Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 867

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О. Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, № ***** дугаартай өргөдлийн дагуу ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас  усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Ч.Н*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Улмаар Ашигт малтмалын газар /хуучнаар/ зураг зүйн шүүлтэнд оруулж ямар нэгэн давхцал байхгүй, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн санал авахаар ******* аймгийн Засаг дарга руу мэдэгдэл явуулсан байдаг. Харин ******* аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоотоор № ****** өргөдөлд дурьдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй санал” ирүүлсэн талаар тухайн үед хариуцагч талаас манай байгууллагад мэдэгдсэн.

Үүний дараа манай компанийн зүгээс ******* аймгийн Засаг даргад “дэмжихгүй саналаа” эргэн нягталж үзэх талаар хүсэлт гаргасны эцэст 2015 оны 12 дүгээр сарын 24-ний өдрийн 288 тоот саналаар дурьдсан талбайд манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг Ашигт малтмалын газар /хуучнаар/-т өгсөн. Ингээд хариуцагч манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон боловч, сонгуулийн дараа өөрчлөгдөж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр манай компанид № ****** дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/6050 тоот албан бичгээр манай компанийн гаргасан гомдлыг хангахгүй, хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дээрх шийдвэрийг гаргахдаа манай компанийн өргөдөлд дурьдсан талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу батлагдсан газрын хилийн заагт хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлийг дурьдсан байдаг.

Гэтэл хариуцагч өөрөө № ****** дугаартай өргөдөлд дурьдсан талбайг ашигт малтмал хайх, ашиглахын хориглосон газар ямар нэгэн давхцаагүй гэж үзсэний үндсэн дээр өргөдлийн талбайг зарласан, мөн манай компанийн гаргасан өргөдөлийг хүлээн авч зураг зүйн шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасны дагуу орон нутгаас санал авах шийдвэр гарсаныхаа дараа дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэв № ****** дугаартай өргөдөлд дурьдсан талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу батлагдсан газрын хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай бол энэ нь манай компанийн гаргасан алдаа биш хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Манай компани хариуцагч байгууллагын шийдвэрийг үнэн зөв, хууль ёсны гэдэгт итгэн энэхүү хайгуулын зөвшөөрөл олгох ажиллагаанд оролцсон, бидний гаргасан өргөдөл маань хуульд заасан шаардлагыг хангасан байсан болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож № ****** дугаартай өргөдөлийн дагуу ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг үзхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр зөвхөн нэхэмжлэгч “Угтаал гурван уул” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаагүй, мөн № ****** дугаартай өргөдөлийн тойм зургаас харахад тус өргөдөлийн талбайн 16.92 га талбай нь усан сан бүхий хамгаалалтын бүсэд орсон нь харагдаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудтай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, № ****** дугаартай өргөдлийн дагуу ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16.92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Манай компани нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг гаргасан. Манай компанийг өргөдөл гаргасны дараа Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаар тогтоолын дагуу батлагдсан солбилцолоор манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайн зарим хэсгийг усан сан бүхий газарт хамааруулсан байх бөгөөд манай компани энэ талаар мэдэх боломжгүй байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/17 дугаар албан бичгээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хэсэгчлэн давхцалтай байгаа хэсэгт хасалт хийн үлдсэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт, гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан гаргаж байсан. Хариуцагч нэгэнт түрүүлж гаргасан өргөдөлийн талбайн зарим хэсэг сүүлд батлагдсан Засгийн газрын тогтоолоор усны сан бүхий газарт хамаарсныг харгалзан үзэж усны сан бүхий газартай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байхад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

******* аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоотоор № ****** өргөдөлд дурьдсан солбилцол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, мөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус “дэмжих” гэж өөрчилсөн нь ******* аймгийн Засаг даргаас өмнөх шийдвэрээ зассан захиргааны акт гаргасан гэж үзэх боломжтой гэж ойлгож байна. Нэгэнт Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хувьд цаашид Засаг даргын “дэмжихгүй” саналтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, № ****** дугаартай өргөдөлийн дагуу ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16.92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолыг тогтоох тухай” 239,  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“У” ХХК нь ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг “Өндөр цахир” нэртэй 5932.39 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган № ****** дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “У” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасаны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5424 дугаартай албан бичгээр ******* аймгийн Засаг даргад санал явуулсан.  

Уг саналд ******* аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг  хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. 

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн № 005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/415 дугаартай “дэмжиж байна” гэсэн санал ирсэн хэдий ч “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот тогтоолд “У” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдагдсан талбай нь ус, усны эхтэй хэсэгчлэн давхцалтай байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1-ийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дүгээр шийдвэрээр № ****** дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/5449 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна. Иймд “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “У” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Тайшир, Есөнбулаг сумын нутагт Өндөр цахир нэртэй 5916 га  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “У” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасаны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5424 дугаартай албан бичгээр ******* аймгийн Засаг даргад явуулж, уг саналд ******* аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. 

Үүний дараа ******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 288, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/415 /хуурамч болох нь хэрэгт авагдсан 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор нотлогддог/ дугаартай саналаар тус тус “дэмжсэн” санал ирүүлсэн байна.  

Гэтэл ******* аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаартай дэмжсэн санал ирэхээс өмнө Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд өөрчлөлт оруулсанаар “У” ХХК-ийн өргөдлийн талбай нь усан сан бүхий хамгаалалтын бүстэй 16.92 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай болсон нь хэрэгт авагдсан кадастрын зургаар нотлогдож байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд хэдийгээр “дэмжсэн” санал ирүүлсэн боловч нэгэнт хориглосон талбайтай давхцсан тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, № ***** дугаартай өргөдлийн дагуу ******* аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас  усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОЮУНГЭРЭЛ