Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1999

 

МАГАДЛАЛ

2016.12.07                                                               № 1999

 

 

 

 

 

 

 

Капитал банкны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05303 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Цэвгээд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 438 861 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Жамъянсүрэн, С.Бямбацэцэг, Л.Энхболд,

Хариуцагч Н.Цэвгээ,  

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хишигсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъянсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Цэвгээ нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 50 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр тохирсон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44а байрны 9 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 17 682 491 төгрөг, зээлийн хүүд 22 941 682 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 022 035 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Н.Цэвгээ нь гэрээний нөхцөл өөрчлөх талаар амаар хүсэлт гаргаж байсан. Манай зүгээс боломжгүй гэж амаар тайлбар өгсөн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бөгөөд үндсэн зээлд 32 317 509 төгрөг, зээлийн хүүд 13 429 484 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 691 868 төгрөг, нийт 48 438 861 төгрөг төлөхөөр байна. Иймд Н.Цэвгээгээс уг мөнгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Цэвгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тус банкнаас 50 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлсэн нь үнэн. Гэрээ байгуулсанаас хойш би хугацаандаа мөнгөө төлж байсан бөгөөд өвчний улмаас бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад банкны ажилтнууд ирж уулзаж байсан. Миний авсан зээл бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн нөхцлөөр авсан бөгөөд зээлийн гэрээ дууссанаас хойш анх 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр банкинд очиж зээлийн гэрээний нөхцлөө өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Дараа нь дахин 08 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгөхөд “та манайхаас авсан зээлээ юунд зарцуулсан талаар тооцоо хийгээд аваад ир” гэж хэлсэн. Үүний дагуу тооцоогоо аваад очиход миний хүсэлтэд тодорхой хариу хэлээгүй ба та түр хүлээж байгаарай, сардаа 200 000-300 000 төгрөг төлөөд байж бай гэж хэлээд өөрсдөө намайг хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн. Миний хүсэлтэд тодорхой хариу хэлэлгүй хүндрэл учруулсан хэрнээ зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авч байсанд гомдолтой байна. Би зээлийн эргэн төлөлтөд нийт 41 656 207 төгрөгийг төлсөн. Гэтэл одоо надаас дахин 48 438 860 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Банк буруу тооцоолол хийж үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилж байна. Зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн байхад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл зогсоогоогүй байгаа нь хууль бус үйлдэл. Банк зээл олгохдоо өөрийн ашигтай байдлаа харж, эхлээд зээлийн хүүг, эцэст нь үндсэн зээл авахаар гэрээ хийсэн нь надад хохиролтой байхаас гадна гэрээний хавсралтын дугаар нь зээлийн гэрээний дугаартай зөрж байна. Мөн шуурхай зээлийн нөхцлөөр олгосон учир шимтгэл авахгүй гэсэн атлаа 500 000 төгрөгийн шимтгэл, нотариатаар бичиг баримт батлуулсан 60 000 төгрөгийг суутгаж авсан. Би үндсэн зээлийн үлдэгдэлд 26 258 762 төгрөг төлнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй” гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Цэвгээгээс 37 920 751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 518 110 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44 а байрны 9 тоот, Ү-2205003034 бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цэвгээгээс 347 544 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7 дахь заалтад зээлдэгч нь үйлчилгээний шимтгэлд зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар төлөхөөр тохиролцоогүй байх тул Н.Цэвгээг 49 500 000 төгрөгийн зээл авсан гэж үзнэ” гэж дүгнэжээ. Гэтэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.8-д “Энэхүү гэрээний 3.7-д заасан зээлийн үйлчилгээний шимтгэл болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад банкны тухайн үеийн мөрдөгдөж буй “Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-өөр зохицуулагдана” гэж заасны дагуу 1 хувийн шимтгэлийг авсан байдаг. Мөн зээлдэгч анх зээл авахаар ирэхэд нь “Зээлийн бүтээгдэхүүний хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн маягт” бөглүүлдэг бөгөөд банкны бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хүнтэй зээлийн барьцааны гэрээ байгуулдаг. Үүнийг тухайн үедээ зээлдэгч нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар хариуцагч нь маргадаггүй. Энэ нь тайлбар болон хурлын явцын тайлбараар нотлогдоно. Гэвч шүүхээс дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээр талд “Нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 25 600 000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 261.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн тул Н.Цэвгээгийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 25 600 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь зүйтэй байна” гэжээ.

Банк болон зээлдэгчдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.13-д “Гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсныг анзаарч үзээгүй. Иргэний хуулийн 451.1, 453.1-д заасан заалтуудыг хэрэглэсэн атлаа 10 518 110 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Н.Цэвгээд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48 438 861 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 26 258 762 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч нь 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44А дугаар байр 9 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

/хэргийн 6-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Зээлдэгч зээлийн төлбөрт 41.646.208 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 25.600.000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс нэхэмжлэгч нь хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан дарааллыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төлөх хугацаа болсон зээлийн өрийг дээрх хуульд заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх тул дээрх 25.600.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг ойлгоно. Хуулийн энэ заалтын дагуу зохигчид гэрээний хугацааг сунгасан эсэхээс үл хамаарч хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч төлөх үндэслэлтэй юм.

 

Шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах нэхэмжлэгчийн хугацааг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 37.920.751 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд зээлийн гэрээгээр тохиролцсон 50.000.000 төгрөгөөс үйлчилгээний шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутган авах тухай гэрээгээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Н.Цэвгээд 49.500.000 төгрөгийг зээлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн анхан шатны шүүх зээл, зээлийн хүүгийн тооцоолол буруу гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ    

                

                                                            ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                              

                                                                                                              Д.ЦОГТСАЙХАН