| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0056/Э |
| Дугаар | 065 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 065
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч, хяналтын прокурор М.П,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч К.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ш-т холбогдох 2013000440034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БӨ аймгийн Ц суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4хүүхдийн хамт амьдардаг, Ц сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт К-ийн Ш, РД: БЛ..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Ш нь 2019 оны 10 дугаар сарын дунд үеэр тус багийн нутаг дэвсгэр “Бор бургас” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 0.9745 м.куб нойтон шинэс мод бэлтгэж, улмаар иргэн К.Ү-ын эзэмшлийн “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Ш мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000440034 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагнууд /хх-ийн 10-15-рх/,
3. Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагнууд /хх-ийн 16-19, 22-23-рх/,
4. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27-рх/,
5. Иргэний нэхэмжлэгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-32-рх/
“...К.Ш надаас болон манай байгаль хамгаалагч нараас мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй. Миний бие аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы дүгнэлттэй танилцлаа. К.Ш шинжээчийн дүгнэлтээр 357.836 төгрөгийн хохирол учруулсан байсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлөх ёстой. Ингэхлээр 1.073.600 төгрөг болж байгаа. Үүнээс 400.000 төгрөгийг Төрийн сангийн санд хийсэн ба үлдсэн 673.600 төгрөгийг хэрэг шийдвэрлэхээс өмнө барагдуулах талаар К.Ш өөрөө хэлсэн. Учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байгаа” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч К.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 53-55-рх/
“...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ Ц сумын нутаг дэвсгэр “Бор бургас” гэх газарт очиж ганцаараа эхлээд шинэс гэх нойтон мод бэлдэж тавиад хоёр хоногийн дараа авга ах К.Ү-ын “Зил-130” маркийн машиныг гуйж авсан. Тухайн үед би ах К.Ү-ад хаваржааныхаа байшинд хөрзөн буулгах гэсэн гэж авсан. Тэгээд “Бор бургас” гэх газраас бэлдсэн нойтон шинэс модоо ачиж, “Ц говь” гэх газарт байдаг хаваржаандаа буулгасан. Би ганцаараа сүх ашиглаж бэлдсэн. Тусгай зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Шүүгдэгч К.Ш нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,
- БӨ аймгийн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Тус сумын иргэн К овогтой Ш нь БЛ............. тоот регистрийн дугаартай, 3 дугаар багт оршин суудаг. К.Ш нь тус багийн нэн ядуу өрх болох Шерик овогтой Унатыг туслах малчнаар авч амьдрал ахуйд нь тусалж байгаа болно. Ш.У нь 3 хүүхэдтэй бөгөөд ам бүл 5. Урд өмнө хэрэг зөрчилд холбогдоогүй болно. Ам бүл 6, сумын төвөөс 36 км зайтай Хотон харгай гэх газарт амьдардаг. Элдэв муу зуршилгүй, жирин нэгэн малчин хүн болно.” гэх тодорхойлолт /хх-ийн 59-60/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/193 дугаартай “К.Ш-ын /БЛ............./ нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 66/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ............., овог:Уах, эцэг /эх/-ийн нэр:К, Нэр:Ш, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1986/11/20, төрсөн газар: БӨ , Ц , хаяг:БӨ , Ц 3-р баг, Ц түнгэ, бүртгэлийн дугаар:833733241866, хүчинтэй хугацаа:2031/11/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч К.Ш-ын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч К.Ш нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын дундуур “Бор бургас” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар 0,9745 м/куб/ /сийрэг шоо метр/ нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо ачиж “Ц говь” гэх газарт байдаг хаваржаандаа буулгаснаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч К.Ш нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “Бор бургас” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 0,9745 м/куб/ /сийрэг шоо метр/ нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.
Иймд шүүгдэгч К.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч К.Ш-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 1073600 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч А.Д ийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Ш-ын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 1073600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1073600 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны 2020 оны 02 дугаар сарын 18, 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон хамгийн бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 100 ширхэг буюу 0,9745 м.куб нойтон шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг БӨ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Ш-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ЗИЛ-130” маркийн 89-51 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн К.Ү-ын эзэмшлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч К.Ү-ын мэдүүлэг, шүүгдэгч К.Ш-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” , 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “...энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн К.Ү-ын эзэмшлийн 600000 төгрөгийн үнэ бүхий 89-51 БӨА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч К.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт К-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ш-ыг 450 “дөрвөн тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ш нь ойн санд учруулсан хохиролд 1070000 /нэг сая далан мянга/ төгрөгийг төлж барагдуулсныг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 100 ширхэг буюу 0,9745 м.куб нойтон шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг БӨ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэн К.Ү-ын эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “ЗИЛ-130” маркийн 8951 БӨА улсын дугаартай, 600,000-700,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгч К.Ш-аас гаргуулж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч К.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК