Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0015

 

 

 

 

 

 

  2019          12         30                                        2020/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Өсвөр насны шүүгдэгч: С.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б-, өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905040271311 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т-, 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ..... тоот регистртэй,

Өсвөр насны шүүгдэгч С.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Скай Шоп” гар утасны дэлгүүрээс хохирогч Э.Б-ийн Ай поне 7, Самсунг Глакси Эс 8 маркийн гар утсуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсаны улмаас хохирогчид 896.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр нансы шүүгдэгч С.Т-гийн шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад 1 дүгээр хороолол руу сургуулийн ахдаа ном аваачиж өгөх гээд явсан тэгж байхдаа утасны дэлгүүр ороод гар утсыг аваад зугтаасан” гэв.

Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би гар утас худалдааны төвийнхөө лангуу дээр байж байтал 17-18 цагийн орчим 17-18 орчим насны гэмээр цэнхэр өнгийн куртиктэй доогуураа хар хөх өнгийн пүүзтэй, биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүүхэд гар утас үзье гэж хэлсэн. Ингээд зардаг гар утаснуудаас үзүүлж байтал Ай поне 7, Самсунг Глакси Эс 8  маркийн гар утсыг тус тус барьж үзэж байгаад түр анхаарал сарних хойгуур гар утсыг аваад гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Өсвөр насны яллагдагчаар С.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан ба гэртээ унтаж амарч байгаад өдөр 16 цагийн үед ...25 эмийн сангийн баруун талд Кёкшьюү цамхагийн байрнууд дунд гар утас зардаг дэлгүүр байхаар нь ганцаараа орж гар утаснуудын үнэ харж байгаад гараад явсан. ...дахиад гар утас зардаг дэлгүүр рүү орсон. Ингээд дэлгүүр дотор гар утаснуудыг үзэж байгаад тэр дундаас хар өнгийн Самсунг Эс 8  загварын гар утас болон хар өнгийн Ай поне 7 загварын гар утсыг үзэж байсан. Ингээд гар утас зардаг хүнийг надад гар утас үзүүлж байхад уг хоёр утсыг аваад зугтаачихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 53-54/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн хүсэлт /хх-н 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 21-22/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 37/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26, 32-43, 62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т С.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Скай Шоп” гар утасны дэлгүүрээс хохирогч Э.Б-ийн худалдаж байсан Ай поне 7, Самсунг Глакси Эс 8 маркийн гар утсуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсаны улмаас хохирогчид 896.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-ийн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би гар утас худалдааны төвийнхөө лангуу дээр байж байтал 17-18 цагийн орчим 17-18 орчим насны гэмээр цэнхэр өнгийн куртиктэй доогуураа хар хөх өнгийн пүүзтэй, биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүүхэд гар утас үзье гэж хэлсэн. Ингээд зардаг гар утаснуудаас үзүүлж байтал Ай поне 7% Самсунг Глакси Эс 8  маркийн гар утсыг тус тус барьж үзэж байгаад түр анхаарал сарних хойгуур гар утсыг аваад гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч С.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Т- нь хохирогчийн худалдаж байсан гар утсыг худалдаж авахаар үзэж байгаад авч зугтаасан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утаснуудаа буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 11/ гаргасан тул өсвөр насны шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч С.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч С.Т-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилжээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч С.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, 9 дүгээр ангийн сурагч, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар  тогтоосон ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус хуульчилжээ.

          Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэж, шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч С.Т-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-г 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч С.Т-д оногдуулсан 06 сар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д 06 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олго сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

          7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР