Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч Д.У С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У С.Ц нарт холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын . .... суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Б овогт .Д.У

Хоёр: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Б овогт С.Ц /РД: ......./,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.У, Ц.С нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Дорнод аймаг ******* сум 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас Д.Н-ын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлсан,

Шүүгдэгч С.Ц, Д.У нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Дорнод аймаг ******* сум 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас Д.Н-ын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.У, Ц.С нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Дорнод аймгийн ******* сум 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч Д.Н-ын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард байх ...У. Цнар нь мотоциклтой машин дагуулаад манай гэрийн гадаа ирсэн. Машинтай залуугаа манай гэрийн гадаа үлдээсэн. ...удалгүй буцаж ирэхдээ Цын нагац ах ******* ухаа зүсмийн азарга адууг тууж ирээд манай хашаанд хаасан. ...Ц, У нар нь ухаа зүсмийн гүү, бас нэг даагыг барьж аваад Н гэх хүн машинд ачуулж явуулсан. ...Би тэр хоёрыг өөрсдийнхөө адууг барьж хүнд зарж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

            Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний адуунууд алдагдах үедээ “Даавар” гэх газраас алдагдсан юм байналээ. ...С.Ц, Д.У нар нь миний алдсан адууны тамгыг сайн мэднэ. ...Би Цагаан-Овоо сумын Н гэх хүнээс өөрийнхөө ухаа зүсмийн гүү, хүрэн зүсмийн охин шүдлэн, сүүлд гарсан унага зэргийг авах хүсэлтэй байна. Миний адууг С.Ц, Д.У нар  буцааж өгөх юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У нь над руу залгаад гүү авч байгаа юу гэхээр нь авч байгаа гэж хэлтэл гүүний мөнгө өгөөч би унагатай гүү заръя гэж хэлсэн. ...би Ут 800.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...У гэрт нь очиж Ухаа зүсмийн “Я” үсгэн тамгатай гүү, мөн хүрэн зүсмийн “Я” үсгэн тамгатай охин даага авсан. ...Уаас худалдаж авсан даагатай гүү маань хулгайн адуу болох нь тогтоогдоод У нь 2 залуугийн хамтаар ирж надад худалдсан даагатай гүүгээ аваад явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх, зүйл байхгүй. У надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Н ахын буруу харсан “Я” үсгэн тамгатай ухаа зүсмийн гүү, хүрэн зүсмийн даагыг барьж Цагаан-Овоо сумаас ирсэн Н гэх хүнд өгөөд явуулсан. ...У энэ адууг нь бариад Ж.Н-д өгье гэсэн улмаар би өөрөө мэд гэж хэлсэн юмаа. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “... Ц нь манай адуунд Д.Н ахын гүү, даага байна энэ гүү, даага хоёрыг бариад өгчих үү гэж хэлсэн улмаар би тэгье гэж хэлээд хоорондоо ярьж тохироод хүнд зарахаар болсон. ...Би Цагаан-Овоо сумын харьяат Ж.Наас унагатай гүү өгнө гэж хэлээд 800.000 төгрөг авсан. ...би дээрх 2 тооны адууг бариад Ж.Н-т өгч явуулсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 -          Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12, 14 дүгээр хуудас/,

  -         Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13, 76 дугаар хуудас/,

           

Шүүгдэгч С.Ц-ын хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 38-39, 52, 53-54, 55, 69 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Д.У-ын хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын маягт, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 36-37, 58, 59, 60, 61, 62, 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.У нь С.Ц-тай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сард Дорнод аймаг ******* сум 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч Д.Н-ын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч ******* /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч Д.Н /хх-ийн 19-20 худаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Н /хх-ийн 22-23 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Д.У, С.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй, хариулгагүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, амар хялбар аргаар мөнгөжих, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Н нь өөрийн хоёр тооны адуугаа хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар, мөн иргэний нэхэмжлэгч Ж.Нт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1500000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч Ж.Н нь хохирлоо төлүүлж авсан гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.У, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нар нь бусдын мал болохыг мэдэж, гэмт үйлдлийг  дэмжиж үйлдлээрээ нэгдсэн, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлаж, санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.У, С.Ц нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Д.У, С.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.У-ын эзэмшлээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн “DAYUN” маркийн улсын дугааргүй, цагаан өнгийн мотоцикл 1 /нэг/ ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц борлуулан улсын орлого болгохыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.У, С.Ц нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, шүүгдэгч Д.У нарыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Д.У нарт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, Д.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ц, Д.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “DAYUN” маркийн  улсын дугааргүй, цагаан өнгийн мотоцикл /моторын дугаар ... дугаартай/ 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц борлуулж улсын орлого болгохыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ц, Д.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН