Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гарьдхүү, Б.Энхбат,

Шинжээч эмч С.Шүрцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О, Б.Б, Э.Б,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э,

Шүүгдэгч Б.Э, Н.А,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Бямбасүрэнгийн Б.Э, Боржигон овгийн Нарангийн Н.А нарт холбогдох 1928002860004 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, ял шийтгэлгүй, Тайж овгийн Б.Э, регистрийн дугаар КЮ..............

Монгол улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овгийн Нарангийн Н.А, регистрийн дугаар 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Бямбасүрэн овогтой Б.Э, яллагдагч Наран овогтой Н.А нар нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” баарны гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Ц.О, Б.Б, Э.Б, Г.Э нарт хүч хэрэглэн зодож танхайрсан,

Шүүгдэгч Б.Э нь Н.Атэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” баарны гадна хохирогч Б.Бт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А нь Б.Этэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” баарны гадна хохирогч Б.Бт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн ганцаараа хохирогч Ц.От хүч хэрэглэн нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би Баадай гэдэг найзтайгаа ууж байсан. Баар дотор ууж байгаад гарч ирээд энэ хэдэн залуучуудтай таарсан. Энд сууж байгаа бүх залуучуудтай таарсан. Нэрийг нь сайн цээжлээгүй, тухайн үед бүгдээрээ согтуу байсан. Би тамхи татаад баарны үүдэнд зогсож байхад эхлээд Н.А гэдэг залуутай энэ залуучууд хэрэлдсэн. Би бас зодоон болох байх гэж бодоод тэр залууг эхлээд алгадсан. Ардаас нь дахиад нэг залууг алгадсан. Дараа нь би шууд такси аваад Н.А гэх залуу бас Баадайтай хамт гэр лүүгээ явсан гэв.

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би 9 цагийн үед гэрээсээ гарсан. Байрныхаа гадаа 2 найзтайгаа уулзаж 1 шил архи уугаад, тэр 2 үлдээд, би ганцаараа баар луу орсон. Тамхи татах гэж гарч ирсэн. Б.Эийг харж байсан, мөн ганц хоёр харж байсан хүмүүс байсан. Хохирогч нарыг бол танихгүй. Тамхи татаад сууж байхад зодоон болоод эхэлсэн. Баарны гадаа нээх сайн харагдахгүй байсан. Гэрэлтүүлэг муутай, олуулаа байсан, энд ирээд удаагүй байсан болохоор зодооноос сэргийлэх маягаар айсандаа түрүүлээд буруу үйлдэл гаргасан байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаа тараад Б.Б, Э.Б бид 3 ганц, ганц лааз пиво уугаад, доошоо яваад 15 давхрын хажууд очиж дахиад том пиво уугаад, тэндээ дахин нэг пиво уугаад баар хайхаар болсон. Баарнаас гарч ирэхэд манай дүү авах гээд ирсэн байсан. Бид 2 тамхи татаад зогсож байхад Г.Эийг алгадаад авсан. Яаж байна гээд салгах гэхэд Н.А нь намайг шилээр цохисон гэв. Ухаан алдаад нэг сэрээд харахад баарны гадаа хэвтэж байсан. Босоход доошоо цус гоожоод, би нүүрээ дарахад нүүр битүү цус болчихсон байсан. Босоход энэ хэд таксинд суугаад явсан, таксиных нь ардаас Г.Э гүйгээд тэгэхэд шууд яваад өгсөн. Эд нар намайг хүргэж өгөх гээд таксинд суух гэхэд намайг цус болчихсон байсан болохоор айгаад такси авахгүй, намайг гэр лүү алхаж хүргэж өгсөн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаа тараад дэлгүүрээс пиво аваад уусан. Бид 3 Зэт баар луу орохоор болоод Г.Э найзынх руугаа явлаа гээд явсан. Замдаа бид 3 нэг том пиво авч уугаад бааранд орж сууж байгаад гарч ирсэн. Гадаа Ц.О бид 2 тамхилаад байж байсан. Тэр үед 2 залуу ирээд Г.Эийг цохиод авсан. Би голоор нь ороод салгахад намайг цохисон. Би жоохон ухарсан чинь Ц.Оыг цохиод намайг жоохон урагшлуулж байгаад хэд цохисон. Баадай гэдэг залуу цуг байсан. Энэ 3 таксинд суугаад явсан. Бид хэд Ц.Оыг хүргэж өгсөн гэв.

Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаас тараад Ц.О, Б.Б бид 3 нэг, нэг лааз пиво уусан. Сүүлд 15 давхар орж нэг том пиво уусан. Баар луу ороод жоохон пиво уугаад жоохон бүжиглэсэн. Манай 2 гараад явчихсан байхаар нь би араас нь гарахад тэр 3 залуу зогсож байсан. Б.Э нь Г.Эийг цохиод, дараа нь Б.Быг цохисон. Н.А нь Ц.Оыг шилээр цохисон. Энэ 2 залуу 2-лаа Б.Быг урагш нь элдээд, унагааж, 2,3 удаа өшиглөсөн. Би яг хажууд нь  хараад зогсож байсан гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлынхантайгаа хононо гэж явсан. Дэлгүүр орж пиво аваад би найзындаа очоод эргэж ирсэн. 10 цаг өнгөрөөгөөд явсан, баарны гадаа очиход гадаа хэдэн ах нар тамхи татаад байж байсан. Энэ хэдийг аваад явах гэхэд нэг нь шил барьчхаад томроод байсан. Ахаа бид нар одоо явлаа гэхэд алгадаад авсан гэв.

Шинжээч С.Шүрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт : Өмгөөлөгч заавал томографийн зураг байх ёстой гэж ярьж байна. Нүүрэн дээр учирсан шарх Б.Бын тохойд үүссэн зулгаралт зэргийг томографаар нотлох ямар ч шаардлага байхгүй. Томографаар бүтцийн өөрчлөлт, голомтот эмгэгүүд, ясны хугарлууд, тархи болон бусад эд эрхтэн дээрх цус хуралт зэрэг далд байгаа зүйлийг илрүүлдэг шинжилгээ байгаа. Гэтэл шинжээч эмч өөрийнхөө үзлэгээр өнөөдөр хүний бие махбодод учирсан гэмтлийг зөвхөн үзлэгээрээ тогтоож болно. Сая Ц.О би шинжээч эмчид томографийн зураг өгсөн гэж байна. Надад тийм зураг өгөөгүй байгаа. Бид нар прокурорын шинжилгээний объект хүлээлцэх маягт 1-ийн дагуу мөрдөгчөөс нэмэлт бичиг баримтаа хүлээлцдэг. Надад хүн томографийн зураг хариутай нь өгч байхад би тэрэнтэй танилцахгүй байна гэж байхгүй. Хэрвээ танилцахгүй, шаардлагагүй бол дүгнэлтдээ томографийн зургийг ирүүлсэн боловч тодорхой өөрчлөлт гэмтэл байхгүй тул ашиглах шаардлагагүй гэж бичих ёстой. Энд гавлын ясны эгц хажуу рентген зураг өгсөн байна. Эгч хажуу рентген зурагт ясны бүтцийн өөрчлөлтгүй гэж бичсэн байна. Ирүүлсэн рентген зураг нь ялгаагүй дүрслэл оношилгооны багажийн шинжилгээ, энэ дээр ясны бүтэц байхгүй гэсэн байна. Ц.Оын дүгнэлтэд гол үндэслэсэн нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд болон доод уруулын, эрүүний зүсэгдсэн шарх, зүүн хацрын эсгэгдсэн шарх, дээд болон доод уруулын салстын язралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Энэ нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах гэдгээрээ 2.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмтэл тогтоогдсон байна. Ерөнхийдөө тархи доргилт дангаараа ч хөнгөн зэрэгт орно. Хүний биеийн гадаргуугийн 1 хувьд хамаарахуйц хөнгөн гэмтэлд дүйцэхүйц гэмтэл байж гэмтлийн зэрэгт хамаарна. Шарх бол шууд хэмжээнээсээ үл хамаараад хөнгөн гэмтэлд хамаарна. Зулгаралт, цус хуралт бол бага хэмжээний талбайд байвал гэмтэл мөн боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж 2.6 дугаар зүйлээр гардаг. Эрүүн дээрх мэс заслын оёдол тавигдсан шарх, зовхины шарх нь дангаараа ч хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад эсгэгдсэн зулгаралт зэрэг нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно. Тус тусдаа байсан ч тархи доргилт, эрүүний 2 см урттай шарх, дээд зовхины 1 см шарх ч мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгой өвдөнө гэсэн зовуурь хэлсэн байна. Үзлэгээр дандаа жижиг хэмжээний зулгаралт гэмтлүүд байсан байна. Тархи доргилт гэдэг нь хүний толгой өвдөж байна гэдэг нь тархи доргилтын шинж. Харьцангуй архаг өвчтэй биш бол тухайн гэмтэлтэй холбоотой өвдөж байна гэдэг нь тархи доргилтын шинж юм. Гэмтлийн ерөнхий шинж гэж байна, голомтот шинж гэж байдаг. Тархи доргилт нь бүтэц зүйн өөрчлөлт бол биш, үйл ажиллагааны өөрчлөлтөд оруулдаг гэж үздэг. Тархи доргилтыг томографаар оношилно гэж өмгөөлөгч нар ойлгож байх шиг байна. Энэ нь бүтцийн өөрчлөлт биш хүний тархи нугасны шингэний цалгилттай холбоотой үүсдэг түр зуурын үйл ажиллагааны өөрчлөлт. Магадгүй 5 юм уу 7 хоног үргэлжилж болно. Тэрнээс илүү үргэлжлэхгүй. Аяндаа эмчлүүлэхгүй байсан ч эдгэрэх боломжтой. Гэхдээ гэмтлийн зэрэгт хамаардаг. Мохоо зүйлийн улмаас хүний бие унах, гар хөлөөр цохих явцад үүсч болно. Олон удаагийн жижиг гэмтлүүд олон газар үүсч байна гэдэг нь нэлээн барьцалдсаны шинж. Гэхдээ шинжээч эмч гэмтлийг хэн үүсгэснийг тогтоох үүрэг байхгүй. Хүний биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байж болно. Гэсэн ч эдгээр нь нэг л хэргийн үед учирсан. Хүний бие нэг л цул зүйл учир нэгтгэж гэмтлийн зэрэгт хамааруулсан. Тус тусад нь үзэхээр бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд байна. Хавсарсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Хүний бие махбодыг салгаж авч үзнэ гэдэг бол утгагүй асуудал, мөрдөгчийн зүгээс бугалгад үүссэн гэмтлийг нь нэг хүн үүсгэсэн гэвэл өөр. Хэн үүсгээд байгааг нь мэдэх боломж надад байхгүй. Мөрдөгчийн зүгээс толгойны гэмтэл нь ямар гэмтэлд хамаарах вэ? гэж салгаж асуусан тохиолдолд нэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нэг нь гэмтлийн зэрэгт хамаарна гэж авч үзэж болно. Хүний бие бол нэг цул зүйл, түүнийг салгаж авч үзэх нь бол утгагүй зүйл. Мэдрэлийн өвчний ерөнхий шинж гэсэн зүйлд толгой өвдөнө гэдэг ордог. Тархи доргилт нь үйл ажиллагааны өөрчлөлт, бүтцийн буюу цус харвалт, тархины эдийн няцралт шиг голомтот өөрчлөлт биш. Хүний тархи нугасны шингэний цалгилтын улмаас үүсдэг үйл ажиллагааны түр зуурын өөрчлөлт боловч гэмтлийн зэрэгт хамаардаг. Тодорхой хэмжээгээр хүний эрүүл мэндийг саринуулдаг учраас хамаардаг юм. Энэ нь тархи хавагнуулах хам шинжээр бага зэргийн хүндрэлтэй явагдах юм бол дагзны булчингийн хөшингө нүдний алимны чичирхийлэл, хэл жоохон хазайх зэрэг шинжүүд илүү хүндрэлтэй буюу няцралын шинж рүүгээ орсон тохиолдолд илэрнэ. Зүгээр толгой өвдөх зовуурь байхад энэ нь мэдрэлийн ерөнхий шинждээ хамаардаг. Голомтот шинж бол тархи доргилтын үед үүсэхгүй байж болно гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад хамт ажилладаг байсан Ц.О, Э.Б, С бид нар ажлаа тараад доошоо алхаад Цогжавхлан-3 дэлгүүр орж 3 лаазтай пиво аваад дэлгүүрээс гарч ирээд нөгөө пивоо гурвуулаа гадаа зогсож байгаад уусан тэр үед С яваад өгсөн бид нар төв рүү алхаж очоод Баяндөхөм дэлгүүр орж 2.5 литрийн том савтай пиво авсан тэрийгээ 15 давхрын зүүн талд байдаг хоёр байрны баруун талын орцонд орж уусан. Ууж дуусгаад гарч алхаад Даланзадгад сумын төвд байх “Zеt” гэх бааранд орсон юм. Бааранд орж байснаа санаж байна би согтсон байсан нэг мэдэхэд баарнаас гарч байсан. Баарнаас гараад би нэг тамхи татаж байсан санагдаж байна. Нэг мэдэхэд зодоон болсон тэгж байхад хар малгайтай залуу архины шилээр цохиж авсан тэгчхээд Сг цохиж авсан. Дараа нь Б.Быг урагш аваачаад зодож байгаа харагдсан тэгээд нөгөө хоёр залуу намайг цусаа гоожуулаад сууж байхыг хараад гүйгээд явчихсан юм. Хамт явсан нэг найз нь такси авч ирээд явсан юм. Намайг цусаа гоожуулаад сууж байхад Б.Б ирж аваад таксины зогсоол руу бид 4 явсан таксинд суух гэсэн намайг цус гоожуулаад байсан учраас такси авахгүй байсан тэгээд бид нар манай гэр лүү алхсан гэрт очсон чинь манай эгч намайг аваад эмнэлэгт очсон эмнэлэгт очоод 9 оёдол миний нүүрэнд тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандсан... Зүгээр байж байгаад зодуулж нүүрэндээ муухай сорвитой болсондоо гомдолтой байна.Эмчилгээний зардлаа төлүүлбэл гомдол санал байхгүй...” гэжээ /хх-16-17/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Даланзадгад сумын төвд байх “Zеt” гэх бааранд орсон юм. Бааранд ороод бид гурав нэг ширээнд сууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн бид гурав бараг цаг шахуу бүжиглэсэн тэгж байгаад бид гурав баарнаас гарахаар болсон тухайн үед бид нарыг С авах гээд баарны гадаа ирчихсэн байсан юм. Тэгээд бид гурав баарнаас гараад баарны үүдэнд тамхилаад байж байхад нэг танихгүй залуу ирээд Сг эхлээд цохиод авсан би голоор нь ороод салгах гэсэн боловч намайг мөн цохиж авсан. Тэр үед Ц.Оыг нэг хүн цохиод унагаж байсан би Ц.О луу явах гэсэн болов ч нөгөө залуу над руу дайрсан тэгээд би ухраад явж байхад дахин цохиж унагаагаад өшиглөсөн юм. Би зодуулж байхад С ирээд нөгөө залууг болиоч гээд салгаж явуулсан юм. Тэгээд бид нарыг зодсон 2 залуу яваад өгсөн юм. Тэгээд бид нар гэртээ харьсан...” гэжээ /хх-20-21/,

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой хамт ажилладаг Ц.О, Б.Б нарын хамтаар Зэт бааранд орсон юм. Бааранд ороод 23 цаг өнгөрч байхад баарнаас гарч ирэхэд баарны гадна 3 залуу байж байгаад 2 залуу нь манай найзуудыг зодсон тухайн үед манай хамт ажилладаг дүү Г.Э мөн ирчихсэн байсан тэгсэн. Г.Эийг бас цохиж авсан юм. Тэр хоёр залуугийн нэг нь намайг цохих гэж оролдсон тэр нь бол сүртэй зүйл болоогүй хальт шүргээд өнгөрсөн юм. Манай найз Ц.Оыг архины шилээр цохиж авсан дараа нь Б.Быг урагш нь аваачиж байгаад тэр хоёр залуу мөн цохиж зодсон юм...” гэжээ /хх-23-24/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Од угаалгын газарт ажиллаж байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой ажил тараад Э.Б, Ц.О, Б.Б ах нартай хамт ажлаас гарсан юм. Тэгээд хамт явж байхад ах нар пиво ууна гээд Цогжавхлан дэлгүүр орж лаазтай пиво авсан дэлгүүрээс гараад би ах нар пиво уучихаад баар орно гэхээр нь би орой баарнаас очиж авъя гэж хэлээд гэр лүүгээ явлаа гээд салаад найзынхаа гэр лүү явсан юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад би найзынхаа гэрээс гарч алхаад Зэт баарны гадна очоод Б.Б ах руу залгаад би ирчихсэн байна гэж хэлсэн тэгсэн удаагүй Э.Б, Ц.О, Б.Б нар гараад ирсэн тэд нар гарч ирээд тамхи татаад байж байхад хоёр согтуу ах уурлаад баарны гадуур яваад байсан тэгээд тэр хоёр ах бид нар луу асаад байхаар нь явлаа ах гээд тайлбарлаад хэлсэн чинь нэг ах нь намайг алгадаад авсан тэгсэн Б.Б ах голоор орсон чинь Б.Б ахыг тэр ах цохиж авсан удаагүй нөгөө хар малгайтай ах Ц.Оыг архины шилээр цохиж авсан архины шил нь Ц.О ахын нүүрэн дээр хагарсан юм. Тэгээд шууд над дээр ирээд намайг цохиж авсан би шат руу унасан юм. Би шатнаас босоод ирсэн чинь Б.Б ахыг нөгөө архины шилээр Ц.О ахыг цохидог ах зодож байсан тэгээд би очоод болиоч гэсэн чинь намайг эргээд зодох гэхээр нь би зугтаасан тэгж байхад бид нарыг зоддог ахтай хамт явж байсан Баадай ах такси аваад ирсэн тэгээд нөгөө хоёр найзаа аваад яваад өгсөн юм...” гэжээ /хх-26-24/,

Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед би хамт ажилладаг Б.Б, С, Бэк гэж дууддаг /нэрийг нь мэдэхгүй/ залуу бид нар хамт явж дэлгүүрээс нэг нэг лааз пиво аваад байрны гадна сууж байгаад ууцгаасан тэгээд дэлгүүрээс дахин 2 ширхэг том пиво авсан түүнийгээ мөн байрны гадна сууцгааж байгаад хувааж уусан тэгэхэд бид нартай хамт явсан С гэдэг залуу огт пиво уугаагүй бусад нь ууцгаасан тэгээд бид нар 21 цагийн үед Гандирс төвийн доод талд байдаг бааранд орцгоосон тэгээд 3 ширхэг шилтэй пиво захиалж уусан тэгээд бид нар бүжиглэж байгаад 23 цаг 20 минутын үед байх бид нар гарч явсан хамгийн эхэнд С, араас нь Б.Б, Бэк нар явсан араас нь би гарч явсан юм тэгээд баарны үүдээр гараад шатаар өгсөөд гартал хажууд шатны хаалтад дээр сууцгааж байсан 3 залуугийн нэг нь Сг алгадаад авсан тэгэхээр нь бид нар яасан бэ гээд очсон чинь намайг гэнэт нэг хүн толгой руу цохичихсон тэгэхэд би арагшаа шат руу унаад жаахан ухаан балартсан юм тэгэхэд би шатны хаалтын хажууд суусан байсан гэсэн би тэрийгээ мэдээгүй маргааш нь очиж харахад шатны зүүн талд нүүрээ дараад сууж байсан тэгэхэд манай нөгөө хамт явсан 3-ыг бас зодсон байсан тэгээд С тэр 3 залуугийн араас нь дагаж яваад таксинд суухаар нь суусан таксины машины дугаарыг нь тэмдэглэж авсан байсан тэгээд эргэж ирээд бид нар хэлэхээр нь бид нар таксины зогсоол дээр очиж хүлээж байгаад тэр таксины жолоочтой нь уулзаад түрүүнд хүргүүлсэн 3 залуу хаана хүргүүлсэн гэж асуусан чинь нэг эмэгтэй жолооч байсан бид нарт хаана хүргэж өгснөө хэлээгүй тэгээд бид нар гэр лүүгээ явцгаасан, би гэрт ороод манай эгч намайг дагуулж эмнэлэгт хүргэж өгсөн...” гэжээ /хх-27-28/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цаг өнгөрөөгөөд Э.Б, Ц.О, С бид нар ажлаа тарчихаад дэлгүүрээс нэг нэг пиво уусан тэгчихээд нэг том савлагаатай 2 литрийн пиво 2 ширхэгийг авч хувааж уусан тэгж байхад С гэр лүүгээ явлаа гээд явчихсан тэгээд бид 3 Гандирс төвийн доор байдаг бааранд 22 цаг өнгөрөөгөөд орсон тэгээд бааранд орж 30 орчим минут болчихоод нэг ширээнд бүгд суусан тэгээд Ц.О, Б.Б нар нэг удаа босч бүжиглэж байгаад явахаар болсон бид нар бааранд архи пиво авч уугаагүй, тэгээд гарцгаасан чинь баарны үүдэнд манай найз Бэк гэж дууддаг Э.Б нэг залуутай юм яриад зогсож байсан тэгсэн чинь цаанаас нь 2 танихгүй залуу ирээд юу болцгоогоод байна гэсэн тэгсэн чинь юу ч болоогүй гэж би хэлсэн тэгсэн чинь нэг залуу нь Г.Эийн хацар луу алгадсан тэгэхээр нь Ц.О бид хоёр ахаа яаж байгаа юм гэж хэлсэн чинь нэг залуу нь намайг зодох гэхээр нь би арагшаа ухраад зугтаасан чинь араас хөөж ирээд миний нүүр лүү цохиж унагаад толгой руу өшиглөөд байсан тэгж байгаад нөгөө хүн явчихаар нь би босоод баарны үүдэнд очсон чинь Ц.Оын нүүрнээс цус гарчихсан байж байсан...” гэжээ /хх-29-30/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед би хамт ажилладаг Б.Б, С, Ц.О бид нар ажлаа тарчихаад дэлгүүрээс нэг нэг пиво уусан тэгчихээд нэг том савлагаатай 2 литрийн пиво 1 ширхэгийг авч хувааж уусан тэр пивоноос С огт уугаагүй бусад нь уусан байсан С тэндээсээ гэр лүүгээ явсан, тэгээд бид 3 Гандирс төвийн доор байдаг бааранд 22 цаг өнгөрөөгөөд орсон тэгээд бааранд орж 30 орчим минут болчихоод нэг ширээнд бүгд суусан тэгээд Ц.О, Б.Б нар нэг удаа босч бүжиглэсэн би бүжиглээгүй тэгж байгаад бид 3 явахаар болоод би Сг намайг ирээд аваадах гэж ярьсан чинь удалгүй гадаа ирчихлээ намайг насанд хүрээгүй гээд бааранд оруулахгүй байна гэхээр нь бид нар гарсан тэгэхэд С баарны үүдэнд шатны хажуу талын хаалтан дээр сууж байсан тэгсэн чинь бид нарын араас 3 согтуу залуу гарч ирсэн тэр дунд нэг нь зүс таних нэрийг нь Баадай гэж дуудаад байдаг залуу нь надтай мэндлэхээр нь би мэндэлсэн тэгж байтал хажууд нь үсээ хусуулчихсан залуу байсан бас саравчтай /банзан/ малгайтай хар өнгийн богино куртиктэй, шар өнгийн хагас түрийтэй гуталтай залуу нь гэнэт зүгээр байж байгаад Ц.Оын нүүр лүү нь цохисон тэгэхэд гарт нь шил байсан юм билээ шил нь хагарсан тэгсэн чинь Ц.О хажуу тал руугаа унасан, тэгсэн чинь нөгөө халзан толгойтой залуу нь намайг мэдэх үү би шоронгоос гарч ирсэн гээд бид нар луу дайраад байсан тэгээд миний зүүн шанаа руу нэг удаа цохисон тэгэхээр нь би юм хэлэхгүй Ц.Оыг би босгосон чинь нүүрнээс нь цус гарсан тэгсэн чинь нөгөө залуучууд Б.Быг элдээд зодоод явчихсан тэгээд чигээрээ цаашаа явсан...” гэжээ /хх-31-32/,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 705 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оын биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, дээд болон доод уруул, эрүүний зүсэгдсэн шарх, зүүн хацрын эсгэгдсэн шарх, дээд болон доод уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-47/,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 709 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бын биед тархины доргилт, 2 чихний ар, баруун тохой, зүүн бугалга, бугуйны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-50/,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Бийн биед зүүн хацарт жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-53/,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ.  /хх-56/,

Шүүгдэгч Н.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-75/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-76/,

Хишиг Ундрал сургалтын төвийн сертификатын хуулбар /хх-77/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-78/,

Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-86/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-87/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-88-89/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-116-117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э, Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э, Н.А нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, Н.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э, Н.А нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э, Н.А нар 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” барны гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Ц.О, Б.Б, Э.Б, Г.Э нарт хүч хэрэглэн зодсон,

Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Н.Атэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” баарны гадна хохирогч Б.Бт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А нь Б.Этэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Зэт” баарны гадна хохирогч Б.Бт хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн ганцаараа хохирогч Ц.От хүч хэрэглэн нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  дээрх нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Н.А нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Л.Тийн “...Марал дэлгүүрийн үүдэнд зогсож байтал 2 залуу ирж суусан үсээ хусуулсан залуу нь нэлээн согтуу байсан, хамт явсан залуу нь гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-67-68, 71-73/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Н.А нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн 24 цагийн үед буюу хүний унтаж амрах цагаар  “Зэт” баарны гадна хэрүүл, маргаан үүсгэн нийгэмд тогтсон харилцаа болон ёс суртахуунгүй байдал үүсгэж хохирогч Ц.О, Б.Б, Э.Б, Г.Э нарт хүч хэрэглэн зодсон үйлдлийг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж Эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч Б.Э, Н.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б, Э.Б, Г.Э нарыг шалтаг шалтгаангүйгээр санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын “...Гадаа Ц.О бид 2 тамхилаад байж байсан. Тэр үед 2 залуу ирээд Г.Эийг цохиод авсан. Би голоор нь ороод салгахад намайг цохисон. Би жоохон ухарсан чинь Ц.Оыг цохиод намайг жоохон урагшлуулж байгаад хэд цохисон. Баадай гэдэг залуу цуг байсан. Энэ 3 таксинд суугаад явсан. Бид хэд Ц.Оыг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Бийн “...Манай 2 гараад явчихсан байхаар нь би араас нь гарахад 3 залуу зогсож байсан. Б.Э нь Г.Эийг цохиод, дараа нь Б.Быг цохисон. Н.А нь Ц.Оыг шилээр цохисон. Энэ хоёр залуу 2-лаа Б.Быг урагш нь аваачиж байгаад 2-3 удаа өшиглөж цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Г.Эийн “...23 цаг өнгөрч байхад би найзынхаа гэрээс гарч алхаад Зэт баарны гадна очоод Б.Б ах руу залгаад би ирчихсэн байна гэж хэлсэн тэгсэн удаагүй Э.Б, Ц.О, Б.Б нар гараад ирсэн тэд нар гарч ирээд тамхи татаад байж байхад хоёр согтуу ах уурлаад баарны гадуур яваад байсан тэгээд тэр хоёр ах бид нар руу асаад байхаар нь явлаа ах гээд тайлбарлаад хэлсэн чинь нэг ах нь намайг алгадаад авсан тэгсэн Б.Б ах голоор орсон чинь Б.Б ахыг тэр ах цохиж авсан удаагүй нөгөө хар малгайтай ах Ц.Оыг архины шилээр цохиж авсан архины шил нь Ц.О ахын нүүрэн дээр хагарсан юм...Би шатнаас босоод ирсэн чинь Б.Б ахыг нөгөө архины шилээр Ц.О ахыг цохидог ах зодож байсан тэгээд би очоод болиоч гэсэн чинь намайг эргээд зодох гэхээр нь би зугтаасан тэгж байхад бид нарыг зоддог ахтай хамт явж байсан Баадай ах такси аваад ирсэн тэгээд нөгөө хоёр найзаа аваад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлгүүдээр эргэлзээгүй тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А нь хохирогч Ц.От хүч хэрэглэн архины шилээр нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн ба хохирогч Ц.О, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 705 дугаартай шинжээчийн: Ц.Оын биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, дээд болон доод уруул, эрүүний зүсэгдсэн шарх, зүүн хацрын эсгэгдсэн шарх, дээд болон доод уруулын салстын язрал гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /хх-47/,

Хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 709 дугаартай шинжээчийн: Б.Бын биед тархины доргилт, 2 чихний ар, баруун тохой, зүүн бугалга, бугуйны зулгаралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /хх-50/ ,

Харин хохирогч Э.Бийн зүүн хацарт жижиг зулгаралт гэмтэл үүссэн нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай шинжээчийн: Э.Бийн биед зүүн хацарт жижиг зулгаралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /хх-53/ тус тус тогтоогдож байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн Г.Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай шинжээчийн Э.Бийн биед зүүн хацарт жижиг зулгаралт гэмтэл үүссэн. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтүүдээр /хх-53, 56/ хохирогч Г.Э, Э.Б нарт гэмтэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Энхтөр нь хувийн байдлын хувьд 30 настай, дээд боловсролтой, аж үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Их уулын 4-51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх-86/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-87/, Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-88-89/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/-аар,

Шүүгдэгч Н.А нь хувийн байдлын хувьд 25 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Их-Уулын 3-8 тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-76/, Хишиг Ундрал сургалтын төвийн сертификатын хуулбар /хх-77/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-78/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-116-117/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Н.А нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.От хохирол төлбөрт 950.000 төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр барагдуулсан тухай  баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Э.Б, насанд хүрээгүй хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь шүүгдэгч Б.Э, Н.А нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Б.Э, Н.А нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э, Н.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Э, Н.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Э нь Н.Атэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.А нь Б.Этэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гарьдхүү, Б.Энхбат нар нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 705, 709 дугаартай дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэх дүгнэлт тайлбар гаргасан.

Шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж эргэлзээтэй асуудлыг тодруулсан болно.

Хохирогч Б.Бын биед тархины доргилт, хоёр чихний ар, баруун тохой, зүүн бугалга, бугуйны зулгаралт гэмтэл үүссэн гэх 709 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан.

Тархины доргилт гэмтэл нь үйл ажиллагааны өөрчлөлт боловч гэмтлийн зэрэгт хамаарна. Мөн хохирогч Б.Бын биед учирсан бусад гэмтэл нь нэг хүний бие махбодод гарсан гэмтэл учир гэмтлийн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн мэдүүлгээр уг дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Э, Н.А нарын хохирогч Б.Бын бие эрх чөлөөнд халдан зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагаварт шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Ц.Оын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, дээд болон доод уруул, эрүүний зүсэгдсэн шарх, зүүн хацрын эсгэгдсэн шарх, дээд болон доод уруулын салстын язрал  гэмтэл үүссэн.

Хохирогч Ц.Оын биед учирсан тархины доргилт гэмтэл болон бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Э, Н.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мөн нийтийн хэв журмыг зөрчсөн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Н.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.Ад 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтөр, Н.А нарт оногдуулсан дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.А, Б.Э нар нь тус тус оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Ди ви ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А, Б.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Бямбасүрэнгийн Б.Э, Боржигон овгийн Нарангийн Н.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн,  

Шүүгдэгч Б.Э, Н.Атэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А, Б.Этэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Н.А нарт тус тус  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эд 240 /хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.Ад 320 /гурван зуун хорь / цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.А, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, шүүгдэгч Б.Энхтөрд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э нар оногдуулсан нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

7. Шүүгдэгч Н.А, Б.Э нар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.От хохирол төлбөрт 950.000 / есөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогч Э.Б, насанд хүрээгүй хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь шүүгдэгч Н.А, Б.Э нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Ди ви ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Шүүгдэгч Н.А, Б.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч,  түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Н.А, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ