| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0003/Э |
| Дугаар | 0123 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0123
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Д...., түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,
шинжээч С.Гүрсүрэн,
шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох 1903010970484 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д няравын туслахын ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
С.... нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг “Хатан кашмер” ХХК-ийн хойд замд “Х.Верна” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэснийг зөрчсөний улмаас ...улсын дугаартай М.Бенз-500 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 43 настай, эмэгтэй Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д....ын эд хөрөнгөнд 53.363.816 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. .би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буяны ажилд яваад буцаад ламаа гэрт нь хүргэж өгөх гээд манай дүүгийн Х.Верна маркийн машинтай ... жолоочтой 22 товчоогоор орж ирээд би машин дотор унтаж байсан яг юу болсоныг мэдэхгүй байна. Гэнэт сэрээд хартал машины урд талд машин тулаад ороод ирсэн хүүе Баганаа гэх хооронд мөргөлдөөд Баганаа миний цээжнээс тулаад жолооч талын шил мөргөөд сандал дээрээ тайвшираад байж байтал 103 ирсэн лам, жолооч бид 3-ыг аваад эмнэлэг явсан. …одоо миний биеийн байдал сайжирсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,
2.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний машины хойд буфер, хаалга, бусад хэсэг эвдэрсэн. Мастер үнэлгээгээр нийт 64 сая орчим төгрөг болсон. Энэ машиныг 450,000,000 төгрөгөөр Герман улсаас 2019 онд оруулж ирсэн. Шинэ машин байгаа юм. ... 2005 оноос хойш миний машиныг жолоодож явсан. Үнэлгээгээр гарсан нийт зардлыг холбогдогч талаас нэхэмжилнэ. ... ” гэх мэдүүлэг /хх 22 х/,
3.Хохирогч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... М.Бенз маркийн 08-80 УБЦ улсын дугаартай автомашиныг би 2019 онд шинээр нь худалдаж авсан бөгөөд осол болох үед автомашинаа өөрөө жолоодож яваагүй болохоор осол, хэргийн талаар мэдэхгүй. Автомашины сэлбэгийг Германаас хувь хүмүүсээр дамжуулж захиалж авч байгаа.Шинэ машин учраас Монголоос сэлбэг олдохгүй байгаа.Автомашинд учирсан хохирлоос хойд чирэгч, залгуурыг өмнө нь би өөрөө жолоодож ухарч байгаад юм мөргөж гэмтээсэн тул хохирлоос хасч өгнө үү?, үлдсэн хохирлоо Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан үнээр нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Иргэний нэхэмжлэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний нүүрний хэсэг хамар, дух, 2 нүд, хөмсөг орчмоор гэмтсэн. Тухайн осол болох үед цус алдаж магадгүй гээд оёдол тавиулсан байгаа тархинд цус хуралт үүссэн бүрэн шимэгдээгүй эмчилгээ хийлгэж байгаа. Ажлаа хийгээгүй уг нь сард 1,200,000-2,300,000 төгрөгийн хооронд орлоготой байсан одоо орлого байхгүй манай эхнэр гэртээ хүүхдээ хардаг бас ЖИ БИ СИ СИ ББСБ-д 12,500,000 төгрөгийн зээлтэй сард 685,000 төгрөг төлдөг , эмчилгээнд цааш косметик оёдол тавиулах, хамраа эмчлүүлэх таславч хугарсан, цус шимэгдүүлэх, физик эмчилгээнд явах , сорви арилгах баримтаар 258,200 төгрөг гаргаж өгсөн би өөрөө эрүүл мэндийн даатгалтай байсан болохоор эмчилгээний төлбөрийг хөнгөлүүлсэн.Дархан хотоос миний ээж, эгч хоёр автобусаар ирсэн зардалд 40,600 төгрөг болсон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Ажлаа хийж чадахгуй болсон учраас сард төлөх лизингийн 685,000 төгрөг эхний удаа сар бүр ажилдаа ортол жолооч талаас яаралтай гаргуулах шаардпагатай 9 дүгээр сард өгөх байсан 685,000 төгрөг хүнээс зээлсэн байгаа учир жолоочоос гаргуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/,
5.Шүүгдэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 19-20-ны шөнө өөрийн эзэмшлийн Х.Верна маркийн ...дугаартай тээврийн хэрэгсэлтэй 01 цагийн үед Төв аймгийн Аргалант сумаас гэрээсээ гараад 03 цагийн үед гэмтлийн эмнэлгийн баруун хойд талаас лам аваад буцаад Төв аймаг Аргалант суманд 05 цагийн үед очсон буяны ажил дуусаад 08 цагийн үед ламаа хүргэж өгөхөөр хамаатны эгч ...гийн хамтаар Улаанбаатар хотруу яваад 09 цаг 30 минутын үед шинэ 22 товчоогоор орж ирээд Хатант Кашмир өнгөрч яваад зүүрмэглээд хартал урд талд машин зогсож байсан би тоормос гишгэтэл зогсож амжаагүй мөргөсөн. Уг нь би урд зогсож байгаа машиныг 20 метр зайд зогсож байгааг харсан явган зорчигч өнгөрүүлээд байх шиг байсан, би унтаагүй ядарсан буяны ажил гэж явсаар байгаад ийм юм боллоо, иргэний нэхэмжлэгч С....од эхлээд 920,607 төгрөг, шүүхийн шатанд 250,000 төгрөг тус тус төлсөн, би сарын 1,5 сая төгрөгийн цалинтай хохирогч Д....ын автомашины хохирлыг бүрэн төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх 25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
6.Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр өдөр 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр танил ...ийн хамт М.Бенз маркийн машинтай Эмээлт зах ороод буцаад хот руу Хатань кашмер ХХК-ын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан тухайн үед унтаж явсан ба түс тас хийгээд сэрээд машинаас буугаад хартал явган зорчигч нар аксент маркийн машины дугуй зуурсан тэгээд мөргөсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
7.Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуг ажилладаг хүний хамт М.Бенз маркийн 08-80 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон эмээлт зах ороод буцаад хотын төв рүү товчоогоор орж ирээд явж байтал миний машины зүүн талд автобус зогсоод явган зорчигч нар зам хөндлөн гарч байсан. Би бараг машинаа зогсоож байтал хойд талаас нэг машин хүчтэй мөргөөд эсрэг урсгалд ороод зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,
8.Шинжээчийн 11651 дугаар дүгнэлт.
1. Б....гийн биед бугалга ясны хугарал, духны арьсны зулгаралт, шилбэний цус гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 34 х/,
9.Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 493 дугаар магадлагаа:
1.H.Verna маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.М.Бенз маркийн 08-80 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Л.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... гэх дүгнэлт /хх 60-61 х/,
10.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Мерседес бенз G500 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ нийт 53,363,816 төгрөг /хх 48-49 х/,
11.Шинжээч С.Гүрсүрэнгийн: Эд хөрөнгийн хохирлыг арилгах зардлын хэмжээ гэж гэмт үйлдэл, эс үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэмтлийг арилгаж, өмнөх байдалд буцаан оруулахад шаардах мөнгөн дүн гэсэн зорилгоор үнэлгээний тайланг гаргасан. Тухайн автомашин нь 2019 оны 1 сард цоо шинээр худалдан авсан байсан тул дистербютерийн оношилж гаргасан эд ангиуд хагарч бутарсан, мөн зарим эд анги хөнгөн цагаан бүтэцтэй засварлагдах боломжгүй гэмтэл байсан. ... цоо шинэ машин тул бид үнэлгээнд дистербютерийн саналыг баримтлах ёстой. Энэ нь үйлдвэрлэгчээс гаргадаг баталгаат хугацаатай уялдана. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот тогтоолын дагуу элэгдэл тооцон хасагдуулсан байгаа. Ашигласан хугацааг харгалзан 5.2% элэгдэл тооцсон. гэх мэдүүлэг /хх 75-76 х/,
12.Шинжээч С.Гүрсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...08-90 УБЦ улсын дугаартай Мерседес бенз Ж-500 маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Тухайн үнэлгээг хийхдээ аль нэг талд оролгүй дүрэм журмаа баримталж аргачлалын дагуу гаргасан гэдгээ илэрхийлж байна. Тухайн машин нь 2018 онд үйлдвэрлэгдсэн боловч 2019 онд Монголд орж ирсэн тул 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа. Зах зээлийн үнийг 410,000,000 төгрөгөөр үнэлсэн. МСМ компанийн үнийн санал оношлогоон дээр үндэслэж газар дээр нь үзлэг хийж үнийн дүнгийн саналыг авч дээд шүүхийн тогтоолын дагуу элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээг гаргасан. Тухайн машины гэмтэл дээрх үзлэгт би өөрөө бодит үзлэг хийхээс нарийн эвдрэл гэмтлийг нарийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг шаардлагатай байсан учраас МСМ компанид хандсан. Машины эвдрэлийг тухайн ослоос болж үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
13.С....ын жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “0 хувийн согтолттой” /хх 5 х/,
14.Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал “... Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл:Мерседес бенз 500 маркийн, 0880УБЦ улсын дугаартай автомашины хойд буфер хагарсан, хойд улсын дугаар чихэгдсэн, баруун хойд крыло хонхойж будаг халцарсан.” /хх 07 х/,
15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 89 х/,
16.Жолоочийн лавлагаа /хх 90 х/,
17.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 91 х/,
18.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 92 х/,
19.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх 102-103 х/
20.Иргэний нэхэмжлэгч С....ын хохирлын баримтууд /хх 96-97, 130-137, 225-231 х/,
21.Иргэний нэхэмжлэгч С....од эмчилгээний зардалд 920,607 төгрөг төлсөн баримт /хх 95 х/,
22.Иргэний нэхэмжлэгч С....од бэлнээр 200,000 төгрөг төлсөн, 50,000 төгрөг банкаар шилжүүлсэн ХААН банкны хуулга, С....ын нийт 250,000 төгрөг авсан тухай баримт /хх 224, 235 х/,
23.Хохирогч Б....гийн “... шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй.С....д ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх бичгээр гаргасан тайлбар /хх 28-29, 212 х/ зэрэг болно.
Иргэний нэхэмжлэгч С....од шүүх хуралдааны тов мэдэгдсэн ч ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Иргэний нэхэмжлэгч, ... ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгч С.... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг “Хатант кашмер” ХХК-ийн хойд зам дээр “Х.Верна” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урд нь явсан М.Бенз-500 маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчийг нэвтрүүлэх зорилгоор хурдаа хасаад зогсох үед Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “... Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэснийг зөрчиж араас нь мөргөж өөрийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б....гийн “... би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буяны ажилд яваад буцаад ламаа гэрт хүргэж өгөх гээд манай дүүгийн Х.Верна маркийн машинтай ... жолоочтой 22-н товчоогоор орж ирээд би машин дотор унтаж байсан яг юу болсоныг мэдэхгүй байна. Гэнэт сэрээд хартал машины урд талд машин тулаад ороод ирсэн хүүе Баганаа гэх хооронд мөргөлдөөд Баганаа миний цээжнээс тулаад жолооч талын шил мөргөөд сандал дээрээ тайвшираад байж байтал 103 ирсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 28-29 х/,
Шүүгдэгч С....ын “... 2019 оны 09 дүгээр сарын 19-20-ны шөнө өөрийн эзэмшлийн Х.Верна маркийн ...дугаартай тээврийн хэрэгсэлтэй 01 цагийн үед Төв аймгийн Аргалант сумаас гэрээсээ гараад 03 цагийн үед гэмтлийн эмнэлэг баруун хойд талаас лам аваад буцаад Төв аймаг Аргалант суманд 05 цагийн үед очоод буяны ажил дуусаад 08 цагийн үед ламаа хүргэж өгөхөөр хамаатны эгч ...гийн хамтаар Улаанбаатар хотруу яваад 09 цаг 30 минутын үед шинэ 22 товчоогоор орж ирээд Хатант Кашмир өнгөрч яваад зүүрмэглээд хартал урд талд машин зогсож байсан би тоормос гишгэтэл зогсож амжаагүй мөргөсөн. Уг нь би урд зогсож байгаа машиныг 20 метр зайд зогсож байгааг харсан явган зорчигч өнгөрүүлээд байх шиг байсан, .. гэм буруугийн асуудлаар маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Т....ын “.. .би тэр өдөр 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр танил ...ийн хамт М.Бенз маркийн машинтай Эмээлт зах ороод буцаад хот руу Хатант кашмер ХХК-ын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан тухайн үед унтаж явсан ба түс тас хийгээд сэрээд машинаас буугаад хартал явган зорчигч нар наад аксент маркийн машины дугуй зуурсан тэгээд мөргөсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
Гэрч Л....ийн “... би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуг ажилладаг хүний хамт М.Бенз маркийн 08-80 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон эмээлт зах ороод буцаад хотын төв рүү товчоогоор орж ирээд явж байтал миний машины зүүн талд автобус зогсоод явган зорчигч нар зам хөндлөн гарч байсан. Би бараг машинаа зогсоож байтал хойд талаас нэг машин хүчтэй мөргөөд эсрэг урсгалд ороод зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,
Шинжээчийн 11651 дугаар дүгнэлт.
1.Б....гийн биед бугалга ясны хугарал, духны арьсны зулгаралт, шилбэний цус гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 34х/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 493 дугаар магадлагаа:
1.H.Verna маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.М.Бенз маркийн 08-80 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Л.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... гэх дүгнэлт /хх 60-61 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.
С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэснийг зөрчиж урд талын автомашиныг мөргөж өөрийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б....гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа. Шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, учирсан хохирол хоёр шууд шалтгаант холбоотой.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон.
Харин Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос С....д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.Үүнд:
Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал: “Мерседес бенз Жи 500, 0880 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хойд буфер хагарсан, хойд улсын дугаар чихэгдсэн, баруун хойд крыло хонхойж будаг халцарсан” /хх 07 х/, хохирогч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... миний автомашины борхов буюу хойд чирэгч, залгуур нь уг осол болохоос өмнө би өөрөө машинаа жолоодож ухарч байгаад гэмтээсэн тул дээрх эд ангийн хохирлыг хасч тооцож өгнө үү?” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан “... 42.Хойд чирэгч эвдрэл их, солих, үнэ 3,497,600 төгрөг, 43.Хойд чирэгчний залгуур эвдрэл их, солих үнэ 1,220,298 төгрөг /хх 49 х/ зэрэг нотлох баримтуудаар нийт 4,717,898 төгрөгийн хохирол шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, гэмт хэрэг гарахаас өмнө учирсан эвдрэл болох нь нотлогдон тогтоогдсон.
Иймд 53,363,816 нийт хохирол - 4,717,898 хасагдах эд ангийн үнэ = 48,645,918 шинээр тогтоогдсон хохирол төгрөгөөр Д....ын автомашинд учирсан шууд хохирлын хэмжээ тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй уг гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндэвтэр хохирол”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “их хэмжээний хохирол” нь нэг төрлийн хохирлууд биш Прокуророос С....ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзээд уг зүйлийн хамгийн хүнд ялтай хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Хохирлын талаар:
Хохирогч Б.... нь эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “одоо миний биеийн байдал сайжирсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 28-29, 212 х/-ээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч Д....ын автомашинд учирсан шууд хохирлын дүн 48,645,918 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах,
Иргэний нэхэмжлэгч С....ын эмчилгээ, шинжилгээний зардалд нийт 1,170,607 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч С.... цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: С....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С....д оногдуулах ялыг тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч С....ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөнд учруулсан хор уршиг арилаагүй, хохирогч гомдолгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шйидвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ял тэнсэх асуудал нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар зөвхөн хорих ялд хамаарах бөгөөд шүүгдэгчийн ял шийтгүүлж буй зүйл анги хорих ялгүй учраас түүний гаргасан саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн ... дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгох.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С....д холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С....ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С....д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С....ас 48,645,918 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтуруун 10-25 тоот хаягт оршин суух УЖ66062316 регистрийн дугаартай Д....ад олгосугай.
6.С....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэгч С....од 1,170,607 төгрөг төлөгдсөн бөгөөд цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж, С....ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ