Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 814

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд  хийсэн хуралдаанаар О.З-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Б овогт О.З 

Хариуцагч: Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: О.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн ******* тоот хаягт байрлах 76 м.кв  талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр О.З  намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.З  намайг болон О.Эийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээд О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, гэрч О.Б, Б.О нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.З  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... О.З  намайг 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр Д.Б*******гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоосон. Мөн тус шийдвэрээр 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нотариатч Н.Б*******гийн баталж, хариуцагч О.Э-т олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч О.Э нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагад дээрх хүчингүй болсон өвлөх эрхийн гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотын 76 м.кв талбайтай хувийн сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь хууль ёсны өвлөгч О.З  намайг хэлсээр байтал О.Э-ийн нэр дээр бүртгэл явуулж, хуурамч, хүчингүй болсон баримтыг бүртгэж, гэрчилгээг олгосон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс тоон хуулийг зөрчсөн байна. 

Миний бие дээрх шүүхийн шийдвэрээр О.Э-ийн өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор түүний өмчлөх эрх дуусгавар болсон гэж ойлгож байсан боловч тэрээр миний өмч хэвээрээ байгаа гэж дахин маргалдах болсон тул Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, өөрийн өмчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахыг хүссэн боловч шүүхийн шийдвэрийг эс тоож, бүртгэлийг даалгасан шийдвэр биш гэж үзэж, миний өргөдлийг хүлээж авахаас татгалзсаны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Түүнчлэн хүчин төгөлдөр иргэний шүүхийн шийдвэрээр намайг дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоосон байгаа тул урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллагад хандах шаардлагагүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад харахад уг маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэгч нь гуравдагч этгээд О.Э бүртгэлтэй боловч бодитоор хөрөнгөө гаргаж худалдаж авсан хүн нь Д.Б******* юм. Үүнээс харахад гуравдагч этгээд “минийх” гэж, нэхэмжлэгч “манай ээжийнх” гэж өмчлөлийн талаар маргаж байна. Тэгэхээр Иргэний хэргийн шүүхээр явж хуулийн дагуу өмчлөгчөөр тогтоолгох гэтэл улсын бүртгэлд хүчинтэй байгаа учраас нэхэмжлэгчид ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл Иргэний хэргийн шүүх өмчлөгч нь тодорхой бус зүйл дээр өмчлөгчийг тогтоох болохоос эрх бүхий байгууллагын өмчлөгчийн гэрчилгээ олгосон тохиолдолд өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх боломж нэхэмжлэгчид байхгүй юм. 

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэж байгаа үндэслэл нь хуульд заасан нотлох баримтууд нь бүртгэл хийгдсэнээс хойш зөрчилтэй байсан, өв залгамжлалаар зарим хэсэг нь өөр хүнийх болох нь тогтоогдсон гэх нөхцөл байдал үүссэн учраас уг үндэслэлийг гаргаж байгаа юм. Нөгөө үндэслэлийн хувьд улсын бүртгэлийг яагаад хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгаа гэхээр уг байшинг анх улсын бүртгэлд бүртгүүлэхэд 76 м.кв байсан. Одоо үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг устаж, үгүй болж талбайн хэмжээ багассан учраас хуулийн дагуу улсын бүртгэл шинээр хийгдэх эсвэл өөрчлөлт орох ёстой гэж үзэж байна.  

Яагаад улсын бүртгэлд хандаагүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор өмчлөх эрх дуусгавар болсон гэж ойлгож байна. Үүний дагуу ойлгож байтал гуравдагч этгээд О.Э дахин маргах болсноор хандсан боловч “...өмчлөгчтэйгөө хамт ир” гэсэн. Тэгэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “...улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тулд өмнөх өмчлөгчийн зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд хуулийн этгээдээс олгохгүй бол нотариатаар гэрчлүүлнэ” гэж заасны дагуу одоо байгаа өмчлөгч хэзээ ч хамтран өмчлөгчөөр оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулна гэсний дагуу шүүхэд хандсан.

Мөн гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар уг үл хөдлөх хөрөнгө Д.Б*******гийн өмч Д.Б*******гийн хууль ёсны өв залгамжлагч нь О.З  мөн гэдэг үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Тэгэхээр уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэлтэй юм. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн О.З-ийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцыг анх иргэн О.Э /*******/-ийн өмчлөлд бүртгэхдээ 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж өгсөн мэдүүлэг, өргөдөл, иргэний үнэмлэх хуулбар, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албаны нэгж талбарын дугаартай газрын кадастрын зурганд оруулсан байшингийн план зураг, эд хөрөнгийн 4 талаас нь харуулсан фото зураг, засаг даргын тодорхойлолт газрын гэрчилгээний хуулбар, газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын Ү-22020*******622 дугаарт бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд дээрх хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № тоот дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч захирамж, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 7******* тоот магадлал тус тус бүртгэлтэй байна.

Эрхийн бүртгэлийн Ү-22020*******622 дугаартай хувийн сууцыг бүртгэхдээ Иргэний хууль, Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журамд нийцүүлэн хангалттай нотлох баримтад үндэслэн бүртгэл хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нэхэмжлэгч О.З  нь манай байгууллагад хандан хувийн сууцаа бүртгүүлэх нотлох баримт бүхий мэдүүлгийг гаргаж өгөөгүй байна.

Иймд иргэн О.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд О.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Боржигон овогт О.З-ийннэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э би огт хүлээн зөвшөөрөхгүй.

2015 оны 2 дугаар сарын 09-ний  өдрийн № тоот, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № тоот, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №7******* тоот шүүхийн шийдвэрүүд болоод нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүх хурлын явцад хариуцагч миний хүсэлтээр бүх шатны шүүх хурлуудаар Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо ******* ******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч О.Э гэдгийг шалгаж өмчлөгч нь мөн гэдгийг үнэн, зөвөөр тогтоосон. 

Иймд О.З-ийннэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, эрс татгалзаж байна.

Гэвч нэхэмжлэгч О.З-д хариуцагч О.Э би 4х8 хэмжээтэй байшин өгсөн боловч О.З  нь бүгдийг эвдэж шатаасан болно.

2015 оны 02 дугаар сарын 09-ний № тоот шүүхийн шийдвэрт шатаасан байшингийн үндсэн хэсэг болох нэг ширхэг нь 20’000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг шургаагийг биет байдлаар гаргуулах шаардлагыг О.З  хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Нэхэмжлэгч О.З д ноогдсон болоод ах, эгч, дүү нарт оногдсон Чингэлтэй дүүрэг ******* дугаар хороо сургуулийн *******б тоотод байрлах 250 м.кв газарт О.З  одоо амьдарч байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч О.З  нь ”...Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоот хаягт байрлах, 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр О.З  намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, О.З  миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа, 

1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн ******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох,

2. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр О.З  намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, 

3. О.З  намайг болон О.Э*******ийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” гэж тодруулсан тул шүүх хэргийг тодруулсан шаардлагын хүрээнд хянан хэлэлцэв. 

 

Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн 37-******* тоот хаягт байрлах 500 м.кв газрын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар шийдвэрээр Д.Б*******д өмчлүүлж шийдвэрлэсэн байна.  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр О.З-г Д.Б*******гийн өвлөгч болохыг тогтоож, нотариатч Х.Б*******гийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр О.Э-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Дээрх газрын өвлөх эрхийн асуудлаар нэхэмжлэгч О.З  болон гуравдагч этгээд О.Э нар нь иргэний хэргийн шүүхэд удаа дараа хандаж маргаанаа шийдвэрлүүлсэн байх өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч О.З  нь 209 м.кв, гуравдагч этгээд О.Э нь 291 м.кв газрыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож газрын тухайд маргаангүй гэж тайлбарлаж байна.

 

Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс уг газар дээр байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр О.Э-ийг 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр анх бүртгэснийг эс зөвшөөрч “маргаан бүхий бүртгэл нь шүүхийн дугаар шийдвэрээр хүчингүй болгосон өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэж хийгдсэн тул хууль бус бөгөөд О.З  нь Д.Б*******гийн өвлөгч болохынхоо хувьд уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдэх үндэслэлтэй” гэж маргаж байна. 

Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* 37-******* тоотод байрлах 4 метрийн өргөнтэй, 19 метрийн урттай, 76 кв.м талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр гуравдагч этгээд О.Э нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зурганд оруулсан байшингийн план зураг, эд хөрөнгийн 4 талаас нь харуулсан фото зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудын  хамт гаргасныг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч хүлээж аваад “бүртгэхээс татгалзах” үндэслэл байхгүй гэж үзэж улсын бүртгэлийн Ү-22020*******622 дугаарт бүртгэж,  0000 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ”  олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн ******* дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж заасантай  нийцсэн гэж үзэхээр байна. 

Учир нь маргаан бүхий хувийн сууцны өмчлөгчөөр О.Э-ийг анх бүртгэсэн бүртгэл нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн байх бөгөөд тухайн үед О.Э-т олгосон байсан өвлөх эрхийн гэрчилгээ, түүнд үндэслэж олгогдсон “Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн 37-******* тоот хаягт байрлах 500 мкв газар”-ыг өмчлөх эрхийн гэрчилгээ  хүчин төгөлдөр байсан байх тул эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан гэж үзнэ. 

 

Мөн нэхэмжлэгч О.З  нь “Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж, маргаан бүхий хувийн сууцыг өөрийн өмчөөр бүртгүүлж, гэрчилгээ авахыг хүссэн” гэж тайлбарлаж байх боловч Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.Оийн “О.З  манай байгууллагад хандан хувийн сууцаа бүртгүүлэх, нотлох баримт бүхий мэдүүлгийг гаргаж өгөөгүй байна” гэх тайлбар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн “...О.З  нь дээр дурдсан хувийн сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан эсэх талаарх мэдээлэл эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна”  гэх тайлбаруудаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн ******* тоот хаягт байрлах 76 м.кв  талбайтай хувийн сууцын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх”-ээр хандаж мэдүүлэг гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх эсэх хүсэлт нь нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарын хүсэл зоригоос хамаарах бөгөөд маргааны энэ тохиолдолд анхны мэдүүлэгт зөвхөн О.Э гарын үсэг зурсан, тэрээр О.З-г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд хариуцагчаас улсын бүртгэлд О.З-г хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэх боломжгүй. Мөн шүүхийн шийдвэрээр О.З-г Д.Б*******гийн өвлөгчөөр тогтоосон явдал нь өмнө олгогдсон эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд О.З-ийн нэрийг шууд бичих үндэслэл болохооргүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, тул цаг хугацааны хувьд сүүлд тогтоогдсон үйл баримтаар өмнө хийгдсэн улсын бүртгэлийг үгүйсгэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс “маргаан бүхий бүртгэл нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэж хийгдсэн тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. 

Зүй нь нэхэмжлэгчээс өмнө хийгдсэн бүртгэлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд тухай эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхтэйгээ болохыгоо нотолж тогтоолгосны үндсэн дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:”-аар, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;” гэж заасны дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шаардах эрхтэй бөгөөд маргааны энэ тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр байхаар байна. 

Гэтэл Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* 37-******* тоотод байрлах 4 метрийн өргөнтэй, 19 метрийн урттай, 76 кв.м талбай бүхий хувийн сууцыг О.З  нь хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосон аливаа шийдвэр гараагүй байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаар шийдвэр , Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 7******* дүгээр магадлалаар  “...Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* 37-******* тоотод байрлах 4 метрийн өргөнтэй, 19 метрийн урттай, 76 кв.м талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” О.З-ийнсөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Иймд нэхэмжлэгч О.З-гээс гаргасан “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн ******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр О.З  намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, О.З намайг болон О.Э-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр 19.1, 19.1.2-т заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, сургуулийн ******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр О.Эийг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр О.З  намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, О.З  намайг болон О.Э-ийг хамтран өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.МӨНХЗУЛ