Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 0083

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Г.Т

Хохирогч Б.Б

Шүүгдэгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн С.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.О нь 2019 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Б-тэй архи ууж байгаад маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохисон, мөн нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Би согтуу байсан тул сайн санахгүй байна. Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Цалин 140.000 төгрөг, эмчилгээний 170.000 төгрөгийн хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө С.О согтуугаар нүүр рүү цохиж өшиглөсөн. Би ухаан алдсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Өглөө босоход нүүр битүү хавдсан байсан. Эмчилгээний зардал 170.000 төгрөг, цалин 140.000 төгрөг нэхэмжилнэ. Гомдолгүй гэжээ.

-Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай нөхөр Б 2019 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ согтуу орж ирсэн. Харанхуй байсан болохоор царай зүсийг нь хараагүй. Өглөө сэрээд хартал нүүр нь хавдаж хөхөрсөн, амьсгаа авч чадахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 9 хуудас/,

-Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өөрийн төрсөн дүү Э-ын гэрт байж байтал гаднаас манай хүргэн Ч болон Б, О нар орж ирсэн. Ч согтоод унтаад өгсөн. Б зуухны хажууд сууж байсан. О гэртээ харилаа гэж гараад буцаж орж ирээд ус уух гэж байсан Б нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсөн. Б ухаан алдаж унасан. О, Б-г газар унасан хойно нь нуруу руу нь өшиглөөд байсан. О зүгээр сууж байсан Б-г газар унасан хойно нь нүүр болон нуруу руу нь хөлөөрөө өшиглөж зодсон. Б, О-г зодож цохисон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 11 хуудас/

-Насанд хүрээгүй гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: О ах Д ахын хүзүүнээс гараараа бариад оролдоод байсан. Д ах өндийгөөд босох гэтэл О ах хөлнөөс нь зуурчихаад босгохгүй байсан. О ах тоглоом даахгүй сүртэй юм бэ? гээд Д ахад хандаж юм яриад байсан. Дараа нь О ах Д ахыг заамдаж байгаад нүүрэнд нь гараараа цохисон. О ах Д ахыг нэг удаа толгой руу нь өшиглөж байсан. Д ахын нүүр цус болсон байсан. О ах Д ахыг ор болон гутлын тавиур руу хэд хэдэн удаа түлхэж унагаасан. Бах өөрөө унаж ямар нэгэн юм мөргөсөн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...сэрээд хартал О нь Б-г газар шалан дээр доош нь толгой хэсгээр нь тонгойлгоод нуруу толгой руу нь гараараа цохиж зодож байхаар нь би очиж салгасан. Б-ийн нүд, ам хөхрөөд цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 13 хуудас/ 

-Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 38 дугаартай: Б.Б-ийн цээжний зүүн тал 9 дүгээр хавирганы хугарал, хэлэнд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээжинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 15 хуудас/,

Шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Надад сонсгосон ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Б бид 2 хоорондоо тоглоом шоглоомоор юм ярьж байгаад сүүлдээ бие, биедээ уурлан хоорондоо маргалдсан. Тэгж байгаад би Батдэлгэрийг зодсон байх. Ямар ч байсан Батдэлгэрийг нэг удаа цохиж байснаа санаж байна. Б-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Б-ийг заамдаад нүүрэнд нь цохиж байснаа санаж байна гэсэн мэдүүлэг /хх 21-22 хуудас/

-С.О-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20, 21-22 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.О нь 2019 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчээс 170.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин гэж 140.000 төгрөг нэхэмжилдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул хохирогч нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна гэв.

            Шүүгдэгч С.О нь 2019 оны 12 сарын 18-наас 19-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б.Б-тэй архи ууж байгаад маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохисон, мөн нүүрэн тус газарт нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг /хх 9, 11, 12, 13 хуудас /, хохирогч Б.Б-ийн биед цээжний баруун тал 9 дүгээр хавирганы хугарал, хэлэнд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр цээжинд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 170.000 төгрөг, цалин 140.000 төгрөг  нийт 310.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч шүүгдэгчээс эм тарианы 81.200 төгрөг, толгойн зураг авахуулсан 10.000 төгрөг, цалин 140.585 төгрөг нийт 231.785 төгрөг гаргуулан хохирогчид олгож, 78.215 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            аймгийн прокуророос шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч С.О нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр эхнэр Ж.Х-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2009 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий хүн Ж.Х-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2009 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий 9 настай хүүхэд Х.Т-г байнга зодсон үйлдэлд нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

            Хорих ялыг тэнссэн хугацаанд шүүгдэгч С.О нь дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тус шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.