Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0242

 

О.Б, НАНХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч О.Б-ийн өмгөөлөгч Ч.А, нэхэмжлэгч НАНХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ж.Г, гуравдагч этгээд Б.Н, Д.Г, П.Н, Б.М, Н.О, П.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, гуравдагч этгээд Б.М, Д.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.Б, НАНХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу О.Б, НАНХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.1, 27.4, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгч О.Б болон НАНХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Б, НАНХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар давж заалдах гомдолдоо: “ ...Нэхэмжлэгч О.Б 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байтал шүүх өмнөх шаардлагын үндэслэлд дүгнэлт өгсөн, ... Нийслэлийн сонгуулийн хороо хариу тайлбараа шүүх хуралдаан дээр ирүүлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчид эрх тэгш мэтгэлцэх бололцоог олгоогүй, ... гуравдагч этгээдийг татан оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжид сөргөөр нөлөөлсөн, ... хуульд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын үр дагавар, эрх зүйн хамгаалалтыг тодруулах ажиллагааг бүрэн дүгнэж тодорхойлох боломжоос шүүх татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдуулан нэхэмжлэгч О.Б-ээс “Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “ХҮН-ын нэр дэвшигчдийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” 21 дүгээр тогтоолыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” [1],

НАНХ-оос “тухайн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар[2] гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд явагдаж дууссантай холбогдуулан “Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”[3] буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан шийдвэрийг гаргуулахаар тус тус өөрчилж, үндэслэлээ “захиргааны байгууллага ирээдүйд дахин ийм алдаатай шийдвэр гаргахгүй байх эрхийн хамгаалалтаар хангагдах, цаашид орон нутгийн сонгуульд шударгаар өрсөлдөх, хууль ёсны дагуу явагдах сонгуульд оролцох, саналаа өгөх, сонгогдох зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах хууль зүйн баталгааг бий болгох“, “сонгуульд орох хуульд заасан тусгайлсан шаардлага хангаагүй атлаа зохиомол нөхцөл байдал бий болгох замаар 27 иргэнийг нэр дэвшүүлснийг бүртгэсэн нь сонгуульд оролцогч НАНХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

ХҮН-ын Их хурлын 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[4] намын шинэчилсэн дүрмийг[5], 04 дүгээр тогтоолоор[6] намын даргаар Б.Н-г сонгогдсоныг тус тус баталж, улмаар Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[7] Намын гүйцэтгэх зөвлөлөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Намын анхан болон дунд шатны байгууллагуудад зохион байгуулалтын өөрчлөлт хийх үндэслэл, санал” болон намын гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэлийн үр дүнг үндэслэн намын анхан, дунд шатны хороо, үүрүүдийг татан буулгажээ.

Хөдөлмөрийн үндэсний нам аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохтой холбогдуулан Удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[8]намын дунд шатны байгууллагуудыг нийслэл, дүүргүүд, аймгуудад байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор[9] намын дунд шатны байгууллагуудын тэмдгийг шинээр хийлгүүлж, урьд ашиглаж байсан тэмдгүүдийг мөн өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож, устгалд оруулахыг зөвшөөрсөн, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[10] П.Н-ыг Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсоныг баталж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор[11] орон нутгийн сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах үүргийг намын даргад даалгасан, улмаар ХҮН-аас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 27 нэр дэвшигчийг нэр дэвшүүлжээ.

Нэхэмжлэгч О.Б-ийн тухайд ХҮН-ын Нийслэлийн намын хорооны 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[12] Нийслэлийн намын хорооны даргаар П.Н-ыг сонгосныг баталсан 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг, Нийслэлийн намын хорооны гэх ГТМ0714 дугаар бүхий тамгыг тус тус хүчингүй болсонд тооцож,

05 дугаар тогтоолоор[13] Нийслэлийн намын хорооны даргаар О.Б сонгогдсоныг, 06 дугаар тогтоолоор[14] Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч 45 гишүүний нэрсийг тус тус баталсан тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Сонгуулийн хороод сонгуульд оролцохоор намуудаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, тухайн баримт бичгүүд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагуудыг хангасан нам эвслийг бүртгэх, тухайн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд мөн зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзах“ бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д /Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана/-д зааснаар хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргадаг.

Хариуцагч Нийслэлийн сонгуулийн хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэхэмжлэгч ХҮН-ын П.Н даргатай, 27 нэр дэвшигчийн, О.Б даргатай 45 нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтууд бүхий холбогдох баримт бичгүүдийг тус тус хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж маргаан бүхий захиргааны актаар ХҮН-ын П.Н даргатай, 27 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгож, шийдвэрийг нийтэд мэдээлэхийг нарийн бичгийн даргад даалгасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан ХҮН-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/225 дугаар тодорхойлолт[15], нэхэмжлэгч О.Б Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хүргүүлсэн баримт бичгүүдэд ашигласан тамга нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй, тус намын гишүүнчлэлээс хасагдсан болох нь тогтоогджээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд тухайн заалтын талаар анхан шатны шүүх “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай байх шаардлагыг сонгууль товлон зарласан өдрөөс өмнө байгуулсан байхаар шаардаж иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг хязгаарлах боломжгүй“ талаар үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

Хариуцагч Нийслэлийн сонгуулийн хороо маргаан бүхий захиргааны актаар ХҮН-ын 27 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосон нь дээрх байдлаар хуульд нийцсэн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч НАНХ-ны авах ёстой байсан саналыг хуваасан, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Б гуравдагч этгээдээр оролцохоор гаргасан хүсэлт [16]-ийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дэмжсэн хүсэлтийг “маргаан бүхий захиргааны акт Э.Б рүү чиглэж гараагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэж байгаа бол холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д нийцжээ.

Нөгөөтээгүүр, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Тодруулбал, намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаанд намын дотоод зохион байгуулалт, намын анхан болон дунд шатны нэгжийг байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаан хамаарах тул Хөдөлмөрийн үндэсний нам аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохтой холбогдуулан намын анхан болон дунд шатны нэгжийг байгуулах, татан буулгахтай холбоотой асуудалд шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Б, НАНХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

[1] 1 дэх хавтсын 3 дахь тал.

[2] 3 дахь хавтсын 4 дэх тал.

[3] 3 дахь хавтсын 154-160 дахь талууд.

[4] 1 дэх хавтсын 20 дахь тал.

[5] 1 дэх хавтсын 46-50 дахь талууд.

[6] 2 дахь хавтсын 107 дахь тал.

[7] 2 дахь хавтсын 122 дахь тал.

[8] 2 дахь хавтсын 130-131 дэх талууд.

[9] 2 дахь хавтсын 132 дахь тал.

[10] 2 дахь хавтсын 138 дахь тал.

[11] 2 дахь хавтсын 135 дахь тал.

[12] 1 дэх хавтсын 10 дахь тал.

[13] 1 дэх хавтсын 12 дахь тал.

[14] 1 дэх хавтсын 13 дахь тал.

[15] 2 дахь хавтсын 71 дэх тал.

[16] 2 дахь хавтсын 205 дахь тал.