Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01382

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2016/01382

Улаанбаатар хот

    

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8 дугаар байрны 11 тоот хаягт оршин суух Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овгийн Нацагдоржийн Олзод/ЦГ61012910/-ын нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 36,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа, өмгөөлөгч Ц.Дарьжав, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Намуун  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овгийн Нацагдоржийн Олзодыг БНХАУ-ын иргэнтэй хамтран 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө ачааны18 вагонд онц их хэмжээний хуш модны цайруулсан самрыг бэлтгэн хийж, Монгол улсын хилээр хууль бусаар гаргасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгажээ.

Ингэхдээ 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөх Сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, мөн өдрөө Баривчлах тогтоол болон Сэжигтэнд цагдан хоих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, 03 дугаар сарын 29-ний өдөр 141 тоот Шүүгчийн захирамжаар сэжигтнээр цагдан хорьсон байдаг.

2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолыг мөрдөн байцаагч Т.Даваасүрэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх тухай 141А шүүгчийн захирамжийг шүүгч тус тус гаргасан.

   Хэргийг шалгах явцад буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Н.Олзододцагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны чиглэлийн ахлах мөрдөн байцаагч М.Бямбадорж 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгө барьцаалж таслан сэргийлэх арга хэмжээг авах тогтоолыг гарган Н.Олзодоос 3.000.000 төгрөгийг барьцаалан тоо бүртгэгч Г.Должинсүрэнг шилжүүлэн хадгалуулахаар шийджээ.

        Н.Олзод холбогдох хэрэгт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тухайн хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй тул 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Халиуны 515 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

       Энэ хэрэгт Н.Олзод нь шалгагдаж байх хугацаандаа хууль бусаар хоригдсон 35 хоногийн хохирол 3,780,000 төгрөг, Н.Олзодоос барьцаалан авсан 3,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримт хуулбарлан авсны төлбөр 24,000 төгрөг, хоригдож байх хугацаанд олох ёстой байсан орлого 25,000,000 төгрөг нийт 36,804, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

 Прокурор П.Бямбасүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаагийн шүүхэд гаргасан хүсэлт  болон иргэний хэргийн хавтас хэрэгтээ танилцсан.Н.Олзодыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны самрыг онц их хэмжээтэйгээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцож шалгасан.

Н.Олзодын Хаан банкны дансанд БНХАУ-ын иргэн Сao Yusheng гэх хүнээс 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг,2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Эрдэнэсантаас 91,000,000 төгрөг,2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Мөнхцэцэгээс 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож прокуророос хэргийг мөрдөн байцаалтын нотлох баримт цуглуулах бухий л ажиллагаа хийсэн боловч тэрээр хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт хүнд “онц хүнд гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах,гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор ямар нэгэн нөхцөл заалгүйгээр цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалттай, үүний дагуу цагдан хорих санал гаргаж шүүгчийн захирамжаар цагдан хорьсон.

Цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаат таслан сэргийлэх арга хэмжээ авсан 3,000,000 төгрөгийг тухайн байгууллагаас авах боломжтой гэж үзэж байна.

Яллагдагч Н.Олзодын холбогдсон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, харин нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч тэрээр хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зарим сэжигтэнд холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бусаар 35 хоног цагдан хоригдсон гэдэг нь үндэслэлгүй байх тул хохиролд нэхэмжилсэн 3,780,000 төгрөг, мөн хоригдож байх хугацаанд олох ёстой байсан орлого гэх 25,000,000 төгрөг нэхэмжилсэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.              

                                                         ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Н.Олзод  нь үндэслэлгүй 35 хоног цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 3,780,000 төгрөг, цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаат таслан сэргийлэх арга хэмжээ авсан 3,000,000 төгрөг, цагдан хоригдож байх хугацаанд олох ёстой байсан орлого 25,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг нийт 36,804,000 төгрөгийг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Олзодыг 2012 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд ачааны 18 битүү вагон руу онц их хэмжээний хуш модны цайруулсан самрыг бэлтгэж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр  2012 он 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр цагдан хорих тухай 141, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 141А  дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар нийт 35 хоног цагдан хорьсон байна. /хх-ийн 2-5 дугаар тал/

2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 141Б шүүгчийн захирамжаар Н.Олзодод цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эд хөрөнгө барьцаалж, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолоор 3,000,000 төгрөгийг барьцаалж, эд хөрөнгө барьцаалах  таслан сэргийлэх арга хэмжээ авч,3,000,000 төгрөгийг тоо бүртгэлийн ажилтан Г.Должинсүрэнд шилжүүлэн хадгалуулахаар тогтжээ. /хх-ийн17-18 дугаар талууд/

Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Олзодод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна. /хх-21 дүгээр тал/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дугаар зүйлийн 389.2.2-т заасан үндэслэлээр Н.Олзод  хохирол нөхөн төлүүлэх шаардах эрх үүсжээ. 

1.Хууль бусаар хоригдсоны улмаас 3,780,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт ”иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний  улмаас учирсан  хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заажээ.  

Нэхэмжлэгч Н.Олзод нь гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 д зааснаар хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон 35 хоногт ногдох орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Олзодыг 35 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэм хорын хохиролд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1,142,85 төгрөг буюу сард 192,000 төгрөгөөр тогтоосон байх тул нэг өдөрт ногдох орлогыг /1,142х8 цаг/ 9,142,80 төгрөгт тооцож, цагдан хоригдсон 35 хоногт ногдох орлогыг /9,142,80х35 хоног/ 319,998 төгрөгөөр тогтоож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

2. Цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаат таслан сэргийлэх арга хэмжээ авсан 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 141Б шүүгчийн захирамжаар Н.Олзодод цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эд хөрөнгө барьцаалж, таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолоор 3,000,000 төгрөгийг барьцаалж, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авч 3,000,000 төгрөгийг тоо бүртгэлийн ажилтан Г.Должинсүрэнд шилжүүлэн хадгалуулахаар тогтжээ. /хх-ийн17-20 дугаар талууд/

Прокурорын байгууллагын тухай хуульд  2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт орж, Улсын их хурлын 22 дугаартай тогтоолоор Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авилгатай тэмцэх газартай нэгтгэжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт ”хууль бусаар яллагдагчаар татагдсан ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцаалсан 3,000,000 төгрөгийг буцааж аваагүй болох нь нотлогдож байгаа тул Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримт хуулбарлан авсны төлбөр 24,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Эрүүгийн төв архиваас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэгт нотлох баримтуудыг хуулбарлан авсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул 24,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв./хх-26 дугаар тал/

4.  Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Н.Олзод нь өмгөөлөгчтэй 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харилцан тохиролцон байгуулжээ./хх-ийн 4 дүгээр тал/

Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “..... хууль зүйн туслалцаа авах” эрхтэй гэж заасан боловч иргэний хэргийн маргаанд нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх тул өмгөөлөгчийн хөлс болох 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хоригдож байх хугацаанд олох ёстой байсан орлого 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 25,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж  нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдсан авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй байх тул  тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлагаас 3,343,998 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримт цуглуулах, гаргах талаар хуульд заасан журмын дагуу цуглуулсан, тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, харилцан хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1. Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 3,343,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Нацагдоржийн Олзод/ЦГ61012910/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,460,002 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                          Т.БАДРАХ                                    

                                                                                    С.ЭНХБАЯР