Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2005

 

 

 

 

 

 

 

 

 

“Би энд Си лоёрс” ХХН-ы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06316 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Би энд Си лоёрс” ХХН-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Арга барил” ХХК-д холбогдох

16 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Батжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мягмардорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Би энд Си лоёрс” ХХН нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөрлөл 2015 оны 05 дугаар сараас хариуцагч “Арга барил” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар 4 сарын төлбөр төлөгдөөгүй байсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр уулзаж өмнөх хамтран ажиллах гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрийн асуудлыг шийдвэрлэн харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлд 12 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэсэн. Мөн 6 дугаар зүйлд төлөгдөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Мөн 12 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 11 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Арга барил” ХХК-иас 16 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Би энд Си лоёрс” ХХН-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах гомдолдоо: “ “.. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэнд хүү М.Гандуулгыг сахиж, асарч байсан бөгөөд дээрх байдлыг урьдчилан мэдэгдэж хүссээр байтал харгалзан үзэлгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...Нэхэмжлэгчийн хувьд талуудын дунд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэж төлбөр шаарддаг бөгөөд “...гэрээний дагуу ямар ажил үйлчилгээ үзүүлж, ямар үр дүн гаргасан...” гэдгээс шалтгаалж хариуцагчаас хичнээн төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ёстойг гаргах буюу гэрээний биелэлтийг дүгнэх зайлшгүй шаалдлагатай юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу ямар ажил үйлчилгээ хэрхэн ажилласан, ямар дүн гаргасан талаараа хариуцагчид мэдэгдэж тайлагнасан зүйл байхгүй, ажил үйлчилгээтэй холбоотой шүүхийн шийдвэр болон бусад материалуудыг одоо хүртэл хариуцагчид болон хэрэгт гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон гэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз шаардах эрх нь хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...төлбөр барагдуулах харилцан тохиролдцсон хэлцэл...” гэж үзэж байх бөгөөд дээрх хэлцлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Талуудын дунд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах харилцан тохиролцсон хэлцэл нь монгол улсын иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.5 хэсгүүдийг үндэслэж нэхэмжлэгчээс хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн “...Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө...” үзүүлэх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, ямар үр дүн гаргаж ажилласан гэдгээс хамаарч хэлцэлд заасан төлбөрийг хариуцагч хэдий хэмжээгээр төлөх ёстой болохыг дүгнэх хууль зүйн шаардлагатай. Уг шаардлагын хүрээнд хэлцлийн 5 дахь заалтанд “B&C lawyers” ХХН нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуулийн үйлчилгээ зөвлөгөө бусад мэргэжлийн үйлчилгээ, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн үйлчилгээнд төлөөлж үр дүн гаргаж ажиллана...” гэж заасан байхад “...хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх...” гэрээгээр хүлээсэн үүрэгээ хэрхэн гүйцэтгэснийг дүгнэлгүй ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгч тайлагнаагүй атлаа дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тодорхой заасан. Дээрх шаардлагын хүрээнд нэхэмжлэл “B&C lawyers” ХХН нь гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нотлох маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бичгийн баримтуудыг гаргаж чадаагүй байна. Дээрх байдлаар тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэргийн оролцогчид болон шүүхээс маргаан бүхий асуудалд бодит дүгнэлт өгч, мэтгэлцэх болон эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөр эрх үүргийг тайлбарлан танилцуулсан баримтад гарын үсэг зуруулжээ. /хх 9, 22-26/

 

Гэтэл шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг хийхээр товлосон атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжийг гаргахаас өмнө буюу нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрхтэй, хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь шүүхийн үүрэг бөгөөд шүүх энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдлэх, үүргээ биелүүлэх боломжгүй болсон, шүүх мөн  хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлзэх зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн  гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА         

                                                                                                         

                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН