Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 049

 

БӨ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ид холбогдох 1913004010281 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б-ийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цсумд төрсөн, 23 настай эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цсумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.х овогт Б-гийн Б-, регистрийн дугаар НБ.................

 

Шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө тус сумын 5 дугаар багийн нутагт байрлах “СС Монголия" ХХК-ны Гын уурхайн гүн рүү нэвтэрч уг уурхайн талбайгаас 169.6 кг вольфрамын чулуу хулгайлах үедээ учрах саадыг арилгах зорилгоор өөрийнхөө эзэмшлийн Уаз-469 маркийн 7945 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.”  гэв.

 

Эрүүгийн 1913004010281 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-рх/,

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-рх/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-рх/,

5. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-рх/,

6. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 049/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45-рх/,

7. “Мөнх эстимэйт” ХХК-ны үнэлгээчин Х.К-ын 2019 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 19/46 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-рх/,

8. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-81-

рх/,

9. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-84-рх/,

10. Иргэний нэхэмжлэгч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-ийн 28-рх/

“...Б.Б- манай уурхайгаас хулгайлан авсан 169,6 кг вольфрам чулууг хэсгийн төлөөлөгч тухайн үед хураан авч уут тус бүрээр нь миний хажууд хэмжиж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр надад хүлээлгэн өгсөн, уг чулууг би хүлээн авсан тул одоо Б.Боос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

11. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-ийн 33-34-рх/

 “...Б.Б нь СС Монголия компанид ажиллаж байсан болохоор таньдаг байсан. Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой ирэхээр нь оруулаагүй хөөгөөд явуулсан" гэх мэдүүлэг,

12. Гэрч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-ийн 35-37-рх/

“...Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой уурхайн ойролцоо явж байхад нь уулзсан юм. Тэр үед Б.Б ямар нэгэн зүйл хэлээгүй, тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сум руу явсан гэж сонссон” гэх мэдүүлэг,

13. Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-ийн 86-87-р х/

 “...тухайн өдөр эргүүл харуулын үүрэг гүйцэтгэхэд уурхайн ам бүгд бэхэлгээтэй, бэхэлгээг эвдсэн зүйл байхгүй байсан. Тухайн үед уурхайн амын дээд талаас өөр нэг нүх гаргасан байсныг хэрэг гарснаас хойш мэдээд одоо бол бүгдийг нь хааж янзалсан байсан” гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-ийн 60-61, 96-рх/

 “...миний бие тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед өөрийн УАЗ-469 маркийн 7945 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвөөс Гын уурхайн ойролцоо байдаг гэртээ очоод амарч байгаад тухайн өдөр орой 22 цаг өнгөрөөд харанхуй орой гэрээс гарахдаа машинаа гэрийнхээ гадна үлдээгээд явган ирж, уурхайн гаднаас лоом шиг төмөр олж аваад уурхайн ам руу дотогшоо орж уг төмрөөр чулууг ухсан. Тэгээд 11 дүгээр сарын 03-ны шилжих шөнө цаг хүртэл уурхай дотор вольфрамын чулуу ухаж гарч ирсэн. Тэгээд ухсан чулууг шуудайнд хийгээд уурхайн доод талд байдаг аавын гэрийн гадна авч ирж тавьсан. Тэгээд өглөө 11 цагийн үед аавын гэрээс гараад 13 цагийн хооронд уурхайн дотроос түүж гаргасан сул шороон дундаас түүсэн, уурхайн доороос гаргаж ирсэн вольфрамын чулуунуудыг хоёр шуудайнд хувааж хийгээд машиныхаа арын хэсэг буюу хонины хонхорт ганцаараа ачаад ээж, нагац ахын эхнэр болон сургуулийн хүүхдүүдийг аваад сумын төвд орж ирээд баригдсан. ...Хэн нэгэн надад уурхайд орох зөвшөөрөл өгөөгүй, би ашиг олж зээлээр авсан байсан УАЗ-469 маркийн машиныхаа мөнгийг өгөх зорилгоор уурхай руу орж чулуу түүсэн. Миний буруу хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл алга. Уг чулууг сумын төвд авч ирээд худалдан борлуулах гээд ухсан” гэх мэдүүлэг,

15. Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1142 дугаартай “Б овогтой Б /НБ................/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 66/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/,

- 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “РД:НБ................ овог:Х.х, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Б, яс үндэс:Орос /монголын/, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1996/03/20, төрсөн газар:Төв, Батсүмбэр, хаяг БӨ , Ц 0-р баг, 00000й, бүртгэлийн дугаар:/*******8, хүчинтэй хугацаа:2021/03/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар “СС Монголия” ХХК-ын Гын уурхайд очиж тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдад мэдэгдэлгүй, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж хулгайлсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдлүүд нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг “СС Монголия” ХХК-ын Гын уурхайд очиж хулгай хийхдээ учрах саадыг арилгах, уг үйлдлээ хурдан шуурхай гүйцэлдүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн Уаз-469 маркийн 7945 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Машин механизмыг хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б- нь энэхүү тээврийн хэрэгслээ хулгайлах гэмт үйлдлээ хэрэгжүүлж дууссаны дараа буюу хулгайлах гэмт хэрэг төгссөнөөс хойш ашигласан тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй байна.

Харин уг 169.6 кг вольфрамын чулууг тухайн уурхайгаас зөөвөрлөхдөө тээврийн хэрэгсэлд ачих үйлдэл хийсэн бол уг гэмт хэрэг төгссөн, төгсөөгүй аль нь боловч тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- “СС Монголия" ХХК-ны Гын уурхайн гүн рүү нэвтэрч уг уурхайн талбайгаас 169.6 кг вольфрамын чулуу хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар вольфрамын чулууг зөөж тээвэрлэсэн бөгөөд вольфрамын чулууг хулгайлахдаа уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг БӨ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нь “шүүгдэгч Б.Б-ийг “СС Монголия" ХХК-ны Гын уурхайн хаалганы дээд талд байгаа цоорхой нүхээр орсон, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж үзэхийн тулд хаалганы цоожийг эвдэж орсон байх ёстой. Гэтэл тэгж эвдэж орсон асуудал байхгүй. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг зөвшөөрөхгүй байгаа тул уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ял оногдуулж өгнө үү” гэх  боловч энэхүү уурхай нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамаардаг болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.  

Уг уурхайд нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэх тул СС Монголия ХХК-ын Гын уурхайг тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулсан гэж  үзлээ

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж Гын баяжмал хулгайлснаас хохирогч “СС Монголия” ХХК-д 2,035,200 /хоёр сая гучин таван мянган хоёр зуун/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч “СС Монголия” ХХК-д учирсан хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч Б.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Б- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 68 дугаар хуудас/ тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б- нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч СС Монголия ХХК-д эд хөрөнгөд учирсан хохиролгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ид шүүх хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж, цагдан хоригдоогүй байна.

            Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Б.Б-ийн эзэмшлийн Уаз-469 маркийн 7945 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см-ийн урттай, диаметр нь 1.5 см хэмжээтэй цул хасуур /лапатик/ төмөр 1 ширхэг, 8 см-ийн урттай, 5 см толгойтой, 24 см урт иштэй алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. БӨ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч Х.х овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.х овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5. Шүүгдэгч Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Б.Б-ийн эзэмшлийн Уаз-469 маркийн 7945 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см-ийн урттай, диаметр нь 1.5 см хэмжээтэй цул хасуур /лапатик/ төмөр 1 ширхэг, 8 см-ийн урттай, 5 см толгойтой, 24 см урт иштэй алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

               

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК