Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч Ш нарын 9 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч И-ы өмгөөлөгч болон хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч М.Б, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч болоод гуравдагч этгээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ж.М нарын 5 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, И нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш нарын 12 төлөөлөгчийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Б сонгосон хэсэг, хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар Хуралдааны дэгийг батлах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1,25.2-т заасныг тус тус баримтлан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш нарын 12 төлөөлөгчийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай тогтоол, Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар Сумын Засаг даргыг томилуулах тухай тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар Хоёрдугаар хуралдаан зарлах тухай тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр Татварын давсан орлогыг хуваарилах тухай тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох,

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоол, 03 дугаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай тогтоол, 06 дугаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар Сумын Засаг даргыг томилуулах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2021 оны төсөв батлах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох,

Нэхэмжлэгч Ө.Ж Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 23.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох И-ыг Баяннуур сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш нарын 12 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч М.Б, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл ангийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 27 төлөөлөгчийн хамгийн ахмад настан нь нэхэмжлэгч А.Маржангүл бөгөөд тэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалан явуулах эрхтэй байтал түүнээс насаараа дүү М.Б гэгчээр хуралдаан даргалан явуулсан нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг ноцтой зөрчиж байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, сумын Засаг дарга нэр дэвшүүлэх асуудлыг заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан. Тус сум дахь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 27 төлөөлөгчтэй ба үүнээс 12 төлөөлөгч буюу 45 хувь Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид юм. Ингэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 12 суудал авсан Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сумын Засаг дарга нэр дэвшүүлэх эрхтэй гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Монгол Ардын намын бүлгийн дарга, урьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байгаа төлөөлөгч Ө.Ж-ыг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр төлөөлөгч Ш, М.Досболат нарын нэрийг дэвшүүлэхээр, сумын Засаг даргаар Монгол Ардын намын гишүүн Н.М-ийн нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрч байсан юм. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын 15 төлөөлөгч анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дангаараа хэлэлцсэний улмаас төлөөлөгчид Ө.Ж, М.Д, Ш нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжийн сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид Ш, П.С, А.Б, Р.Х, С.Г, А.А нар анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай хуралдаан хийгээгүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зөвхөн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн шахалтаар анхдугаар хуралдаан хийсэн нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байна. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зарласан гэх 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай тогтоол хууль ёсны бичиг баримт эсэх нь эргэлзээтэй байгаа нь шүүхэд гэрчээр асуугдсан Ш, Ө, П.С, А.Б, Р.Х, С.Г А.А нарын мэдүүлэг, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А-аас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Ардын намын бүлэгт явуулсан “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан хийж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 10 цагт Анхдугаар хуралдаанаа хийхийг санал болгож байна. Хэрэв хуучин Тэргүүлэгчид заасан хугацаанд хуралдааны Анхдугаар хуралдааныг санаатайгаар хойшлуулсан тохиолдолд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг мөрдөж 2016 оны Анхдугаар хуралдаанаас баталсан Хуралдааны дэгийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт олонх ирсэн түүнээс хамгийн ахмадаар нь хуралдааныг удирдуулан хуралдуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэснээр нотлогдож байгаа юм. Гэтэл Баяннуур сум дахь Ардчилсан намын бүлэг нь анхдугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн явдалд гомдолтой байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ирсэн бичигт “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт хийхээр болсон нь батлагдаж байна.

Ингэхэд анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болсон хуралдааныг хууль ёсны явагдсан хуралдаан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Аливаа Хурлын хуралдаан зөвшилцөлд хүрэх нь чухал ач холбогдолтой байдаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлэгт анхдугаар хуралдаанд оролцох тухай нэг ч бичиг баримт хүргүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын төлөөлөгчдөд анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болох тухай товыг албан ёсоор мэдэгдээгүй, хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагт хийхээр бичгээр мэдэгдсэн байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг маш яаралтай, яаруу сандруу хийсэн явдалд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ш нарын 12 төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна”,

Нэхэмжлэгч И-аас тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.

Анхан шатны шүүхээс миний Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, И намайг Баяннуур сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг дарга Д.Б-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа “И намайг Баяннуур сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг дарга Д.Б-д даалгах” тухай хэсгийг татгалзсан хэсгийг зөвшөөрөхгүй байна. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж намайг Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоолыг гаргаж байсан.

Миний нэрийг Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1002 тоот албан тоотоор татгалзаж шийдвэрлэн хариу өгч байсан. Тэгээд Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 15 хоногийн дотор буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж миний нэрийг Засаг даргаар томилуулахаар тогтоол гаргаж дахин нэр уламжилсан юм.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар аймгийн Засаг дарга миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор томилох шийдвэр гаргах үүрэгтэй байсан боловч Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигч миний “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг” хянаж ирүүлээгүй гэсэн шалтгаанаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан талаар мэдэгдсэн. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хаяглан явуулж байсан боловч хуульд заасан хугацааны дотор ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянаж өгөхөөс татгалзсан хариу ирүүлсэн байна. Тодруулбал Монгол ардын намын бүлгийн дарга Ш нарын 12 төлөөлөгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тэдний нэхэмжлэл шийдвэрлэгдэх хүртэл И миний ашиг сонирхолтой эсэхийг тогтоох боломжгүй юм шиг Авлигатай тэмцэх газраас хариу өгсөн байна. Би тус сумын Засаг даргаар ажиллахад ямар ч ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй болох нь тогтоогдсоор байхад Авлигатай тэмцэх газар нь үндэслэлгүйгээр миний ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж ирүүлээгүй байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээр байх боловч хуульд заасан хугацаанд ашиг сонирхлын мэдүүлгээ хянаж өгөөгүй юм. Үүнээс болж миний эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй юм.

Хариуцагч болон бусад этгээдүүд нь И намайг тус албан тушаалтнаар ажиллахад хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй ямар нэгэн шалтаг тоочиж чадахгүй байж намайг ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулаагүй хэмээн томилохоос татгалзаж байгаа нь хууль бус юм.

Анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай намайг Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож байгаа мөртлөө Засаг даргаар томилохыг даалгах тухай шаардлагыг маань хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэгэнт хариуцагчаас миний нэрийг сумын Засаг даргаар томилуулахаар болж Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлыг шалгуулахаар хандахад хуульд заасан хугацааны дотор ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон талаар эргэж мэдэгдээгүй тул Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар аймгийн Засаг дарга миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор томилох шийдвэр гаргах ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч И миний нэхэмжлэлийн шаардлагын “Баяннуур сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг дарга Д.Б- даалгах” гэсэн хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч И нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл Ш нараас Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч М.Б, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  С.А нарт холбогдуулан “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дүгээр тогтоол, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Сумын Засаг даргыг томилуулах тухай” 05 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаар тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” 07 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” 09 дүгээр тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” 17 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” 18 дугаар тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол, “Хуралдааны дэгийг батлах тухай” 02 дугаар тогтоол, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 06 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Засаг даргыг томилуулах тухай” 10 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2021 оны төсөв батлах тухай” 11 дүгээр тогтоол,2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч Ө.Ж-аас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ө.Ж-ыг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн  шаардлагаа нэмэгдүүлснийг дээрх И-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэжээ.

Анхан шатны шүүх “...Баяннуур сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь тогтоогдоогүй буюу холбогдох газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянаагүй, өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилгүй эсхүл зөрчилтэй эсэх нь тодорхой биш байхад сумын Засаг даргаар томилохыг томилох эрх бүхий албан тушаалтанд даалгах үндэслэлгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэгч И-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулах тухай Хурлын дарга Ө.Ж-ын гарын үсэг зурж, тамга дарсан “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дүгээр тогтоол 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гарсан, уг тогтоолын талаар буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхдугаар хуралдаан болох талаар 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцогдсон 27 төлөөлөгчид мэдэгдсэн, тодруулбал анхдугаар хуралдааны товыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Ш, Ө.Ж нарын нэхэмжлэл гаргасан 12 төлөөлөгч мэдсэн ...” гэж дүгнэн нэхэмжлэгч Ш нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

1. Маргаан бүхий 14 дүгээр тогтоолоор Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлож, хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Ад үүрэг болгожээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Баяннуур сумын Ардчилсан намын хорооноос анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд хуралдуулах хүсэлтийг Хурлын дарга Ө.Ж-д тавьж, уг хүсэлтийг хүлээн авч, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлон тогтоосон болох нь хэрэгт авагдсан Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тогтоол, тус сумын Ардчилсан намын хорооны 1/25 дугаар албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх “...анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдээс хуралдаанаараа шийдвэрлэж гаргаагүй нь, өөрөөр хэлбэл Хурлын даргын ёсчилж баталгаажуулсан анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай Тэргүүлэгчдийн тогтоол буюу анхдугаар хуралдааны тов тогтоосон шийдвэр нь нэхэмжлэгч 12 төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд уг тов тогтоосон шийдвэрийн улмаас Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон 12 төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэжээ.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтуудаар анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдэд олгосон байх бөгөөд анхдугаар хуралдааныг хуралдуулах сумын Ардчилсан намын хорооны хүсэлтийг хүлээн авч, “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дүгээр тогтоолд нэхэмжлэгч Хурлын дарга Ө.Ж гарын үсэг зурж баталгаажуулсан буюу нэгэнт өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн тогтоолыг батлан гаргасан атлаа “бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах ёстой байсан” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тов тогтоож баталсан Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолын дагуу сумын Сонгуулийн хорооноос Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нийт 27 төлөөлөгчөөс хуралд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан эхэлсэн байх боловч энэ хэргийн нэхэмжлэгч болох Монгол Ардын намын төлөөлөгч Ш нар “Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай хуралдаан хийгээгүй байхад Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарласан мэтээр 14 дугаартай хууль бус тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн эчнээ байдлаар гаргасан” гэсэн тайлбар, үндэслэлээр хуралдааны тов мэдсэн ч оролцоогүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр огноолсон Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.А-д гаргасан “Шаардлага хүргүүлэх тухай” гомдол, уг гомдолд өгсөн мөн өдрийн хариу, Ж.С, С.Г, Р.Х, Х.А, Ө.Ж, С.А, Ш, С.М, А.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл болон 2020 оны ирсэн бичгийн бүртгэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах,...” гэж хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж товлосон хуралдаанд хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаар хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар зориудаар оролцохгүй байх эрхгүй байна.

Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй, албан ёсоор хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй атлаа зориудаар оролцоогүй нь тухайн хурлын төлөөлөгчдийг хуралд оролцох эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанд ирвэл зохих 27 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 55 хувийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоол гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд улмаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд захиргааны хууль бус үйл ажиллагаа байх, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан байх ёстой бөгөөд энэ тохиолдолд хурлын төлөөлөгч нар өөрсдөө хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй, хуралдааны товыг биечлэн мэдэгдсэн ч оролцоогүй байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан хууль бусаар зарлагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарт хуралдааны товыг мэдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ нөхцөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас баталсан бусад тогтоолуудыг хууль бус эрхийн актууд гэж үзэх боломжгүй, энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхээс Ш нарын нэхэмжлэлийн шаардлагын “... Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны даргалагчаар М.Б-ийг сонгосон хэсэг, тус хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” хэсгийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд “анхдугаар хуралдааны даргалагчаар М.Б-ийг сонгосон хэсэг, тус хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргах, хуралдааны дэг батлах” нь захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд энэ нь зөвхөн “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм. Тодруулбал, “анхдугаар хуралдааны даргалагчаар М.Б-ийг сонгосон хэсэг, тус хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргах, хуралдааны дэг батлах” нь дангаараа нэхэмжлэгч Ш нарын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт болох бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаар албан бичгээр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн И-ы хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянан үзэх боломжгүй гэж буцаасан байх тул И-ыг сумын Засаг даргаар томилохоос татгалзжээ.

Нэхэмжлэгч Ш нараас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын Засаг даргыг томилуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байхаас гадна Авлигатай тэмцэх газраас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй тохиолдолд шууд сумын Засаг даргаар томилохыг хариуцагч аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргах боломжгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Харин маргаан бүхий 1-01/01 дугаар албан бичгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт хариуцагч аймгийн Засаг даргаас давж заалдах гомдол гаргаагүй тул 1-01/01 дугаар албан бичгийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тэмдэглэв.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ