Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 070

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

шүүгдэгч Ш.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С-ад холбогдох 2013000750067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ш.С-ын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ш-ы С, РД: БВ.................,

 

Шүүгдэгч Ш.С-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.С нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чаргаа” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээндээ зориулж, хууль бусаар 3.97 м.куб бургас мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “Уаз-3962” маркийн 05-10 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон чиргүүлээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: “Миний бие байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Гэвч тухайн үед мод бэлтгэхээр явж байхад машин эвдрээд модоо бэлтгэж чадаагүй. Тэгээд машин маань эвдэрсэн учраас 2-3 сар модоо бэлтгэж авч чадаагүй байсан. Би мод бэлтгэх зөвшөөрлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний үеэр авсан байна. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьд авсан зөвшөөрлөө ашиглан мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Эрүүгийн 2013000750067 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагнууд /хх-ийн 08-09-рх/,

3. Хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, чиргүүл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагнууд /хх-ийн 10-11-рх/,

4. Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 23-рх/

“...БӨ аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Мод бэлтгэх зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн Ш.С-ын байгальд учруулсан хохирол болох 714600 төгрөгийг нэхэмжилж байна. Ш.С миний нэхэмжилж буй хохирлыг барагдуулж өгөхөөр баталгаа гаргаж өгсөн тул шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй” гэх мэдүүлэг,

5. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27-рх/,

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний төрөл ах Ш.С нь би маргааш ойгоос түлээний мод бэлтгэж авч ирнэ, хамт явж туслаарай гэж хэлсэн ба 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед дуудсанаар тэдний гэрт очиж ойгоос мод түүж бэлтгэж ачиж ирсэн. Модыг Ш.С-ын фургон маркийн тээврийн хэрэгслээр чирсэн чиргүүл болон машины дээврийн хэсэгт ачсан. Ш.С бид нарт мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Гэхдээ бид нарт ямар нэгэн бичиг цаас үзүүлээгүй. Түүний хэлсэн зүйлд би итгэсэн. Тэр намар бас мод авч ирнэ туслаарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 28-р х/

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орой 19 цагийн үед хөрш оршин суудаг миний төрөл ах Ш.С- нь маргааш ойгоос түлээний мод түүж бэлтгэхэд туслаарай, миний машинаар явж ирнэ, туслах хүмүүс байгаа гэж хэлснээр маргааш нь 11 цагийн үед Ш.С-ын фургон машинаар чиргүүл чирч Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чаргаа” гэх газарт очиж, ойгоос түлээний мод түүж машины чиргүүл болон машины дээврийн хэсэгт ачсан. Ш.С- бид нарт мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн. Гэхдээ бид нарт ямар нэгэн бичиг цаас үзүүлээгүй. Түүний хэлсэн зүйлд би итгэсэн” гэх мэдүүлэг,

7. Насанд хүрээгүй гэрч Р.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 29-рх/

“...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орой Ш.С ах тааралдаж маргааш ойгоос түлээний мод бэлтгэж авч ирнэ, хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед Ш.С-ын хүүхэд С.А- ирж намайг дагуулж авсан ба бид хамт Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чаргаа” гэх газарт очиж, ойгоос мод түүж бэлтгэж, Ш.С-ын фургоны чиргүүлд ачиж ирсэн. Ш.С- бид нарт мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 30-рх/

 “...Худ болох Ш.С- өглөө 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед утсаар залгаж “Чаргаа” гэх газраас түлээний мод бэлтгэж авч ирэхэд туслаарай фургон машинд чиргүүл чирч очоод ирнэ, надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлээд маргааш нь 11 цагийн үед гэрээс ирж авсан. Бид хамт “Чаргаа” гэх газарт очиж, ойгоос түлээний мод түүж бэлтгэсэн. Тэгээд бид модыг түүж машинд ачиж аваад ирж байгаад цагдаад шалгуулсан” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ж.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-рх/

“...Ш.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 04-ний өдрийн хооронд ойгоос цэвэрлэгээний журмаар 3 м.куб хэмжээтэй түлээний мод бэлтгэн авах эрхийн бичгээр ойгоос түлээний мод бэлтгэж авсан. 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 04-ний өдрийн хооронд ойгоос цэвэрлэгээний журмаар 3 м.куб хэмжээтэй түлээний мод бэлтгэн авах эрхийн бичгийг ашиглаж, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Чаргаа” гэх газраас дахин бургас мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бус үйлдэл болно. Эрхийн бичиг он дамжин үйлчлэх ёсгүй” гэх мэдүүлэг,

10. БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч М.Н-ы 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-рх/,

11. БӨ аймгийн Б сумын ЗДТГ-ын шинжээч Н.М-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-рх/,

12. Шүүгдэгч Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 45-46-рх/,

“Миний бие байгаль хамгаалагч Ж.Е-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний үеэр ойгоос мод бэлтгэх тусгай эрхийн бичиг /гоожин / авсан. Гэвч тухайн үед машин эвдрээд модоо бэлтгэж авч чадаагүй. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Уаз-3962 маркийн 0510 УВА улсын дугаартай шар өнгийн тээврийн хэрэгсэлд чиргүүл чирч өөрийн хүүхэд С.А болон төрөл садангийн хүүхдүүд болох Е.С, А.Т, М.А, А Б нарыг дагуулж Б сумын “Чаргаа” гэх газар очиж мод бэлтгэж авч ирсэн. Миний дагуулж очсон залуучууд бүгд миний хамаатан худ уургийн хүмүүс ба би тэд нарт мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, түлээний мод бэлтгэж авч ирэхэд туслаарай гэсэн. Тэд миний хамаатан хүмүүс болохоор надад итгэсэн. Би урьд авсан эрхийн бичгээ ашиглаж мод бэлтгэсэн нь үнэн. Надад хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй. Би мод бэлтгэх үедээ тусгай зөвшөөрөл авах ёстойг мэддэг байсан ба миний авсан тусгай зөвшөөрөл нь 2019 оны зөвшөөрөл байсан ба хүчингүй зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн юм. Би хэрэглээнд гал түлэх зорилгоор бэлтгэсэн, зарж борлуулан ашиг олох сонирхол байхгүй болно. Би уг модыг бэлтгэхдээ ямар нэгэн багаж хэрэглээгүй, хуурай мод гараараа бэлтгэсэн” гэх мэдүүлэг,

13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Шүүгдэгч Ш.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/22 дугаартай “Танай 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 29/692 тоот албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд өнөөдрийн байдлаар Ш.С- /БВ................./-ын нэр дээр Б сумын 4 дүгээр багт байрлах 64 м.кв талбайтай, Ү-********** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус сумын тухайн багт байрлах 2000 м.кв талбайтай ************* улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Ш.С-ын гэрлэлтийн бүртгэлийг манай цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд гэрлэлт бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 51/,

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БВ................., овог:С, эцэг /эх/-ийн нэр:Ш, Нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1965/10/28, төрсөн газар:БӨ , Б , хаяг:БӨ , Б 4-р баг, Шар цэхээ, бүртгэлийн дугаар:831013610227, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/,

-БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ш овогтой С нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б сумын 4 дүгээр багт оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Ш.С-ын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр, орлого байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ш.С- нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Чаргаа” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3,97 м.куб  бургас модыг бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо ачиж гэртээ буулгаснаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ш.С- нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “Чаргаа” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3,97 м.куб бургас модыг бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Ш.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.С-ын үйлдлийн улмаас ойн санд 714600 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М.М-гийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.С-ын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 714600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 714600 төгрөгөөс 350000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.   Харин үлдсэн 364600 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.С-аас 364600 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 3,97 м.куб бургас мод, шүүгдэгч Ш.С-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “УАЗ-3962” маркийн 05-10 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд тохируулан хийсэн гар хийцийн 110000 төгрөгийн үнэтэй чиргүүл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.С-ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,97 метр куб бургас мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500000 төгрөгийн үнэтэй “УАЗ-3962” маркийн тээврийн хэрэгсэл, УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд тохируулан хийсэн гар хийцийн 110000 төгрөгийн үнэтэй чиргүүл зэргийг тус тус хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ш.С-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Ш.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Ш-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-ыг 450 “дөрвөн тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ш.С-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С- нь ойн санд учруулсан хохиролд 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч Ш.С-аас 364 600 /гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.С-ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,97 метр куб бургас мод, шүүгдэгч Ш.С-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500000 төгрөгийн үнэтэй “УАЗ-3962” маркийн 05-10 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд тохируулан хийсэн гар хийцийн 110000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн үнэтэй чиргүүл зэргийг тус тус  хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 3,97 м.куб бургас мод, шүүгдэгч Ш.С-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “УАЗ-3962” маркийн 05-10 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд тохируулан хийсэн гар хийцийн чиргүүл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл шүүгдэгч Ш.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК