Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2004

 

 

 

 

 

 

 

 

 

П.Мөнхбаярын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05067 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Техник технологийн дээд сургууль”-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 012 448 гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргалын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Мөнхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч П.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мөнхбаяр нь 2014 оны 10 дугар сарын 16-ны өдөр Техник технологийн дээд сургуультай 1 жилийн хөдөлмөрийн гэрээ хийж, дэд захирлаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед мөн тус сургуульд Монгол-Коосен төслийн багийн зохицуулагчаар ажиллахаар болж 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллах гэрээ байгуулсан. Тэрээр өөрт оногдсон ажлаа хангалттай сайн хийж байсан бөгөөд хариуцагч тал П.Мөнхбаяр нь ажилдаа сайн, мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдсан, байгууллагын дотоод журам зөрчсөн асуудал гаргаагүй. Нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар сахилгын арга хэмжээ ч авч байгаагүй. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард гэрээнд заасны дагуу энэ хүний ажлыг дүгнээд, гэрээг сунгаж, цаашид ажиллуулах ёстой байхад энэ асуудлыг дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийг “өөрөө халагдана гэж хэлсэн” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр өөрийн сайн дураар чөлөөлөгдөөгүй, “би өөрөө ажлаасаа гармаар байна” гэж хэлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаа шууд хаяад явсан гэж байгааг нотлох баримт байхгүй. Иймд П.Мөнхбаярыг Техник технологийн дээд сургуулийн Монгол-Коосен төслийн багийн зохицуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг түүний ажлаас халагдсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нөхөн олгуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахад хуульд заасан журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийх үүргийг ажил олгогч хүлээдэг учир бид энэ талаар анхнаасаа нэхэмжлэл гаргаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын анх гаргасан нэхэмжлэл нь ойлгомжгүй байсан. П.Мөнхбаяр анх шүүхэд хандахдаа “би ажлаас үндэслэлгүй халагдсан” гэж нэг ч зүйл яриагүй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан” гэсэн зүйлийг ярьж эхэлсэн. Бид П.Мөнхбаярыг ажлаа сайн хийж байсан тал дээр ямар ч маргаан байхгүй. Тэрээр дэд захирлаар ажиллаж байсан хугацаандаа ажлаа гүйцэд, сайн хийхгүй байсан учир түүнийг төслийн удирдагчаар ажиллуулсан. Учир нь Япон улсад ажиллаж байсан, сургуулийг нь төгссөн хүн уг удирдагчийн ажлыг сайн хийх байх гэж бодсон. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анх ажилд авахдаа 1 100 000 төгрөг олгохоор болсон. Дараа нь Монгол-Коосен төслийн зохицуулагчаар томилж цалинг нь 1 600 000 төгрөг болгосон. Уг ажилдаа тэрээр маш сэтгэл ханамжгүй байдал нь олон зүйл дээр харагддаг байсан. Тэрээр ажлынхантай болон Япон улсаас ирсэн мэргэжилтэн нартай таарч тохирохоо больсон. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Коосен төслийн 2 дахь төслийн хугацаа дуусахад тэрээр тайлангаа тавиагүй. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар П.Мөнхбаярыг ажлаас хална, түүнийг муу ажилласан гэсэн ямар нэгэн асуудал яригдаагүй. Гэтэл П.Мөнхбаяр ажлын хариуцлага алдаж, ажил хаяж явсан. Бид П.Мөнхбаярыг 20 хоног хүлээсэн. Бид гэрээгээ сунгая гэж хүсч байсан хэдий ч тэрээр “би ажиллахгүй” гээд л явсан. Энэ талаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар тайлан, тэмдэглэл дээр ч тусгагдсан байгаа. Тэр хурал дээр П.Мөнхбаярыг ажлаас хална гэсэн зүйл огт яриагүй. Эсрэгээрээ П.Мөнхбаяр “намайг өөрчилсөн ч болно” гэсэн зүйл ярьдаг. Энэ хурлын дараа бюуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа ирэхээ больсон. Бид түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусч байсан учраас гэрээг дахин сунгаагүй. П.Мөнхбаяр 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрөө ирээд ажлаас халагдах тушаалаа авч, гарын үсэг зураад явсан. П.Мөнхбаяр нь хэдийгээр өндөр боловсролтой боловч хамт нэг баг болж ажиллахад маш төвөгтэй хүн. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг ч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Мөнхбаярыг Техник технологийн дээд сургуулийн “Монгол-Коосен төсөл”-ийн “төслийн багийн зохицуулагч” албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 47 149 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал давж заалдах гомдолдоо: “...Ажил олгогчийн зүгээс П.Мөнхбаярыг шууд ажлаас халаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5-д хугацааг тогтоохдоо ажилтны ажлын гүйцэтгэлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэхийг тодорхойлно гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан захиргааны зөвлөлийн хурлаар П.Мөнхбаярын ажлын тайланг хэлэлцэж хангалтгүй байна, сайжруулж ир гэж шийдвэр гаргасан. Гэтэл П.Мөнхбаяр тэр өдрөөс хойш ажилдаа ирээгүй, тайлангаа дахин хэлэлцүүлээгүй. Ингээд арга буюу 2 долоо хоног хүлээсний эцэст 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал яагаад ажлаа орхиж явсан шалтгаанаа шүүхэд тайлбарлаж чадаагүй. Ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халах ямар ч шаардлага тухайн үед байгаагүй. Нэхэмжлэгч өөрөө ажлаа хаяж явсан болох нь сургуулийн ерөнхийлөгч М.Сэргэлэнгийн П.Мөнхбаярт хандаж үргэлжлүүлэн ажиллахыг санал болгож байсан тухай гэрчийн мэдүүлэг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр зэргээс тодорхой харагдаж байхад шүүх авч хэлэлцэлгүй нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч П.Мөнхбаяр нь өөрийн дураар ажил хаяж явсан нь нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгээс тодорхой харагдаж байхад шүүх байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн ганцхан үндэслэлийг баримталж Иргэний хэргэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч П.Мөнхбаяр нь хариуцагч Техник технологийн дээд сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Мөнхбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Техник технологийн дээд сургуулийн “Монгол-Коосен төсөл”-ийн төслийн багийн зохицуулагчаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, захиргааны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5-8, 115-118/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх боловч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж П.Мөнхбаярыг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Техник технологийн дээд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч П.Мөнхбаярт олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал нь “П.Мөнхбаяр нь ажлаа орхиж явсан 2 долоо хоног хүлээсний эцэст арга буюу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч Техник технологийн дээд сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 112 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг уг үндэслэлээр гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааасныг баримтласан байгаа тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргалын төлсөн 47 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН