Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/70

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш

Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э.Ч-т холбогдох эрүүгийн 1921006670028 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “.....” ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Э.Ч. /РД: ...../

 

Шүүгдэгч Э.Ч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн хойд талын авто машины зам дээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ....... улсын дугаартай “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Г.Э-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Э.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний аав нас барсан. Би аавынхаа буяны ажлын юмыг цуглуулахаар өглөө 08 цагийн үед гэрээсээ гарсан. Тухайн үед би Дашваанжил орж газан плитка авахаар явж байсан. БОЭТ-ийн хойд талын гэрлэн дохион дээр зогсоод цааш давхиж байгаад эсрэг талаас хүн гарч ирэхийг анзаараагүй. Тухайн үед замаар 2, 3 машин өнгөрсний дараа гэнэт явган зорчигч гарч ирсэн. Харсан даруйдаа тормоз дарсан боловч талийгаачийг мөргөсөн. Ганбат эмч хохирогчид анхны тусламж үзүүлж, би дагаад эмнэлэг орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Ээж маань манай хүүхдүүдийг харахаар хотод ирсэн байсан. Ээж маань ахмадын зөвлөлдөө нэлээд нэр хүндтэй байсан. Ахмадын баяртаа ирж оролцооч гэсэн болохоор ээж маань Дорнод аймагт ирсэн. Намайг ажлаас буугаад ирэхэд Дорнод аймгийн Цагдаагийн байгуулалагаас хүн ярьсан. Тэгээд би эгчийн хамт хотоос нааш гарсан боловч ээжтэйгээ уулзаж чадаагүй. Миний эгч, эгчийн 7 дугаар ангийн хүүхэд ээжийн асаргаанд байдаг байсан. Ээж маань нас барсан болохоор би тэр хоёрыг асарч байна. Оршуулгын зардалд нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч зөвшилцье гэсэн үндсэн дээр эгч, дүү хоёрын амжиргаанд нь тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болж, нотариатын гэрээ байгуулсан...гэв.

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх 1000-н айл барилгын дэлгүүрээр эхнэрийн хамт үйлчлүүлээд гараад зам руу харахад тус дэлгүүрийн хойд талын авто зам дээр нэг эмэгтэй машинаас болгоомжлохгүй хойшоо яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тэр үед би эмч хүн, иргэн хүний хувьд очиж анхны тусламж үзүүлсэн. Үзэхэд амин үзүүлэлт хэвийн, хөл гарыг нь үзэхэд санжигнасан зүйл байгаагүй бөгөөд би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан...” гэжээ. /хх-ийн 29 тал/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э.Ч ах Дорнод аймагт оршин суудаг, гэрийн хаяг нь Дорнод аймагт бүртгэлтэй байдаг учраас ....... дугаартай тээврийн хэрэгслийг анх худалдан аваад хотын дугаартай нь байлгах зорилгоор миний нэр дээр гэрчилгээг нь гаргуулж авсан...” гэжээ. /хх-ийн 31 тал/

 

            - Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 73 тоот дүгнэлтэд:

            Хариулт-1: “......” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Ч нь тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/ц хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэснийг зөрчиж явсан байна.

            Хариулт-2: Жолооч Э.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байна.

            Хариулт-3: Т.Кроун маркийн ............ улсын дугаартай автомашин дугуйн тоормосны мөр нь хэрэг, ослын газарт 28,25 метр илэрснийг тоормосны мөрийн уртаар хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцоход 67,5 км/ц хурдтай зорчиж явсан байна.

            (254*28.25*0.7) / 1.1=67.5 км

            Зам дугуйн барьцалтын итгэлцүүр 0,7

            Тоормосны идэвхжилтийн итгэлцүүр 1.1 тооцоолов.

Хариулт-4: Жолооч Э.Ч нь аюул саад буюу явган зорчигчийг гүйгээд гарч ирэхийг хараад тоормос гишгэсэн нь тээврийн хэрэгслийг зогоох арга хэмжээ авсан боловч осол гаргахгүй зогсох хэмжээний зогсоох арга хэмжээ аваагүй байна.

Хариулт-5: Жолооч Э.Ч-т тухайн үед өдрийн цагаар үзэгдэх орчин хангалттай учир замын эсрэг талаас гарч ирсэн явган зорчигчийг харах боломжтой байсан байна.

Хариулт-6: Жолооч Э.Ч нь явган зорчигчийг гарч ирсэн нөхцөлд тулгарсан аюул, ослоос зайлж зугатах боломж байхгүй. Жолоочийн самбаачлах хугацаа гэдэг нь жолооч аюул саад бий болохыг хараад тормозны дөрөөн хөл гишгэх хугацааг хэлнэ.

Хариулт-7: Зам тээврийн осол гарсан зорчих хэсэг дээр замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй учир замын эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй байна. Замын тэмдэг байрлуулах стандарт МNS 4596: 2014 б) Суурин газрын доторхи замд тэмдгийн өндрийг зорчих хэсгээс тэмдгийн доод хүрээ хүртэл 2-4 метр, зорчих хэсгээс тэмдэг хүртэл зайг зорчих хэсгийн хашлаганаас тэмдгийн хүрээ хүртэл 0,5-2,0 метр байна гэж заасан байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.19.а, 5.19.б “Явган хүний гарц” тэмдгүүдийг зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахад зориулсан газрыг мэдээлэхэд хэрэглэнэ. 5.19.а тэмдгийг замын зүүн гар талд, 5.19.б тэмдгийг баруун гар талд байрлуулна. Тусгаарлах зурвастай замын зорчих хэсэг тус бүр нь гурав буюу түүнээс олон эгнээтэй байвал 5.19.а ба 5.19.б тэмдгийг зорчих хэсэг тус бүрийн зүүн ба баруун гар талд харгалзуулан байрлуулна гэж тус тус заасан байх тул замын тэмдэг зөв, стандартын дагуу тавигдсан байна гэж үзлээ.

Хариулт-8: Явган зорчигч Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн байна.

Хариулт-9: Уг зам тээврийн осол нь явган зорчигч Г.Э нь гарц гарамгүй гарцаар зам хөндлөн гарч явахад нь жолооч Э.Ч нь “Т.Кроун” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэн явснаас тээврийн хэрэгслээ бүрэн зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол болох шалтгаан болсон байна гэжээ. /хх-ийн 37-39 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 135 тоот дүгнэлтэд:

1. Г.Э-н цогцост нарийн гэдэсний чацархайн язарсан шарх, цус хуралт, сэмжний цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, өрцний цус хуралт, урагдсан шарх, баруун атгаал ясны хугарал, баруун шилбэ ясны хугарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, хуйханд баруун зулайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын үзүүрийн зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зүүн гуя, баруун ташаа, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун сарвууны зулгаралт, цус хуралт, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн баруун болон зүүн талын олон хавирганы хугарал эмнэлгийн сэхээн тусламж үзүүлэх үед /зүрхний массаж/ үүссэн байна, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тухайлбал авто машинд мөргөгдөх, унах үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүдийн нарийн гэдэсний чацархайн язарсан шарх, цус хуралт, сэмжний цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, өрцний цус хуралт, урагдсан шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун атгаал ясны хугарал, баруун шилбэ ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь нарийн гэдэсний чацархайн шархнаас цус алдаж цус алдалтын шокоор нар баржээ.

6. Талийгаач АВ IV бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-56, 58-60 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/

- Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12-13 тал/

- Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/

- Цогцос, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 тал/

- Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 тал/

            - Яаралтай тусламжийн хуудас, мэс заслийн тэмдэглэл, өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 80-92 тал/

            - Хохирол холбоотой баримтууд /хх-ийн 110-118, 123-127 тал, задгай 1 /нэг/ ширхэг/

            - Э.Ч-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27, 70-71 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Эд  мөрийн баримтаар: CD 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ...... овогт Э.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн хойд талын авто машины зам дээр “Toyota crown” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Г.Э-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 73 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 135 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цогцос, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол, яаралтай тусламжийн хуудас, мэс заслийн тэмдэглэл, өвчний түүх, эмчийн үзлэгийн тодорхойлолт, хохирол холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Э.Ч-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Э.Ч-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ч-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Э.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ч-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

 

Шүүгдэгч Э.Ч-ийн үйлдлийн улмаас Г.Э-н амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын болон бусад зардалд нийт 7650.078 /долоон сая зургаан зуун тавин мянга далан найм төгрөг/ төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ш нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Чийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Ч-н ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В, С, Е, М” ангиллын ..... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт Э.Ч-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ч-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ч-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /7650.078 төгрөгийг төлсөн/ болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Ч-ийн ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, “В, С, Е, М” ангиллын ...... дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ