| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0076/э |
| Дугаар | 2020/ШЦТ/72 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/72
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт У.М-д холбогдох 192100830004 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... овогт У.М. /РД: .............../
Шүүгдэгч У.М нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энх” зусланд амарч байсан иргэн ******* хэрэглэж байсан “Мi 5х Pro” маркийн гар утсыг орон дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.О-д 391720 /гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун хорин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний бие нь 2015 оноос хойш Дорнод аймгийн ******* сумын “Энх” зусланд багшаар 5 жил ажилласан. Би их сургуулиа 2017 онд төгссөн. Тухайн зуны бүртгэлийг 6 сард хүүхдийн төлөө төвийн 30 хүүхэд, хувиараа амарч байгаа 50 хүүхэд нийт 80 хүүхдийн бүрэлдэхүүнтэй амарсан. Ингээд 2019 оны 07 дугаар 02-ны өдрийн орой гар утас алга болсон талаар туслах багш ******* хэлсэн. Тухайн үед бид нар гар утсыг хайсан боловч олоогүй. Тэр орой сургалт болж байхад нэг хүүхэд гар утсаараа тоглоод байхаар нь би гар утсыг нь хурааж авсан. Тэгээд өрөөндөө орж ирэхэд нэг гар утас цэнэглэж байхаар нь тухайн утсыг аваад цүнх рүүгээ хийгээд мартчихсан. 07 дугаар сарын 08-ны орой хохирогчийн ээж нь над руу утсаар яриад манай хүүхдийн гар утас алга болсон байна гэж надад хэлсэн…гэв.
Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн ах ******* болон эхнэр болох ******* 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Ми” маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн утсыг түр хэрэглүүлэхээр өгсөн юм. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр утсыг минь алга болгосон талаар бэр ******* хэлсэн. Юу болсон талаар асуухад “Манай хүү ******* нь “Энх” зусланд 7 хоног амрахаар яваад ирэхдээ утсыг чинь алга болгоод ирсэн байна” гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* ээж хариуцаж явсан ******* гэх эмэгтэй багштай нь утсаар холбогдон ярихад “Бид нар алга болсон утсыг хайсан боловч олдоогүй” гэж хэлсэн талаар надад ******* хэлж байсан. Алга болсон утас нь миний “[email protected]” гэх хаягтай холбогдсон байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гар утасны хаягтай холбогдон “Photos” руу орж зураг харахад танихгүй хүний зураг хадгалагдсан үлдсэн байсан. Тэгээд ******* харуулахад “******* гэх хариуцаж явсан багш байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 14 тал/
Насанд хүрээгүй гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Энх” зусланд 7 хоног амрахаар явсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчимд бүжиг давтдаг урлаг заал руу явахдаа гар утсаа өөрийн байранд орон дээрээ тавиад орхисон. Урлаг заалнаас 22 цагийн үед ирэхэд миний гар утас байхгүй байсан. У.М багш манай өрөөний хүүхдүүдийг амарч байгаа эсэхийг шалгахаар өдөр болгон 23 цагаас 00 цагийн хооронд орж ирдэг байсан. Харин утас алга болсон орой У.М багш орж ирээгүй. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* багш бид хоёр миний утас алга болсон талаар хэлэхэд У.М багш миний утсыг хайгаад олоогүй. Мөн маргааш нь У.М багш, ******* багш хоёр миний утсыг хайгаад олдохгүй байна гэж хэлсэн. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл амрах хугацаа дуусч гэртээ харих хүртэл надад У.М багш миний утасны талаар юм хэлээгүй. Дараа нь 07 дугаар сарын дундуур “Ногоон төгөл” амралтын газарт нэг хоног амрахаар явсан. Тэрнээс хойш facebook хаягт бүлэг яриа үүсгэн хоорондоо харилцдаг байсан бөгөөд тэр үед У.М багш миний утсыг авсан бол хэлэх боломжтой байсан...” гэжээ. /хх-ийн 17 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/
- Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 тал/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан /хх-ийн 23-30 тал/
- У.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ...... овогт У.М нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энх” зусланд амарч байсан иргэн ******* хэрэглэж байсан “Мi 5х Pro” маркийн гар утсыг орон дээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.О-д 391720 /гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун хорин/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.О, гэрч *******, Ж.*******, насанд хүрээгүй гэрч Б.*******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч У.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч У.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.М-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.М-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.О-эд 391.720 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлангаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 391720 /гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-эд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У.М-гийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт У.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч У.М-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У.М-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У.М-гийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.М-гээс бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 391720 /гурван зуун ерэн нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багийн .......... тоотод оршин суух, Т.О /РД: ............./-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ