| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0034/э |
| Дугаар | 2020/ШЦТ/32 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/32
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт И.Гт холбогдох 1921008450004 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 199 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,
- Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ялыг багтаан нийт 5 жил хорих ял шийтгүүлж, 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ..... овогт И.Г. /РД: ................/
Шүүгдэгч И.Г нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” баарны гадна У.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү мөргөж “...У.Г-ын биед 2 шүдний булгарал, хүзүүнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…гэв.
Хохирогч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “*******” баар орохоор дөнгөж хашаа руу нь орж байтал баарнаас миний танил ах гарч ирсэн. Тэр ах манай ******* ах болох И.Г согтуу нэлээд ууртай байсан бөгөөд би дөхөж очоод “та яасан бэ би Г байна” гэж хэлэхэд намайг хүнтэй андуурсан ч юм уу шууд тэврээд авсан. Тэгэхэд нь би өөдөөс нь хоолойг нь боож өөрөөсөө түлхэхэд И.Г ах шууд миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд миний амнаас цус гараад нэг эвгүй болсон ба би тэр ахаас зугтааж баар руу орсон. Бааранд ороод харахад миний дээд талын нэг үүдэн шүд байхгүй болчихсон байсан бөгөөд нөгөө талын үүдэн шүд хөдөлсөн байсан. ...И.Г миний эмчилгээний зардалд бэлэн 500.000 төгрөг өгсөн...” гэжээ. /хх-ийн 8-10 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 766 тоот дүгнэлтэд:
1. У.Г-ын биед 2 шүдний булгарал, хүзүүнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, 2 шүдний булгарал гэмтэл нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар хөнгөн, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтмол 10% алдагдуулна, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
- И.Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 21-23 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт И.Г нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” баарны гадна хохирогч У.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр рүү нь мөргөж эрүүл мэндэд нь “2 шүдний булгарал, хүзүүнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 766 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч И.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч И.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч И.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хохирогч У.Г-д бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч И.Г-той эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч И.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч И.Г-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт И.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч И.Г-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ