| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0064/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/67 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/67
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.А-т холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч
Шүүгдэгчийн биеийн байцааллт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 15, аав, ээж, ах, эгч, дүү нарын хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг..........., гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Б овогт ******* А. /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.А нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр Толгойн ар” гэх газарт Б.С-ын малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 3 тооны бярууг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр Толгойн ар” гэх газарт Б.С.ын малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 3 тооны бярууг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед машинтай 3 тооны бяруу ачиж ирсэн. Тухайн бяруунуудын зүс нь улаан халзан охин бяруу, мухар улаан охин бяруу, хар зүсмийн эр бяруу нийт 3 тооны бярууг нэгийг нь 300.000 төгрөгөөр авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдрөө Аийн гэрт нь хоноод маргааш нь А-ээс хар зүсмийн эрх бяруу, ухаа халзан эм бяруу, мухар улаан зүсмийн охин бяруу нийт 3 тооны бярууг худалдан авсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн А гэх хүнийг гэр бүлийнх нь хүний хамтаар малчнаар авч ажиллуулсан юм. ...2019 оны 03 дугаар сард 3 тооны үхэр дутаасан байсан харин 2019 оны 04 дүгээр сард үхэр дутаагүй байсан. 2018 оны 11 дүгээр сард 2 тооны үхэр дутаад олдоогүй, 2019 оны 03 дугаар сард 3 тооны бяруугг А зарсан байсан. ...би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байгаа бөгөөд Булган сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээгээр хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Миний *******аас ...авсан улаан халзан охин бяруу, мухар улаан охин бяруу, хар зүсмийн эр бяруунаас хар зүсмийн эр бярууг нь 2019 оны 07 дугаар сарын сүүлээс алдсан ба одоо 2 охин бяруу нь байгаа. ...би тухайн бяруунуудыг тус бүрийг 300.000 төгрөгөөг *******аас худалдаж авсан бөгөөд нийт 900.000 төгрөг болсон. ...*******аас худалдаж авсан 3 тооны бярууг бярууны эзэн болох Сод 2 тооны бярууг нь өгсөн тул *******аас ...2 тооны бяруу буцаан авсан. ...би буруутай этгээдээс нэг тооны бяруугаа нэхэмжилж байна.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А над руу залгаад ахаа 2-3 бяруу зармаар байна. ...би эхнэрийн хамт тухайн өдөр Аийн гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө нь Аээс нэг бярууг нь 200.000 төгрөгөөр тооцож нийт 3 бяруу Аээс худалдаж авсан. ...А-ээс 3 бяруугаа аваад шууд гэрт нь очиж тухайн 3 бяруугаа зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр эхнэрийн хамт С-ын малчнаар ажиллах болсон. ...2019 оны 03 дугаар сард С ахын 3 тооны бярууг Төв аймгийн харьяат гэж дууддаг ахад нэг бярууг нь 200.000 төгрөгөөр тооцож зарсан. ...Би н буюу /*******/-аас 400.000 төгрөгийн дансаар хүлээн авсан ба үлдэх 1 бярууны 200.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- “Малын жишиг үнэ шинэчлэн тогтоох тухай” Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, малын жишиг үнийг жагсаалтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлаас: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний мэдээллийн лавлагааны хуулбар /хх-ийн 47, 48, 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Өндөр Толгойн ар” гэх газарт Б.С-ын малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 3 тооны бярууг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч ******* /хх-ийн 16-17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ө.******* /хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч Б.С /хх-ийн 24 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн мэдүүлгүүд, шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, “малын жишиг үнэ шинэчлэн тогтоох тухай” Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, малын жишиг үнийг жагсаалтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг онцлоготой.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандаж, итгэж, хараа хяналтгүй байлгасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын эд зүйлийн үнэлгээгээр 3 тооны бярууг тус бүрийг нь 280,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирогч Б.С нь хоёр тооны бярууг хүлээн авсан байх тул шүүгдэгч С.А-ээс нэг бярууны үнэ болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сод олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч С.А-ээс бяруу худалдан авсан үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.*******ад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А-ийг иргэний нэхэмжлэгч *******өд төлөх төлбөргүй гэж үзлээ. Учир нь иргэний нэхэмжлэгч ******* нь бярууг Ө.*******аас худалдан авч өөрийн өмчлөлд байх хугацаанд алдсан гэж байх тул уг асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.А-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын өдөрт хийх хугацааг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоосугай.
4. Шүүгдэгч С.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.А-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А-ээс 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С /Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, “Өндөр толгойн ар” гэх газарт оршин суух Ж..../-д, 600.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ө.******* /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо 2-4-1-т тоодод оршин суух, “Ч....705”/ тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН