| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0055/Э |
| Дугаар | 063 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 063
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ын А-эд холбогдох 2013000320047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.А-ийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1976 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт БӨ аймгийн Ц сумын 0-р багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ш-ын А, регистрийн дугаар БЛ..................
Шүүгдэгч Ш.А-ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахуйн шинжтэй маргааны улмаас эхнэр З.Н-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн.” гэв.
Эрүүгийн 2013000320047 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч З.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 39-48 дугаар тал/
.... 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой манай 2 дугаар сургуулийн шинэ жил болоод тийшээ яваад шөнө гэртээ ирэхэд манай нөхөр унтахгүй намайг хүлээж байсан. Би хаалгаар оронгуут намайг барьж аваад шууд зодоод эхэлсэн. Эхлээд миний гар утсыг булааж авсан. Тэгээд намайг хөдлөх юм бол чамайг ална гэж хэлэхээр нь би айгаад хөдлөхгүй суугаад байсан юм. Би хөдлөхгүй юм хэлэхгүй сууж байхад намайг толгой руу цохиод хөл рүү өшиглөж байсан. Дараа нь хутга авч ирнэ буу байгаа шүү гэж айлгаад байсан. Мөн намайг “чи муу янхан авгай биеэ хаана үнэлээд ирсэн, чиний гар утсыг гал руу хийж шатаана шүү” гэж хэлж байсан. Тэгээд намайг гадна хаалгаар чирч гаргаад буцаагаад чирч оруулж байсан. Энэ үйлдлийг тухайн үед хэд хэдэн удаа давтсан юм. Мөн нэг өрөөнөөс нөгөө өрөө лүү чирч байсан. Тухайн үед миний хоёр хүүхэд айгаад уйлаад унтаагүй. Ш.А нь төм төмөртэй өргөн бүс зүүж байсан ба тэрийгээ тайлж аваад гартаа ороож байгаад чамайг энүүгээр ороолгоно шүү гэж хэлж байсан. Тэр үед би хоёр хүүхдээ урдаа бариад ийшээ тийшээ зугтаж байсан. Гараад зугтаад явъя гэхээр гаргахгүй байсан. Мөн Ш.А нь намайг нэрээр минь дуудаж байгаагүй, дандаа миний талийгаач аавын нэрээр дуудаж Зэвгээгийн шээс гэж хэлсэн. Тухайн үед миний охин уйлаад ирэх үед Ш.А- надад “чи энэ хүүхдийг ийм аймхай болгосон, чи би байхгүй хойгуур гэртээ өөр эрэгтэй хүн дагуулж ирээд заваардаг юм байна, тэр хүн чинь хэн бэ, чи өөр нөхөртэй болсон юм уу” гэж зөндөө юм хэлсэн. Уг үйлдэл нь өглөө 07 цаг хүртэл үргэлжилсэн юм. Тэгээд 9 цагийн үед аймаг явах машинд суугаад аймаг явсан юм. ...Тэгээд би өглөө хэвтсэн ба буцаад босох гэхээр босож чадаагүй. Орой гайгүй болонгуут цагдаа нарт мэдэгдсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө буюу өнгөрсөн шөнө зодсоноос болж миний дух хэсэг хавагнасан,нуруу хэсэг зовиуртай өвдөж байгаа, хоёр мөр мөн зовиуртай, бугалга хэсэг хөхөрсөн хамаг бие маань хөндүүр зовиуртай байна. Надад уг хэргийн улмаас эрүүл мэндийн хөнгөн хохирол болон сэтгэл санааны хохирол учирсан. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Ш.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ш.А бид хоёр сайн дураараа эвлэрсэн болно. Би Аийг уучилсан болно. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг,
3. Гэрч Д.Т-гийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 49 дүгээр тал/
“...Цэнгэл сум 4 дүгээр багийн иргэн Ш овогтой А, З овогтой Н нар гэр бүлийн хүмүүс ба 4 хүүхэдтэй, 2 хүүхэд нь оюутан, 2 хүүхэд нь сурагч юм.Ц сумын 4 дүгээр багийн иргэн Ш.А нь 2019 оны 11 дүгээр сарын үедЦ сумын 2 дугаар сургуульд ирж, эхнэр болох З.Н-гийн ажлын өрөөний хаалгыг эвдэн орж, З.Н-г цохиж зодсон. Яг биеийн аль хэсэгт хэчнээн удаа юугаар цохиж зодсоныг хараагүй. Мөн Ш.А нь эхнэр болох З.Н-гийн гар утас руу байнга залгаж, “чи хаана биеэ үнэлээд байна, чамайг ална” гэж хэлээд айлган сүрдүүлж, дарамталдаг. Иргэн З.Н нь хэд хэдэн удаа нүд, нүүрний тус газар хөх ягаан цус хуралттай, хавдсан ирсэн. Би яасан талаар асуухад нөхөр “Ш.А намайг зодлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Б.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 51 дүгээр тал/
“2008 оны 09 дүгээр сарын үед яг он, сар өдрийг нь санахгүй байна. З.Н намайг гар утсаар залгаж, дуудсан ба би гэр лүү нь очиход Ш.А нь эхнэр болох З.Н-г гэрт нь цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Тэгээд салгах гэсэн боловч миний хүч хүрээгүй ба тухайн үед цагдаа дуудсан юм.Ц сумын 4 дүгээр багийн иргэн Ш.А нь эхнэр болох З.Н-г байнга цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Ш.А-ээс зугтаж, манай гэрт хэд хэдэн удаа ирж, нуугдаж байсан. Яг он, сар өдрийг нь санахгүй байна. Иргэн Ш.А нь 20 хоног Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайд ажиллаад 10 хоног гэртээ амардаг ба энэ хугацаанд байнга архи ууж, эхнэр болох З.Н-г байнга цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ба З.Н нь гэрээсээ зугтаагаад гарч, манай гэрт нуугддаг. Учир нь манайх Ш.А-тэй хөрш, хамгийн ойрхон гэр манай гэр юм.” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.С-ын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 53 дугаар тал/
“Миний биеЦ сумын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан багийн нарийн бичгийн дарга ажилтай. Би 2017 онд байх яг он сар, өдрийг санахгүй байна.Ц сумын 4 дүгээр багийн иргэн Ш.А нь эхнэр болох З.Н-г цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн дуудлагын дагуу очиж, 1 удаа нөхцөл байдлын үнэлгээ хийж байсан ба тухайн үед хэсгийн цагдаа Ж.Е хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авсан юм. Би 1 удаа нөхцөл байдлын үнэлгээ хийхэд Ш.А нь байнга архи ууж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох З.Н-г цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бэлгийн гаж донтой, ёс бусаар З.Н-тай бэлгийн харьцаанд ордог болох нь анзаарагдсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.А-ы 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 55 дугаар тал/
“З.Н- миний бэр эгч маань юм. Тэр хоёр гэр бүлийн хүмүүс ба ханилаад 23 гаруй жил болж байна. 4 хүүхэдтэй, 2 хүүхэд нь оюутан, 2 хүүхэд нь сурагч юм. Миний төрсөн ах Ш.А- нь архи уусан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох З.Н-г цохиж зоддог. З.Н Цагдаагийн байгууллага хандаж 2 удаа баривчилгаанд явуулсан боловч Ш.А нь ухаарахгүй, дахиад гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж эхнэр З.Н-г цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Миний бэр эгч З.Н нь “Ш.А архидан согтуурч гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, намайг зодлоо” гээд 2 хүүхдийн хамт манай гэрт 2-3 удаа ирээд хонож байсан. Ер нь Ш.А архи ууссан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох З.Н-г цохиж зоддог, бүх зүйл архинаас болж байна гэж боддог юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Н-ийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:/хавтаст хэргийн 57-58 дугаар тал/
“БиЦ сумын 4 дүгээр багийн иргэн Ш овогтой А, З овогтой Н нарыг сайн танина. Ш.А нь миний дүү маань юм. Өөрөөр хэлбэл миний төрсөн том ахын хүүхэд юм. Ш.А нь айлын том хүүхэд нь ба 2 эмэгтэй дүүтэй, 3 эрэгтэй дүүтэй. З.Н манай бэр маань юм. Ш.А,Н нар ханилаад 23 гаруй жил болж байна. Миний дүү Ш.А нь архи уусан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох З.Н-г цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бэр З.Н нь “Ш.А архи ууссан үедээ намайг зодлоо, би гэрээс гараад зугтаад явсан” гээд 2 хүүхдийн хамт манай гэрт 1 удаа ирээд хонож байсан, яг он сар өдрийг нь санахгүй байна. Миний дүү Ш.А архи ууссан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох З.Н-г цохиж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Яг юунаас болж хоорондоо маргалдаж, хэрэлдэж байгааг сайн мэдэхгүй. Ш.А архи ууссан үедээ догшин хэрцгий зан ааштай болчихдог ба би зөндөө архиа боль гэж хэлж байсан ч одоог хүртэл архиа уусаар байна” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Б-гийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 60 дугаар тал/
“ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 10 цагийн үед З.Н миний гар утас руу залгаж “уйлаад, намайг нөхөр Ш.А зодлоо” гэж хэлсэн. Би Ш.А, З.Н нарынЦ сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиход З.Н жоохон 2 хүүхдийн хамт байсан. Би З.Н-гаас “юу болсон талаар асуухад” З.Н- “нөхөр Ш.А шөнөжингөө намайг зодоод аймаг руу явчихлаа” гэж хэлсэн. Би Ш.А З.Н нарын гэрт очиход жоохон 2 хүүхдүүд нь маш их айсан байдалтай, З.Н-гийн зүүн талын духны хэсэг нь хавдсан, зүүн талын бугалган хөхөрсөн, хөлөө гишгэж явж чадахгүй байсан” гэх мэдүүлэг,
9. Гэрч О.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 62 дугаар тал/
“...Би З.Н-г танина. З.Н бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. Манай том хадам ахын эхнэр байгаа. З.Н нь надад ийм асуудлын талаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлсэн. Тухайн өдөр өглөө З.Н манай нөхөр болох А-ы утас руу залгаж “М-ийг над руу явуулаач” гэж хэлсэн бөгөөд би З.Н-гийн гэрт очсон юм. Би очих үед З.Н ширээний хажууд сууж байсан. З.Н Ш.А хоёр байнга хэрэлдэж байсан тул юу болсон талаар асуугаагүй. Би очсоны дараа З.Н уйлаад сууж байсан. Тэгээд би Ш.А ах хаана байна гэж асуухад “аймаг явсан” гэж хариулсан. З.Н нь тухайн үед уйлж надад “би өнөө шөнө бараг унтаагүй, Ш.А би маргааш аймаг явах гэж байхад өвөртөө оруулаагүй, үүр цайтал нөгөө ажлаа хийлээ” гэж хэлсэн. Тэгээд З.Н надад гар утсаа өгч миний зүүн талын гарын бугалга, шуу хэсэг нь хөхөрсөн байгаа зургийг нь дараад өгчих гэхээр нь би түүний гарын хөхөрсөн хэсгийнхэн зургийг дарж өгсөн. Тухайн үед З.Н-гийн зүүн талын гарын бугалга, шуу хэсэг нь хөхөрсөн байсан юм. Тэгээд би ус буцалгагчид ус буцалгаад тэгээд гэр лүүгээ явсан юм. Ш.А зодсон талаар хэлээгүй. Миний дээр хэлсэн зүйлсийг хэлээд уйлаад л сууж байсан юм. Тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сарын сүүлээр байх манай гэрт З.Н- сууж байх үед Ш.А нь орж ирээд З.Н-тай хэрэлдэж З.Н-гийн толгой руу нэг удаа цохиж авсан юм. Тэгээд Ш.А-ийг би “ахаа боль боль” гэж салгаж авсан юм. Урьд өмнө Ш.А нь З.Н-г зодож байсныг бол нүдээрээ хараагүй. Сонссон юм гэвэл тэр хоёр хүн байнга хэрэлдэж, маргалдаж л байдаг юм. З.Н нь Ш.А ах жоохон халамцуу байсан ч “ухаангүй согтуу байна” гэж байнга хэлдэг. Мөн байнга ухаангүй согтуу ирээд ингэж байна тэгж байна гэж манай нөхрийг дууддаг, сүүлдээ манай нөхөр залхаад очихоо ч больсон. Мөн З.Н нь “Ш.А согтуу байна” гэж ирээд манайд ирээд хоноод яваад байдаг юм” гэх мэдүүлэг,
10. Гэрч З.Ж-гийн 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 64 дугаар тал/,
“....Миний дүү болох З.Н- 1998 онд билүү Ш.А-тэй гэр бүл болж дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн, ууган хоёр хүүхэд болон отгон хоёр хүүхдүүд нь хоорондоо нэлээд насны зайтай юм, 3 эрэгтэй хүүхэд, 1 охинтой. Тэд гэр бүл болсны дараа Ш.А архи уудаг байсан ба архи уусан үедээ эхнэрээ зоддоггүй байсан юм. Сүүлийн 6-7 жилийн хооронд Ш.А архи ууж, архи уусан үедээ агсам тавьж З.Н-г байнга зоддог болсон юм. Бага хоёр хүүхэд нь аав гэхээр маш их айж чичирч байдаг, аав ирэхээс өмнө гэрээсээ явъя гэж ээждээ байнга хэлдэг байсан. Ш.А З.Н-г зодлоо гэж би хөдөө зөндөө сонсож байсан боловч нэг ч удаа Ш.А-эд дүүгээ өмөөрч хатуу үг хэлж байгаагүй. Сүүлдээ би Ш.А-ийг арай их хэтэрч архи ууж агсам тавих явдалд тэсвэр алдарч зөндөө олон удаа ухаан зааж эвлэж хэлж, уурлаж ч хэлж үзлээ. Биднийг ямар нэгэн үг хэлэнгүүт Ш.А огт гэмгүй хүн шиг миний буруу, би дахин архи уухгүй, З.Н-г зодохгүй гэж амладаг боловч дахин сумын төвд ирэхэд Ш.А архи уусан, дахин З.Н-г зодлоо гэж З.Н надад хэлдэг юм. Миний мэдэхийн З.Н-г олон удаа гэрээсээ хөөж гаргаж гэртээ оруулалгүй З.Н айлын гэрт хонож байсан удаатай. З.Н- өөрөө маш аймхай учраас Ш.А-ийг эсэргүүцэж ямар нэгэн үйлдэл гаргахгүй хий гэсэн бүхнийг нь хийдэг гэж хэлдэг, эсэргүүцэл үзүүлсэн боловч хүч ч хүрдэггүй гэж хэлж байсан юм. Мөн Ш.А өөрийн хүүхдүүдийг эцэггүй хүүхдүүд, миний хүүхдүүд биш гэж хэлдэг, түүнийг нь хүүхдүүд нь мэддэг, аавдаа дургүй юм. Зуны улиралд амралтаар З.Н манай гэрт хөдөө очиж амардаг ба З.Н ямар нэгэн сургалт, зөвлөгөөнд явахаар болоход Ш.А маш их хардаж хэл амаар доромжилж янхан, гичий банзлаар дууддаг. Эхнэр нөхөр хүмүүс нэг нэгнээ хардалгүй яах бэ дээ, гэхдээ учир жанцантай хэлэх хэрэгтэй. Ш.А маш зэрлэг балмад байдлаар үг хэллэгээ илэрхийлдэг юм. 2020 он гаргаад би Өлгийд ирэхэд З.Н-гийн нүүр нь хөх эрээн болчихсон байсан, Ш.А зодсон гэж хэлж байсан. Би яг зодооныг хараагүй. Тэднийх том хашаанд ганц айл байдаг. Нэг өдөр зодож байгаад дүүг минь алчих болов уу гэж би байнга айж түгшдэг, шөнөөр айлд юу болж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Намайг хөдөөнөөс ирэх толонд З.Н Ш.А зодлоо гэж хэлдэг юм.Тэр болгоныг би он, сар, өдөртэй нь мэдэхгүй байна. Согтуу үедээ ирчхээд З.Н-г хүсээгүй үед бэлгийн харилцаанд ордог гэж З.Н надад хэлж байсан. 2020 оны 01 дүгээр сард ирэхэд минь З.Н надад хэлэхдээ Ш.А намайг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо хүүхдүүд харж байхад надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Тэр үйл явдлыг манай хоёр бага хүүхэд харж байсан гэж уйлж хэлж байсан юм. Буу байгаа, би чамайг буугаар буудаж ална гэж айлган сүрдүүлж байсан гэж З.Н- надад хэлж байсан, дээр үед буугаар буудаж байсан ч гэж сонссон юм. Хий буудаж айлган сүрдүүлсэн гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг,
11. Насанд хүрээгүй гэрч А.А-ын 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:/хавтаст хэргийн 66 дугаар тал/
“....Аав, ээж хоорондоо хэрэлдэж, маргалддаг. Аав архи уудаг. Аав архи уусан үедээ ээжийгээ цохиж, зоддог. Ээж З.Н-г аав Ш.А ажлаас архи ууж ирээд дандаа гараар цохиж, зоддог. Аав намайг цохиж, зодохгүй. Аав архи уусан үед намайг загнадаг. Хамгийн сүүлд аав аймгаас согтуу ирээд ээжийгээ цохиж зодсон. Аав гэртээ агсам тавьж, ээжийгээ зодоход өөр айлд очоод хонодог байсан. Би аав, ээжийгээ зодохоор айгаад уйлдаг. Би аавдаа огт дургүй. Аав байнга архи уугаад байхаар сэтгэл санаагаар маш их унадаг гэж хэлээд доошоо харав. Өөр юу ч дуугарсангүй. Насанд хүрээгүй гэрч А.А “аав архи уудаггүй байгаасай, ээжийгээ зодохгүй байгаасай” гэж хүсдэг гэж хэлэв” гэх мэдүүлэг,
12. Насанд хүрээгүй гэрч А.Ам-гийн 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 68 дугаар тал/
“....Доошоо харж бодож, бодож байгаад манай эгч сайн мэдэж байгаа гэв. Ангийн багш руу харж байгаад аав ажлаас согтуу ирэхээр ээж загнаж, тэгээд хоорондоо хэрэлдэж, маргалддаг. Аав, ээжийгээ гараар цохиж байсан, тэр үед би их айдаг. Дараа нь юу ч дуугарсангүй, доошоо харав...” гэх мэдүүлэг,
13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн №46 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 70 дугаар тал/
“... Иргэн З.Н-гийн биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хөх ягаан туяатай, цус хуралттай, баруун бугалганд, баруун тохойнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай, цус хуралттай, баруун гуяны дотор талд хөх ягаан туяатай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Иргэн З.Н-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. З.Н-гийн биед учирсан гэмтэл бүгд шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт,
14. Шүүгдэгч Ш.А-ээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хавтаст хэргийн 106-107 дугаар тал/
“...Миний 2019 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө гэртээ хоёр хүүхдээ харж байсан юм. Тухайн өдөр гадуур найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ирэх үед манай эхнэр болох З.Н байхгүй байсан. Би хоёр хүүхдээ хараад гэртээ З.Н-г хүлээж суусан бөгөөд 02 цаг өнгөрч байхад халамцуу ирсэн. Тэгээд би түүнд уурлаад зодсон нь үнэн. Би тухайн үед эхнэртээ уурласандаа тийм үйлдэл гаргасан юм. Миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө бас ийм хардалт сэрдэлтийн асуудлаас болж 2 удаа би баривчилгаанд яваад ирсэн. Мөн өмнө бас хэд хэдэн удаа ийм асуудал гарсан нь үнэн. Би Хов аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайд 20 хоног ажиллаж 10 хоног амардаг юм. Би 20 хоног ажилтай байх үед эхнэр лүү залгахаар утсаа авдаггүй. Мөн миний цалингийн виза карт З.Н-д байдаг. Тухайн өдөр миний бие эхнэр болох З.Н-тай бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Гэхдээ хүчээр орсон асуудал байхгүй. Эхнэр нөхрийн хувьд бэлгийн харилцаанд орсон юм. Би тухайн өдрийн маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баривчлахад явах гэж байсан тул эхнэртэй арван хэдэн хоног уулзахгүй болоод бэлгийн харьцаанд орохыг хүссэн юм. Тухайн үед эхнэр З.Н-гийн зөвшөөрснөөр бэлгийн харьцаанд орсон юм. Тухайн өдөр миний бие эхнэр болох З.Н-г гэрт ирэх үед нь барьж аваад толгой руу нь нударгаар цохисон юм, дараа нь хоёр гарынхан бугалга хэсгээс барьж ийшээ тийшээ түлхэж татаж гадна хаалгаар гар гээд гаргаж оруулсан нь үнэн. Би уг үйлдлүүдийг тэр өдөр хэд хэдэн удаа давтсан. Дараа нь би түүнийг бүсээр ороолгоно гэж бас айлгасан. Гар утсыг нь булааж аваад шатаана гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм бэ гэхээр З.Н жоохон хэрүүл болонгуут л цагдаа дуудаад байдаг юм. Манай эхнэрН ч гэсэн сонин хүн. Би архи уудаг нь үнэн архи ууж ирэх болгонд үглээд байдаг. Мөн өөрөө ч гэсэн сонин зан гаргаж би ажилтай үед утсаа авахгүй, заримдаа шөнө орой ирдэг. Хааяа өөрөө ч гэсэн халамцуу ирдэг тохиолдолд бий. Тэр үед би уурлаад хэрэлдээд заримдаа гар хүргэдэг л байсан. Тэрнээс болж 2 удаа баривчилгаанд бас явж байсан.Тэрнээс биш миний бүх цалин З.Н-д байдаг, миний цалингийн картыг З.Н ашиглаад хүүхдүүдийн төлбөр хэрэглээний мөнгө төгрөгийг авдаг юм. Би өөрөө хэрэгтэй үед тамхи, зардлын мөнгийг л авдаг. Би 2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр болох З.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй. Би хийсэн буруугаа хүлээж, гэмшиж байна, З.Н-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно. Миний хуулийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Шүүгдэгч Ш.А-эд холбогдох захиргааны тоо бүртгэл /хх-ийн 92-95/,
- Шүүгдэгч Ш.А-эд холбогдох тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 96-98/,
- Шүүгдэгч Ш.А, хохирогч З.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 100/,
- Шүүгдэгч Ш.А-ийн хүүхдүүд болох А.А, А.Ам- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-102/,
- Шүүгдэгч Ш.А, хохирогч З.Н нарт холбогдох БӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2601 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж /хх-ийн 104/,
- Шүүгдэгч Ш.А, хохирогч З.Н нарт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 497 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 105/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ.................., овог:Б, эцэг/эх/-ийн нэр:Ш, нэр:А, яс үндэс:Тува, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий,Ц , төрсөн огноо:1976-01-20, хаяг:ББӨ Ц , 4-р баг, Хар уул, хүчинтэй хугацаа:2021-01-20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81, 83/,
- БӨ аймгийнЦ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Ш овогтой А нь БЛ.................. регистрийн дугаартай, ам бүл 6, тус багийн байнгын оршин суугч мөн. Ш.А- нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, ажилсаг боловч архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг нь үнэн болно. Ш.А нь сумын төвд хашаа байшинтай, 2019 оны мал тооллогоор тэмээ 0, адуу 0, үхэр 0, хонь 11, ямаа 16, бүгд 27 толгой мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-ийн 76-80/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 82/,
- Шүүгдэгч Ш.А-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 84-89/
- Шүүгдэгч Ш.А урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 90/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахуйн шинжтэй маргааны улмаас эхнэр З.Н-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч З.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-48/, гэрч Д.Т-гийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49/, гэрч Б.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51/, гэрч Х.С-ын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53/, гэрч Д.А-ы 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55/, гэрч Д.Н-ийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58/, гэрч Б.Б-гийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60/, гэрч О.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62/, гэрч З.Ж-гийн 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64/, насанд хүрээгүй гэрч А.А-ын 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66/, насанд хүрээгүй гэрч А.Ам-гийн 2020 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн №46 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 70/, шүүгдэгч Ш.А-ээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч З.Н-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн №46 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.А- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч З.Н нь ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш.А- нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
2. Шүүгдэгч Ш.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 750 нэгж нь 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.А нь баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Ш.А-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 750 “долоон зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Ш.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК