| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/08263/и |
| Дугаар | 101/ШШ2016/06513 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2016/06513
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 101/ШЗ2016/06513 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 3 дугаар байр 5 тоотод оршин суух Э.Е-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 3 дугаар байр 1 тоотод байрлах “С” ХХК-д холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү үнэд 12.622.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Э.Е миний бие 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “С” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “С” хотхонд барьсан 3 дугаар байрны 5 тоот 55,75 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар гэрээ хийж, төлбөрийг 2013 оны 8 дугаар сард бүрэн төлсөн билээ. Гэрээнд уг орон сууцны талбайн хэмжээг 55,75 м.кв гэж заасан боловч бодит байдал дээр энэ талбайн хэмжээ нь 50,14 м.кв байгаа ба гэрээнд заасан хэмжээнээс 5,61 м.кв дутуу байна. Иймд тус орон сууцны талбайн зөрүү 5,71 м.кв мөнгө болох 12.622.500 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Э.Е-ын тус “С” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэд 12622500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. “С” ХХК нь БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “С” нэртэй орон сууцны барилга барьж иргэн Э.Е нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг хүснэгтэд оруулан 4-р баганад MNS-6058-2009 хэмжээ, 5-р баганад захиалгат мкв хэмжээ гэж тус тус 2 янзаар зааж, 6-р баганад байрны үнийг 122650000 төгрөг гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл орон сууцны талбай нь 2 хэмжилттэй, үүнд MNS-6058-2009 хэмжилтийг хэрэглэсэн болох нь, мөн дээрхи талбайн 2 хэмжилт бүхий орон сууцны нэг адил болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байгаа болно. Талууд гэрээний 1.4 дэх заалтаар захиалгат орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось тэнхлэгээр хэмжигдсэн болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулж, тусгайлан орон сууцны талбайн хэмжилт зураг бүхий хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Үүнийг бид, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэлд “гэрээнд уг орон сууцны талбайн хэмжээг 55,75 гэж заасан боловч бодит байдал дээр энэ талбайн хэмжээ нь 50.14 кв.м байгаа ба гэрээнд заасан хэмжээнээс 5.61 кв.м дутуу байна” гэжээ. Тэгвэл Э.Етай байгуулсан гэрээний 1-р зүйлийн 1.2-т байх хүснэгтийн 4-р баганад “MNS 6058-2009 хэмжилтээр 49.93 м.кв”, 5-р баганад “Захиалгат мкв 55.75” гэсэн байна. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцож тодорхойлохдоо талбайн хэмжээг дээрхи гэрээний Захиалгат талбайн хэмжээгээр авсан атлаа зөрүүг “Г” ХХК-ийн MNS 6058-2009 стандартын дагуу хийгдсэн 50.14 мкв гэсэн хэмжээгээр тооцсон байна. Ийнхүү MNS 6058-2009 болон захиалгат талбайн хэмжээ гэх 2 өөр хэмжилтийг хооронд нь харьцуулж зөрүүг тооцсон явдал нь үндэслэлгүй болжээ. Харин “Г” ХХК-ийн MNS 6058-2009–өөр хийгдсэн хэмжээ 50.14 мкв байгаа бол гэрээнд 49.93 мкв байгаа нь манай компани илүү биш харин 0.21 мкв-аар дутуу хийж төлбөр авсан байна гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Е нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэд 12.622.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “С” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр СО-13/28 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Э.Е нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С” хотхоны 3 дугаар байрны 7 давхрын 5 тоот хаягт байрлалтай нийт 55.75 м2 талбай бүхий орон сууцыг 122.650.000 төгрөгөөр хариуцагч “С” ХХК-д захиалж бариулахаар тохиролцжээ /хх-9-10/.
Нэхэмжлэгч дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авчээ /хх-7/.
Гэрээний зүйл болох орон сууц 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах үед бусдын өмчлөлд шилжихэд бэлэн байсан болох нь зохигчдын тайлбар болон өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэх үндэстэй.
Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин гэрээгээр шилжүүлсэн орон сууцны талбайн хэмжээний талаар маргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагчийг гэрээнд талбайн 2 өөр хэмжээ зааж төөрөгдүүлсэн, стандартад нийцээгүй гэж, хариуцагч нь гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, агуулгыг тодорхойлсон, захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байна гэж тус тус маргасан.
Худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Мөн худалдсан хөрөнгө доголдолтой буюу гэрээнд заасан хэмжээнээс дутуу тохиолдолд худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заажээ.
Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан хөрөнгө тоо хэмжээний хувьд доголдолтой тохиолдолд хариуцагчаас төлсөн үнийг хувь тэнцүүлэн шаардах эрхтэй байна.
Сууцны талбайн хэмжээг гэрээний 1.1, 1.2-т MNS 6058:2009 хэмжилтээр 49.93 м2, захиалгат хэмжээ 55.75 м2 гэж заасан ба нэхэмжлэгч сууцны талбайг 55.75 м2-ээр тооцож төлбөр тооцоог хийжээ.
Сууцны талбайг MNS 6058:2009 стандартын дагуу тооцох тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэстэй боловч уг стандартын дагуу талбайн хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Сууцны нийт талбайг 50.14 м2 гэж дүгнэсэн “Г” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргасан байх боловч уг компанийн тусгай зөвшөөрлийг нотолсон баримтгүй тул эрх бүхий этгээд хэмжилт хийсэн гэж үзэх боломжгүй улмаар нэхэмжлэлд дурдсан орон сууцыг доголдолтой гэж үзэх баримтгүй байна /хх-5-6/.
Хариуцагч “С” ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд /Б.Э, Ш.У, Г.О, Л.Ж/-тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2910 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1135 дугаар магадлал баримтуудыг тус тус шүүхэд гаргаж байх боловч эдгээр баримтыг Э.Е-ын нэхэмжлэлд хамааруулан үнэлэх үндэслэлгүй юм /хх-45-51, 60-87/.
Үүнээс гадна сууцны талбай хэмжигдэх зүйл бөгөөд гэрээнд MNS 6058:2009 хэмжилтээр 49.93 м2, захиалгат хэмжээ 55.75 м2 гэж заасан байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хүлээж авах үедээ талбайн хэмжээг шалгаж тодорхойлох боломжтой нөхцөл юм.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, мөн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.
Иймээс нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авснаар сууцны талбайн доголдлын талаар хариуцагчид шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэстэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Э.Еын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-аас 12.622.500 төгрөг гаргуулах тухай Э.Еын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА