Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00793

 

 

                            

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 гудамж 60 тоотод оршин суух Гонгорын Янжинлхам,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 100-200 тоотод оршин суух Дамдинсүрэнгийн Гонгор нарт холбогдох иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны  9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Янжинлхам хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Гонгор нар 2013.12.03-ны өдөр Хас банктай 1480007805 дугаартай зээлийн гэрээг байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг 360 хоногт 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Г.Янжинлхам, Д.Гонгор нар нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 гудамж 60 тоотод амьдардаг байсан ба иргэний үнэмлэхийн хаяг нь уг хаягаар байсан.

Зээлдэгч Г.Янжинлхам, Д.Гонгор нар зээлийн гэрээний 1 дүгээр  хавсралтад тусгасан  зээлийн  эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ сар бүр төлөх  үүрэгтэй боловч 2014.10.27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлөөгүй нь 1480007805 дугаартай зээлийн гэрээний 3.2.1,3.2.2 заалтууд дахь үүргээ зөрчиж байна.

Зээлдэгч Г.Янжинлхам, Д.Гонгор нар ажлаасаа гарч гэрийн хаягаар очиход амьдардаггүй гэсэн. Шилжилт бүртгэгдсэн хаягт мөн адил байхгүй. Г.Янжинлхамын 99908409, 89018400, Д.Гонгорын 91395257 дугаарууд холбогдохгүй. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооноос тодруулахад  бүртгэлтэй боловч  тухайн хаягт дээрээ оршин суудаггүй гэсэн хариу өгсөн. Дээрх байдлаас зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй санаатайгаар зайлсхийж байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Янжинлхам, Д.Гонгор нарыг эрэн сурвалжлуулах шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

            Г.Янжинлхам үүрэг гүйцэтгэгч Д.Гонгор нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаагаас гадна тэрээр албан ёсны хаягтаа байхгүй түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Г.Янжинлхам хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 гудамж 60 тоотод оршин суух бүртгэлтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 100-200 тоотод оршин суух  Дамдинсүрэнгийн Гонгор /РД:ТА53041072/ гэх зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Гонгорын Янжихлхам/РД:ТА76070464/, Боржигин овогт Дамдинсүрэнгийн Гонгор  /РД:ТА53041072/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаарэрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

                        

                   

                             ДАРГАЛАГЧ                                   Т.ГАНЧИМЭГ