Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 478

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ч д холбогдох эрүүгийн 1906 07432 0507 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч, бариа засалч мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн   тоотод байрлах бариа заслын төвд гоо сайхан, бариа засалчин ажилтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , Б.Ч .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Б.Ч  нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 41 тоотод үйл ажиллагаа явуулдаг гоо сайхан бариа заслын төвд хамт ажилладаг А.Батцэндтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний үсийг зулгааж, нүүр хэсэгт маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

насанд хүрээгүй хохирогч А.Батцэндийн өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч А.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-37-38/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх-17-19/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт /хх-44-47/, Б.Ч  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, Хаан банкны лавлагаа /хх-32/, Б.Ч ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-56-58/, шүүгдэгч Б.Ч ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Ч  нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 41 тоотод үйл ажиллагаа явуулдаг гоо сайхан бариа заслын төвд хамт ажилладаг А.Батцэндтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний үсийг зулгааж, нүүр хэсэгт маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Батцэндийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ хоносон. Тэгээд өглөө хамт ажилладаг Б.Ч  08 цаг 50 минутын үед согтуу орж ирсэн. Би Б.Ч д хандан “би хоёр өдөр дарааллан цэвэрлэгээ хийсэн, чи өнөөдөр цэвэрлэгээ хий” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг “янхан минь би яахаараа цэвэрлэдэг юм бэ, чи өөрөө цэвэрлэгээ хий, чи захирал Баянаатай унтаж хэвтээд даам гарахгүй шүү” гэж хэлсэн. Би 00 өрөө орсон чинь араас хүрч ирээд намайг үсдэж, зулгаагаад нүүр маажиж эхэлсэн. Тэгээд үсдэж байгаад намайг газар унагааж, шал мөргүүлж зодсон. Би шууд аав руугаа залгаж дуудсан бөгөөд Б.Ч ы аавыг дуудсанг мэдэнгүүтээ ажлаас гараад явчихсан. Хэрэг болоход Б.Ч  бид хоёроос өөр хүн байгаагүй....Би насанд хүрээгүй болохоор намайг хүмүүс ажилд авахгүй байсан ба би эгч А.Оюун-Ундрахын иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг нь аваад өөрийгөө А.Оюун-Ундрах гэж ажилд орж байсан. Тэгээд манай ажлынхан А.Оюун-Ундрах гэдгээр нь мэднэ. тэрнээс бол А.Батцэнд гэдэг нэрийг маань мэдэхгүй” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оюун-Ундрахын өгсөн: “...Дүү А.Батцэндэд болсон асуудлын талаар бол би мэдэхгүй байна. Гоо заслын барианы газар ажиллаж байгаад хамт ажилладаг эмэгтэйдээ зодуулсан гэж ярьж байхыг нь сонссон. Би 2019 оны 10 дугаар сард ажилдорох санаатай иргэний үнэмлэхний лавлагааг ТҮЦ машинаас авсан байсан. Тэгээд ээж дээрээ очихдоо тэрийг мартаад үлдээсэн байсан. Тэгтэл дүү маань миний иргэний үнэмлэхний зурагтай лавлагаагаар ажилд орсонг сүүлд мэдсэн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

 

           Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай дүгнэлтэд:

           1. А.Оюун-Ундрахын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун шанаа, баруун бугалганы зулгаралт, баруун, зүүн нүдний гадна булангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, нурууны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.” /хх-17-19/ гэх дүгнэлт,

 

           Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний 291 дугаартай дүгнэлт:

1.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 291 дугаартай шинжилгээнд, зүүн хөмсөгний гадна хажуу хэсэгт 0.4x4 босоо хүрэн улаан гүн зулгаралттай, баруун шанаанд 0.4x4.5 хөндлөн улаан хүрэн гүн зулгаралттай гэсэн байх ба 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр А.Батцэндэд үзлэг хийхэд баруун шанаанд хөндлөн 0.3x3 см хүрэн бордуу нөсөө, зүүн хөмсөгний гадна хажуу хэсэгт босоодуу 0.3x3 см хүрэн бор нөсөө тогтоогдлоо. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 192 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь үзүүлэгч А.Батцэндийн биед учирсан байна.” /хх-44-47/ гэх  мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ч ы яллагдагчаар өгсөн: “...Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан гэж бодож байна. Учир нь А.Батцэндэд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 17-ны өдөр 100.000 төгрөг гээд нийт 200.000 төгрөг өгсөн.” /хх-57-58/ гэх мэдүүлэг,

 

         Нас тоолсон тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-6-7/,         

         Банкны дансны хуулга /хх-32/,  

         Шүүгдэгч Б.Ч ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ч ы 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 41 тоотод үйл ажиллагаа явуулдаг гоо сайхан бариа заслын төвд хамт ажилладаг А.Батцэндтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний үсийг зулгааж, нүүр хэсэгт маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ч д Эрүүгийн

 хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Ч ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ч  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Батцэндэд 200.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Ч  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ч ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ч  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ч  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Ч  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч А.Батцэнд нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС