ гэж хэлэхэд К.Б өнөөдөртөө багтаад ирэх бол юм би та нартай хамт Шакен гэх газарт очиж идэшний малаа хараад ирье гэхээр нь бид зөвшөөрч хамт явцгаасан ба К.Б-ийн Шакен гэх газарт өвөлжиж буй Д.А-гийн гэрт нь очно, миний мал сүрэг тэнд байгаа гэхээр нь бид Д.А-гийн гэрт нь очиж К.Б-ийг тэндээ үлдээгээд буцахдаа ирж авъя гэж хэлээд Б.Х, Б.Ө бид гурав буцаж уурхай луу явсан ба Б.Х /хоч нэр нь Б/-ын уурхайн доод талд өвөлжиж буй нагац ах нь Т.М-ийн гэрт нь очиж цай ууж, хоол идсэн. Тэгээд орой 23 цагийн үед тэр гэрээс гараад уурхайн гадна талд нь байдаг штоль руу очоод цаг гаруй газар ухсан. Тэгээд бид тэндээс барагцаалбал 20 килограмм гаруй чулуу ухаж аваад сум руу буцсан. Тэгээд буцаад сумын төв рүү явахдаа К.Б-ийг аваад сумын төв рүү явсан юм. Буцах замдаа машины дугуй хагараад түүнийг сольж аваад үүрээр 05 цагийн үед орж ирэхэд сумын цагдаа нарт баригдаж машиныг маань цагдаагийн хашаанд оруулж саатуулсан юмаа            ” гэх мэдүүлэг,

17. Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 88-89/

“...Миний бие тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой 18 цагийн үед өөрийн фургон буюу УАЗ-3909 маркийн 9245 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ сумын төвөөс хөрш болох Б.Ө, Х.Б, К.Б нарын хамт сумын төвөөс Могойтын гүүрийн аманд байдаг өвөлжөөний байшинд очиж машиндаа жижиг сажиг эд зүйлсээ ачаад Гянтболдын уурхайгаас цаана байдаг Шакен гэх газарт байдаг К.Б-ийн идэшний мал дээр очоод К.Б-ийг тэндээ буулгаад сумын төв рүү ирэх замдаа бид Гянтболдын уурхайгаас хүмүүс чулуу, вольфром түүж байгаа гэсэн хэдүүлээ орж түүхээр болж, уурхайн дээд талд байдаг штоль буюу уурхайн жижиг амруу орж бид нар ойролцоогоор 20 орчин кг чулуу түүж аваад машиндаа ачаад, дахин К.Б-ийг аваад бид дөрөв сум руу орж яваад сумын цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг,

 

18. Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч Б.Х, Б.Ө нар урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98,100/,

- Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/1143 дугаартай “Х.Б /БЛ............./-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Ц сумын 8-р багт байршилтай 96 м.кв талбайтай, Ү-0212000276 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байршилтай 811 м.кв талбайтай Г-0212000145 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Б.Ө /БЛ.................../-ийн нэр дээр Ц сумын 9-р багт байршилтай 64 м.кв талбайтай Ү-0212000445 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 700 м.кв талбайтай Г-0212000550 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус бүртгэгдсэн байна.

Б.Х /БЭ.................../-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна.

Б.Х нь 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 183 тоот зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан бүртгэлтэй байна. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тул цахим үнэмлэхийн лавлагаа гарах боломжгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 107/,

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ............., овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1982/07/08, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, хаяг:Баян-Өлгий, Ц 8-р баг, Партизан, бүртгэлийн дугаар:833734832193, хүчинтэй хугацаа:2027/07/08, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108/,

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ..................., овог:Б.к, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Ө, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1984/12/29, төрсөн газар:Баян-Өлгий, Ц , хаяг:Баян-Өлгий, Ц 5-р баг, Бор бургас, бүртгэлийн дугаар:833703811396, хүчинтэй хугацаа:2029/12/29, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109/,

- БӨ аймгийн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн “Ц сумын 5 дугаар багийн иргэн Б овогтой Ө нь БЛ................... тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.Ө нь урд өмнө хэрэг төвөгт холбогдоогүй, ял шийтгэл эдлээгүй болно” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж гянтболдын баяжмал хулгайлснаас хохирогч “СС Монголия” ХХК-д 468,000 /дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч “СС Монголия” ХХК-д учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Х, Б.Ө нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Харин шүүгдэгч Х.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х, Б.Ө нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 98,100 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 99 дүгээр хуудас/ тус тус тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.  Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нарын тус бүрт БӨ аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай диаметр нь 3 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 9 см урттай толгойтой 25 см урттай иштэй алх 1 ш, 30 см урттай диаметр нь 2,5 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 12 см урттай толгойтой, 28 см урттай иштэй алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нар нь хохирогчид төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Б.Х-ын өмчлөлийн УАЗ-3909” маркийн 92-45 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х, Х.Б, Б.Ө нарт нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С овогт Б-гийн Х, Х овогт Х-ы Б, Б.к овогт Б-ийн Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нарын тус бүрийг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай, диаметр нь 3 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 9 см урттай толгойтой 25 см урттай иштэй алх 1 ш, 30 см урттай диаметр нь 2,5 см хэмжээтэй цул төмөр 1 ш, 12 см урттай толгойтой, 28 см урттай иштэй алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Х-ын өмчлөлийн “УАЗ-3909” маркийн 92-45 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Х, Б.Ө, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК