Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-а дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрт “...гэж тус тус заасны дагуу “С” ХХК нь газар эзэмших эрхгүй гэж маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэжээ.

“С” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд газар эзэмших нь хуульд нийцсэн үйлдэл болно.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчийн талаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд “С” ХХК руу гадаадын хуулийн этгээд болон хувь хүнээс ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй байх бөгөөд хөрөнгө оруулсан тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Харин “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй “Алтай дайхан холдинг” ХХК байна. Иймд “С” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд хэмээн үзэх боломжгүй байна.

Шийдвэрт “...газар эзэмшүүлэх тул шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүй эзэмшил газраа бусдад ашиглуулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна” гэжээ. “С” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 39/19 тоот албан бичгээр “Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2018 онд уринш хийсэн талбайгаас бусдад түрээслүүлэх шаардлагатай боллоо холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” гэхэд сумын Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/95 тоот албан бичгээр өгсөн хариундаа “Санхүүгийн хүндрэлийн тухайд тухайн газар эзэмшигчийн бүрэн хариуцах асуудал бөгөөд хуульд заасан зүйл байхгүй байна” хэмээн хууль бусаар татгалзсан.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;” гэсэн байх бөгөөд хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзах эрхийг сумын Засаг дарга д буюу хариуцагчид хуулиар олгоогүй байх тул тэрээр хуульд байхгүй үндэслэлээр татгалзаж, хууль зөрчсөн байна. Хэрэв хариуцагчийг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх үүргээ биелүүлсэн бол “С” ХХК-ийг хууль зөрчсөн хэмээн буруутгах боломжгүй байх байсан.

Шийдвэрт “...энэ бүгдээс үзвэл Тариалангийн тухай хуулийн ... гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэжээ.

Маргаж буй 6 нэгж талбар бүхий газрын 4 нь үр тарианы зориулалттай байх бөгөөд аль талбайд нь тариалалт хийсэн болон хийгээгүйг нь хариуцагч тогтоогоогүйгээс гадна шүүх мөн ялгаж үзээгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, үтрэм болон төмс, хүнсний ногооны зориулалттай хоёр газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүйгээс гадна үр тарианы зориулалттай дөрвөн талбайн хоёрт нь тариалалт хийж, нөгөө хоёрт нь уринш хийж өнжөөдөг юм. Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 202 оны 10 дугаар сарын 08- ны өдрийн 536 дугаар албан бичгээр 2017, 2018, 2019 онуудад тариалалт хийсэн болох нь тогтоогдож байхад 2 жил дараалан тариалалт хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд өнжөөсөн талбайд тариалалт хийгээгүй хэмээн буруутгаж байгаа нь мөн буруу дүгнэлт юм.

Шийдвэрт хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл байдлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ” гэжээ.

Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл байдлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан талаар нэг ч удаа сонсох ажиллагаа явуулж байгаагүй тул зөрчил гаргасан гэдэг нь үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн зөрчил гараад байдаг байсан бол хариуцагч 2017-2019 онуудын Газар тариалан эрхпэгчидтэй хамтран ажиллах гэрээг байгуулахгүй байх байсан. Харин түүний хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь бусдад түрээслүүлэх хүсэлтийг зөвшөөрөхгүй, зориуд татгалзсан. Өөрөөр хэлбэл, хясан боогдуулж, улмаар тухайн нөхцөл байдалд хамаарахгүй заалтуудыг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргасан.

Хариуцагч нь захирамж гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоон, түүнд тохирсон хэм хэмжээг хэрэглэх үүрэгтэй. Гэтэл шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт цуглуулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С” ХХК газраа бусдад түрээслүүлж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон өөр баримт байгаагүй хэмээн тайлбарлаж байсан. Хавтаст хэрэгт байгаа түрээсийн гэрээг талууд байгуулсныг Засаг дарга зөвшөөрөөгүй тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсноор хамтран ажиллах гэрээг дараа нь байгуулсан ба аль ч гэрээний дагуу ямар ч төлбөр “С” ХХК-ийн дансанд ороогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тайлбарлан маргажээ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийг газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах нэрийн дор газраа бусдад ашиглуулж түрээслүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний зарим нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, тариалангийн үйлдвэр эрхлэгчийн үүргээ биелүүлээгүй, хоёроос дээш жил эзэмшилд байгаа газартаа бүрэн тариалалт хийгээгүй гэж үзэн 4 нэгж талбар бүхий 816.32 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Үүнд нэхэмжлэгчээс “С” ХХК 2017 онд тариалалт хийсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ... нэхэмжлэгчийг эзэмшил газартаа 2 жил дараалан тариалалт хийгээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй ... газраа бусдад түрээслүүлсэн, үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал харагдсан учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж ямар ч баримтгүйгээр таамаг дэвшүүлж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий акт нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулахад шаардагдах нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Маргаан бүхий актын үндэслэл болох нэхэмжлэгч “С” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байж болох шинжтэй эсэх, газрыг бусдад зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан, газрын төлөв байдлыг сайжруулах, хамгаалах нөхцөл байдал гэсэн Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоох шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ““С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Алтайдайхан холдингс” ХХК нь гадаадын хуулийн этгээд болох Бүгд найрамдах Солонгос Улсын “А” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байх бөгөөд “С” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлд заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулах, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани эсэхийг тогтоох нотлох баримтыг цуглуулах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас тогтооход ач холбогдолтой юм. 

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “С” ХХК-ийн 2009-2020 онуудад хийсэн тариалалт болон хураан авсан ургацын талаарх баримт ирүүлсэн байх бөгөөд уг баримтаар нэхэмжлэгч компани нь 2016, 2020 онуудад тус тус тариалалт хийгээгүй талаар дурдсан байх боловч яг аль нэгж талбар бүхий талбайд тариалалт хийсэн, аль нэгж талбар бүхий талбайд тариалалт хийгээгүй талаар тогтоох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан гомдолдоо “...манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж, жил бүр тариалалт хийж, газрын хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулах, байгаль орчинд ээлтэй технологийг хэрэглэж, талбайн түүх хөтлөн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангаж, үр тарианы үйлдвэрлэлд хөрсийг тэг элдэншүүлгийн болон цомхтгосон технологи боловсруулж ажилласан” гэж мэдэгдсэн байхад энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…” гэж заасанд нийцэх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмшиж буй газартаа хоёроос дээш жил бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй эсэхийг шалган тогтоож, маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан урьдач нөхцөл хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, үүнтэй холбогдуулан 6 нэгж талбар бүхий газарт үзлэг хийн холбогдох нотлох баримт /талбайн түүх хөтлөлт/-ыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс зарим газартаа тариалалт хийгээд, үлдэх талбайг өнжөөдөг гэж тайлбарлаж, хариуцагчаас хоёр болон түүнээс дээш жил тариалалт хийгээгүй гэж маргаж байхад анхан шатны шүүх тухайн 6 нэгж талбар бүхий газар дээр очиж аль нэгж талбар бүхий газарт тариалалт хийлгүй хэлэн жил өнжөөсөн, аль нэгж талбар бүхий газарт тариалалт хийсэн талаар шаардлагатай гэж үзвэл гэрч асууж, үзлэг тодруулах ёстой байжээ.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хэд хэдэн заалтуудыг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлийг тодруулах шаардлагатай буюу хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актад дурдсан үндэслэлүүдийг шалгаж, нотлох баримтаар тогтоох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хариуцагч  талаас газар эзэмшүүлэх гэрээний 4.7, 4.8, 4.14, 7.2, 7.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж тайлбарлах хэдий ч дээрх зөрчлүүдийг шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэгч “С” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч захиргааны байгууллагаас хянаж шалгалт хийсэн эсэх, уг маргаанд хамаарах хариуцагчаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдал бий болсон эсэх, газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж байсан эсэх талаарх баримтуудыг гаргуулах нь маргаан бүхий актын хууль үндэслэлийг хянах, улмаар нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчлүүдийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан аливаа хяналт шалгалтаар тогтоож байсан эсэхийг тодруулах ач холбогдолтой бөгөөд энэ талаар дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлтэй ч энэхүү гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан баримтуудыг хэрэгт нотлох баримтаар аваагүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон баримтууд хэрэгт авагдаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан үзэж, гомдлын хүрээнд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ