Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 831

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Б ийн Г ,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн Б/245 тоот Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б  овогтой Г  миний бие 2003-2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн менежмент мэргэжлээр бакалавр, 2009-2011 онд МУИС, Эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн, мэргэшсэн дотоод аудитор, худалдан авах чиглэлээр мэргэшсэн. 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Нийслэлийн аудитын газарт аудитор/шинжээч/-р ажиллаж байсан.

    Аудитыг гүйцэтгэхдээ бусдыгаа манлайлан ажиллаж байсныг үнэлж 2014 онд Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль, 2016 онд Нийслэлийн аудитын газрын Тэргүүний шинжээчэээр шалгаран шагнагдаж байсан. Мөн ажилдаа шинэ санал санаачлага гарган ажиллаж ирсэн бөгөөд гүйцэтгэлийн аудитад мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын аудитын мэдээллийн цахим архивын сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх ажиллагааг хялбаршуулах зорилготой “цахим системийн программ”-ыг санаачлан Joomla CMS веб интерфейс ашиглан боловсруулссан бөгөөд одоо Үндэсний аудитын газарт хөгжүүлэн, төрийн аудитын системийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сургалтын цахим орчин бүрдүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тодорхойлох, шаардлагатай чиглэлээр хөгжүүлэх зорилготой “Цахим тестийн систем” программыг санаачилсан бөгөөд Joomla CMS веб интерфейс ашиглан боловсруулсан. 

Үүнийг төрийн аудитын системийн хэмжээнд боловсон хүчний мэдлэгийн түвшинг тодорхойлох, аттестачлал явуулах, шаардлагатай чиглэлээр хөгжүүлэн мөн ашиглаж байна. Дээрхи шинэ санаачилгуудыг үнэлэн Үндэсний аудитын газраас 2015 онд “Шинэ санаа, санаачлага”-ын гэрчилгээгээр шагнаж байсан. 

  Гэвч Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн №Б/245 тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “ аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1 , 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулан сонсох ажиллагаа байсан. 

  Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтанд хамаарахгүй байна. Тушаалын 1-р заалтанд Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу, орон тоо хасагдсан юм уу, салбар нэгж татан буугдсан юм уу зэрэг нь тодорхойгүй тушаал гарсанаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй болсон гэжээ. 

Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 

  Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн Б/245 тоот Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   “Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинэзр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. 

Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. 

Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 тоот тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчилан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан” гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага еөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр,...ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан байдаг.

Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар”-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бурэлдэхүүн ажпын хэсэг/комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгуурлалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/245 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн  жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөсний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно.

Нэхэмжлэлийн бусад үндэслэлүүдийн тухайд:

Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...”, 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна. 

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-ын дагуу шалгалт өгөөгүй, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу МУЕАудиторын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их хурлын 2000 оны дугаар 20 тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг зөрчиж, илтэд давуу байдал бий болгосон байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд' орох адил тэгш боломжгой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой : байх”, 17 дугаар зүйлд заасан "... төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин зугадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажил, албан тушаалд томилохдоо МУ-ын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5. Дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, шинжээчийн албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтлана.”, 4.1-МУЕАудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн  гүйцэтгэнэ.”гэж тус тус заасан байна.

         Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн Ажпын байрны  тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан байна. Мөн Б.Г  нь 2017 онд ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байсан нь шинээр баталсан ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан байна.

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гуйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаараг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм.

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/ болох аудиторын шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгг хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1.-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэпк татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн", 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. 

Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтэцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан.” гэжээ.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь.хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны өрөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг. Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын  Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 21 өдөр, 2017 оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан , тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжпэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид “...бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөпцөхөөр байна” гэж танилцуулахад “мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ үү, өөр саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна” гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн жинэхэнэ албан хаагчийг Төрийн албанаас халах зохицуулалттай байна.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг. Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Г  нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/245 тоот Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Б.Г  нь анх Нийслэлийн ерөнхий аудиторын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар шинжээчийн албан тушаалд томилогдсон байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/245 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдсөн, орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэдэг үндэслэлээр Б.Г ыг чөлөөлсөн байна. 

Хариуцагчаас “шинжээч нь аудиторын туслах гэсэн чиг үүрэгтэй, шинжээч буюу аудитын туслах гэсэн орон тоо байхгүй” гэж маргадаг боловч нэхэмжлэгч Б.Г ын ажиллаж байсан албан тушаалын нэр нь аудитор буюу шинжээч гэсэн нэршилтэй, аудитор болон шинжээчийн аль алинаар нь нэрлэгддэг байсан болох нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолт, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тушаалаар баталсан Нийслэлийн аудитын газрын баталсан орон тооны нэршил зэргээр нотлогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газарт Гүйцэтгэлийн аудитын 1, 2 дугаар алба, Санхүүгийн аудитын 1, 2, 3 дугаар албатай, аудитор, шинжээчийн орон тоог 27 байхаар баталсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Гүйцэтгэлийн аудитын хэлтэс, Санхүүгийн аудитын хэлтэс, Нийцлын аудитын хэлтэс, Тамгын хэлтэстэй, нийт аудитор 26 байхаар баталсан байна.  

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай” дугаар Б/177 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаас үзэхэд аудитор болон шинжээч нийт 26 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны дугаар 23 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар 27 орон тоотойгоор шинжээчийн орон тоо батлагдсан байсныг  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар А/60 тоот тушаалаар 26 болгож цөөрүүлэн баталсан байх хэдий ч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар Б/177 тоот тушаалын дагуу чөлөөлж, нийт 26 аудитор болон шинжээчийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд шилжүүлсэн байна. 

Үүнээс үзэхэд шинжээчийн буюу аудиторын орон тоог нэг орон тоогоор цөөрүүлж, 26 аудиторын орон тоо баталсан байх хэдий ч шинжээч болон аудиторын орон тоог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан шинжээчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. 

Мөн аудитор /шинжээч/-ийн ажлын байрны зорилго нь “Төрийн аудитын тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хэмжээнд тухайн орон нутагт хийх аудитыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, аудитын дүгнэлт зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлага, аудиттай холбоотой саналын төсөл боловсруулах”, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны зорилгод “...Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэлийн аудит хийх” гэж чиг үүргийг тус тус баталсанаар нотлогдож байна. 

Хариуцагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн хувьд, нэхэмжлэгч Б.Г ыг шинжээчийн албан тушаалд буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдах шаардлагыг хангана гэж үзэж томилсон атлаа уг албан тушаалаас чөлөөлөхдөө ажлын байранд тавигдах шаардлагыг төрийн албанд 5 жил ажилласан гэж өөрчлөн албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.  

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “нэхэмжлэгч анх төрийн албанд томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, холбогдох хууль, журмыг зөрчиж төрийн албанд томилогдсон” гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч маргаан бүхий тушаалд уг үндэслэлийг тусгаагүй, мөн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, шалгаруулан томилох үүрэг нь нэхэмжлэгчийн биш захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг тул захиргааны албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/245 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/245 дугаар тушаал үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 3,335,111 (гурван сая гурван зуун гучин тав нэг зуун арван нэг) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй  байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Б.Г ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторд даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Г ыг чөлөөлөх тухай” дугаар Б/245 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Г ыг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,335,111 (гурван сая гурван зуун гучин тав нэг зуун арван нэг) төгрөгийг Б.Г т олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ