Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 062

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж-д холбогдох 2013000190040 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.Ж-ы биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1969 оны 12 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, М.х овогт Х-ын Ж, регистрийн дугаар БЮ...............

 

Шүүгдэгч Х.Ж-ы холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Ж нь БӨ аймгийн Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Ж-ийн гэрт 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед эхнэр нь М.Е-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: Эхнэр М.Е 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрхөмдөө яваад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэртээ ирээгүй. Манай гэр бага сургуулийн хажууд байдаг. Төрхөм нь манайхаас 250 км зайтай. Эхнэр маань гэрт ирэхгүй зугтсан болохоор хардаад М.Ж-ийн гэрт байхад нь очиж зодсон маань үнэн.  Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Эрүүгийн 2013000190040 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч М.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 18-20-р хуудас/,

“...өнөөдөр намайг дүү М.Ж-ийн гэрт байхад Х.Ж 17 цагийн үед согтуу орж ирсэн. Би Х.Ж-ыг орж ирэхэд тайлан гаргаад сууж байсан ба орж ирээд намайг мөнгө өг гэхэд би мөнгө өгөөгүй. Тэгтэл миний урд байсан мөнгөнөөс 20 000 төгрөг аваад миний баруун талын нүд рүү гараараа цохиод гараад явсан юм...” гэх мэдүүлэг,

3. Насанд хүрээгүй гэрч Ж.-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 22-23-р хуудас/,

“...тэгээд эгч мөнгө өгчих гэтэл эгчийн нүд рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

4. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-р хуудас/

“...би Тирлик зах дотор гутал зардаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой гэртээ ирэхэд М.Е эгчийн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг,

5. Гэрч            М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 26-р хуудас/

“...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой ажлаасаа тараад гэртээ очиход М.Е эгчийн нэг талын нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

6. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 29-р хуудас/

"... М.Е-ийн баруун талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

7. Шүүгдэгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 42 дугаар хуудас/,

“...Би 2019 оны 12 дугаар сарын 16-наас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй нэг сар архи уусан. Намайг архи ууж эхэлснээс хойш манай эхнэр М.Е гэрээс гараад явсан юм. Би М.Е-ийг гэртээ ирүүлэх гэсэн боловч ирээгүй. Өөрийн дүү М.Ж-ийн гэрт байсан юм. Сүүлд нь би сургуулийн Бейбит гэдэг манаачтай М.Е-ийг нийлчихсэн гэж сонсоод хардаад М.Ж-ийн гэрт байхад нь буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр очиж М.Е-ийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон юм. Болсон асуудал энэ юм. Би авгайдаа уурлаж архи уудаг. Би түүнд л уурлаж архи уудаг. Манай гэртэй ойролцоо хадмуудын гэр байдаг ба ихэнхдээ өөрийнхөө төрхмийн гэрт байдаг, манай гэрт ирдэггүй, гэр орон цэвэрлэдэггүй юм. Би өөрийн эхнэр М.Е-ийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон “РД:БЮ.............., овог:Молхы хул, эцэг /эх/-ийн нэр:Х нэр:Ж, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1969/12/14, төрсөн газар:Б-Ө , Ө , хаяг:Б-Ө , Ө 8-р баг, А т, 2 гудамж, ** тоот, бүртгэлийн дугаар:00000, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

- БӨ аймгийн Прокурорын газрын  2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5/123 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 43/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Х.Ж /БЮ............../-ны нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Ө сумын 8-р багт байршилтай Ү-0***** тоот улсын бүртгэлийн дугаартай 90 м.кв талбайтай өвлийн сууц, мөн тус багт Ү*******тоот улсын бүртгэлийн дугаартай, 90 м.кв талбайтай өвлийн сууц, мөн Г-**********тоот улсын бүртгэлийн дугаартай 1020 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон үл хөдлөх эд хөрөнгө тус тус бүртгэгдсэн байна. Х.Ж-ы гэрлэлтийн бүртгэлийг манай цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд гэрлэлт бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 45/,

- БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн “Тус багийн 2-р багийн иргэн Х овогтой Ж нь БЮ.............. тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 16-4 тоотод оршин суугч бүртгэлтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч Х.Ж-ы гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Ж- нь БӨ аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн М.Ж-ийн гэрт 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед эхнэр нь М.Е-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, шүүгдэгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Е-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ж-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Е-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Е-ийн  “Бид хоёр эвлэрсэн. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлгээр шүүгдэгч Х.Ж-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч Х.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.х овогт Х-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Ж-д 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК