| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0089/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/86 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/86
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г.Г-т холбогдох ... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” төвд мужаан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, .... оршин суух, бие эрүүл гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Г. /РД: ЖД/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 17 дугаар байрны гадаа хохирогч М.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаарсарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 17 дугаар байрны гадаа хохирогч М.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г гэх залуу гарч ирснээ М-ын нүүрэн тус газарт нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хаалга тогшоод дугарагүй байхаар нь Г гарч М маргалдсан. ... Г, М-г газарт унаган зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад Г, М нар нь барьцалдаад газраар өнхөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г намайг зодохдоо заамдаж өргөөд газар руу шидсэн. Тухайн үед миний нуруу маш ихээр өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны шатан болон шүүх хуралдаанд өгсөн: “...би М-ыг заамдаж байгаад нүүрэн тус газарт 2 удаа цохисон ... түүнийг тэвэрч аваад газар унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. М.М-ын биед бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстын язрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, барун гарын бугуй, зүүн тохойн зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрхи гэмтлийн бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн далд хугарал, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаарай гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 42, 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 17 дугаар байрны гадаа хохирогч М.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч ******* /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч М.М /хх-ийн 10-13 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Г нь хохирогч М.М-д 107.500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хохирогч М.М нь өөрт учирсан гэм хорын хохирол цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг дурдах нь зүтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Г-ийн ЖД тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Г.Г-ийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖД регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч М.М нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм хорын хохирлоо шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН