| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0074/Э |
| Дугаар | 075 |
| Огноо | 2020-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 075
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-т холбогдох 2013001180085 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.А-ын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БӨ аймгийн Дэлүүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 13 дугаар баг, Б уулын 3 гудамж, 0 тоотод оршин суудаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.м овогт М-ы А, регистрийн дугаар БЖ................
Шүүгдэгч М.А-ын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А- нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мунказ” үйлчилгээний төвийн урд талд байгаа таксины зогсоол дээр үл ойлголцох хэрүүл маргааны улмаас тус сумын 12 дугаар багт түр оршин суух иргэн Ө.К-ын хэвлий хэсэг руу баруун гараараа нэг удаа, нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013001180085 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Ө.К-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 14-16-рх/,
“...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед “Мунказ” үйлчилгээний төвийн урд талд байрлах таксины зогсоол дээр таксинд явдаг хүмүүстэй хамт зогсож байгаад М.А- гэх нэртэй залууд хандаж: “чи надаас 10 хоногийн өмнө авсан мотоциклийн сэлбэгийг буцаагаад өгөхгүй юм уу эсвэл мөнгийг нь өгөхгүй юм уу” гэж хэлэхэд “чиний өгсөн сэлбэгийг би идчихнэ гэж бодож байгаа юм уу” гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Энэ үед хамт байсан хүмүүсээс нэг нь ирж салгаад байж байтал М.А- дахиж над руу ирээд “чиний тэр төмрийг би идчихнэ гэж бодож байгаа юм уу” гэж хэл амаар доромжилж, миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж зодчихоод мотоциклоо унаад яваад өгсөн. М.А- миний нэхэмжилсэн 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч М.А- нь хохирогч Ө.К-ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан талаар мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 39-рх/,
4. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай дүгнэлтэд: /хх-ийн 21-22-рх/
“...иргэн Ө.К-ын биед хоёр талын нүдний доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын нурууны хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт,
5. Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 30-31-рх/
“...тухайн үед Ө.К- гэх залуу надад: “...чи надаас авсан мотоциклийн сэлбэгээ хэзээ буцааж өгөх юм, эсвэл мөнгийг хэзээ өгөх юм бэ?” гэж асуух үед миний бие “...сэлбэгийг чинь авч ирж өгнө”гэж хэлэх үед Ө.К- гэх залуу: “...сохор минь авч ирээд өг” гэж хэлэх үед нь миний уур хүрч Ө.К-ын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон юм. Тэрээр Ө.К- Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд миний бие Ө.К-аас уучлалт гуйж, эмчилгээ хийлгээрэй гэж 150000 төгрөгийг бэлнээр өгсөн” мэдүүлэг,
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 13/17 дугаартай “Тус багийн оршин суугч М овогтой А нь БЖ............... тоот регистрийн дугаартай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Эрхэлсэн ажилгүй, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус багт Дэлүүн сумаас шилжиж ирсэн. Амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаж чадаагүй, багийн амьжиргааны түвшин доогуур өрхийн тэргүүн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 32/
- 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “БЖ............... регистрийн дугаартай М.м овогт М-ы А- нь БӨ , Ө сум, 13-р баг, Жана ауыл, 40 гудамж, 18 тоотод оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/,
- 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон “РД:БЖ..............., овог:М.м, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1991/08/26, төрсөн газар:БӨ , Дэлүүн, хаяг:БӨ , Дэлүүн, 9-р баг, Хөх толгой, бүртгэлийн дугаар:832203620439, хүчинтэй хугацаа:2036/08/26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/,
- Шүүгдэгч М.А-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэн М.А- БЖ...............-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 36/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.А нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мунказ” үйлчилгээний төвийн урд талд байгаа таксины зогсоол дээр үл ойлголцох хэрүүл маргааны улмаас тус сумын 12 дугаар багт түр оршин суух иргэн Ө.К-ын хэвлий хэсэг руу баруун гараараа нэг удаа, нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ө.К-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-рх/, шүүгдэгч М.А- нь хохирогч Ө.К-ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан талаар мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 39-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-рх/, шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ө.К-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.А-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.К-ад 150000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.А- нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ө.К-ын гаргаж өгсөн баталгаа /хх-ийн 44/, хохирогч Ө.К-ын мэдүүлэг /хх-ийн 16-17/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Т.К нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгөхөөр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, 450 нэгж буюу 450000 төгрөгийн торгуулийн ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хамгийн бага хэмжээ бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч М.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.м овогт М-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.А-т 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК