Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

2020        03          17                                   2020/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч Ч.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Од овгийн Ч.Т д холбогдох эрүүгийн 2011003950168 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Од овгийн Ч.Т , 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын менежмент, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 68 тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганатын 35 дугаар байрны 01 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн ойролцоо иргэн А.Ганболдыг “ах Гэрэлт-Одыг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хавирч унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед ах Ганхуягийнд найз О.Энхсайхантай очоод бид гурав 0.5 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уугаад гэртээ харихаар гарцгаасан. Гараад явж байтал гудамж дунд нэг танихгүй залуу бие засаж байхаар нь “халтиргаа, гулгаа ихтэй байна, наанаа битгий шээгээд бай” гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь би газарт уначихсан байсан. Манай найз намайг босгоод чи зүгээр үү гэсэн. Тэгтэл миний баруун хөмсөгнөөс цус гараад, баруун гарын мөр хөдөлж болохгүй байсан. ...Танихгүй залуу намайг хавсарч унагахад би биеийнхээ баруун талаар газарт унахдаа баруун хөмсөг няцарсан, баруун мөрний үе гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч О.Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...замын хажууд нэг танихгүй залуу бие засаж байхаар нь “наанаа битгий шээ, машин тэрэг өгсөхөөр гулгаад халтиргаа үүсээд байдаг” талаар хэлж байтал цаанаас танихгүй 2 залуу гарч ирээд та нар ч гэсэн шээдэг биздээ гээд бид хоорондоо муудалцах маягаар ярилцсан. Удалгүй танихгүй 2 залуугийн өндөр, махлагдуу, шар залуу нь найз А.Ганболдыг хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх 13-14, 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2063 дугаар дүгнэлтэд: “...А.Ганболдын биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 25-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-36/,

Шүүгдэгч Ч.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэрэлт-Од ахыг танихгүй 2 залуу дээрэлхээд байна гэж ойлгоод хажууд нь зогсож байсан надаас намхан залууг очоод хавсраад унагаачихсан. ...Гэрэлт-Од ах гадна бие засаж байхад нь 2 танихгүй залуу ирсэн зогсож байхыг хараад зодуулчих байх гэж бодоод өмөөрсөндөө очоод хавсарч унагаасан...” гэх мэдүүлэг /хх 69/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, шүүгдэгч Ч.Т ийн хаан банкны дансны хуулга /хх 42-65/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоол /хх 77/, шүүгдэгч Ч.Т ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74/, хохирогч А.Ганболдын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 75/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн ойролцоо иргэн А.Ганболдыг “ах Гэрэлт-Одыг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хавирч унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Ганболдын “...Танихгүй залуу намайг хавсарч унагахад би биеийнхээ баруун талаар газарт унахдаа баруун хөмсөг няцарсан, баруун мөрний үе гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх 11-12/, гэрч О.Энхсайханы “...Удалгүй танихгүй 2 залуугийн өндөр, махлагдуу, шар залуу нь найз А.Ганболдыг хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх 13-14, 22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2063 дугаар дүгнэлт /хх 25-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-36/, шүүгдэгч Ч.Т ийн “...Гэрэлт-Од ах гадна бие засаж байхад нь 2 танихгүй залуу ирсэн зогсож байхыг хараад зодуулчих байх гэж бодоод өмөөрсөндөө очоод хавсарч унагаасан...” гэх мэдүүлэг /хх 69/, зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч А.Ганболд нь “...бидний дунд хохирлын маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ч.Т  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ч.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүх шүүгдэгч Ч.Т ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Т д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн, Number гэсэн бичиглэлтэй 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Од овгийн Ч.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Т д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Т  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн, Number гэсэн бичиглэлтэй 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН