Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 0017

 

 

 

 

 

  2019          12         30                                        2020/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч/хохирогч: Ц.Ү-,

Шүүгдэгч/хохирогч: С.Г-нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ү-, С.Г- нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905046811390 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ү-, 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Г-, 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикийн дизайнер мэргэжилтэй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нар нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааны улмаас харилцан зодолдож Ц.Ү- нь С.Г-гийн биед нь тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн духны эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн чих, уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

- шүүгдэгч С.Г-нь Ц.Ү-ийн биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхины ирмэг дагуу ба нүдний дотор буланд цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ү-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч С.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажилд ороод удаагүй байсан. Ү-тай харилцаагаа сайжруулах үүднээс хамт гарсан. Ү-, Ирээдүй бид 3 баар орсон. Ирээдүйтэй юм яриад зогсож байхад нэг цохисон. Сарааг Ү- дуудаад Энхбаярын зам дагуу хүргэж өгсөн. Би Ү-ыг цохисоноо санахгүй байна” гэв.

Хохирогч Ц.Ү-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Ц.Ү-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ийшээ гудам руу ороод эр хүн шиг сайхан үзье гээд Өргөөгийн арын гэрэлтэй гудам руу орсон. Гудманд оронгуут Г- цүнх, малгайгаа тайлж тавиад хоёулаа үзье гээд гараараа шууд хамар руу цохихоор нь би тэврээд авсан. Тэгсэн Г- дагз руу 5-6 удаа цохиод байсан. Юугаар цохисныг нь хараагүй учраас мэдэхгүй байна. Тэгээд намайг унагаагаад босгосон. Хамраас цус гоожоод байхаар нь би шаралхаад барьцалдаж аваад Г- намайг хавсраад би унахдаа Г-г татаж бид хоёр газар унаад зодолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Газар ноцолдож байхдаа хөлөөрөө мөр рүү нь жийгээд өөрөөсөө холдуулсан. Ирээдүй бид хоёрыг салгаад би аль аль нь цус гарчихсан байсан болохоор хоёулаа эмнэлэг явах уу гэсэн чинь Г- харина гээд би ажлынхаа С-ыг дуудаад бид 4 Г-гийн гэр рүү явсан. Ирээдүй гэрт нь оруулж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Хохирогчоор С.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ү- үзье гэхээр нь миний гутлын үдээс тайлагдсан байхаар нь би үдэх гээд доошоо тонгойсон чинь Ү- ирээд өшиглөх гэхээр нь би бултсан чинь Ү- над руу дайраад байхаар нь би тэвэрч аваад мушгиад газар унагасан. Би Ү-ийг зодъё гэж бодоогүй. Хажууд Ирээдүй байсан учраас би босгоод би чамайг зодохгүй гэсэн чинь Ү-  дайраад миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Би зайгаа аваад хойшилсон чинь Ү- гүйж ирээд бэлхүүсээр тэврээд хойшоо унагаад дээрээс нүдсэн. Эхлээд гараараа нүүр рүү нь нилээн хэдэн удаа цохиод байхаар нь би чамайг босгосон юм чинь чи намайг босгочих гэж хэлсэн чинь тийм юм байдаггүй юм аа гээд дээрээс нүүр рүү өшиглөөд, толгой, хүзүү гар рүү нилээд өшиглөсөн. Тэр үед би нүүрээ хамгаалаад доошоо хараад гараараа нүүрээ дараад хэвтэж байсан. Нилээд хэдэн удаа болио, мань чинь чамайг барахгүй юм байна гэж хэлсэн чинь болихгүй намайг өшиглөөд л байсан. 20-д удаа өшиглөсөн байх. Сүүлд өшиглөж байхдаа нэг мөсөн чамайг алчихъя гээд өшиглөөд байсан. Нилээд зодож байтал Ирээдүй одоо болно шүү дээ гэж Ү-т хэлсэн чинь зодохоо больсон. Тэгээд би арай хийж сэргээд хамрын цусаа тогтоогоод цүнхээ газраас аваад утсаа тэмтэрч үзэхэд утас байхгүй байсан. Тэгсэн Сараа ирчихсэн байсан. Тэгээд бид 3 машинд суугаад намайг өвөөгийнх рүү хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч Г.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- хүнгүй газар ороод үзчихье гээд Өргөө кино театрын ард талын гудам руу орсон. Гудам руу ороод 21 дүгээр хороолол, ханын материалд миний өөдөөс эсэргүүцэх хүн байхгүй гээд Ү-ийг өдөөд байсан. Гудманд ороод Г- цүнх, малгай ороолтоо тайлаад хаяхаар нь би бариад зогсож байсан. Тэр хоёр өөд өөдөөсөө хараад үгэнд орох шинжгүй маргалдаад байсан. Тэгсэн чинь Г- савхин бээлийтэй гараараа Ү-ийн нүүр рүү цохиход Ү- тонгойгоод Г- нуруу руу нь чи надад жижигдэнэ шүү гөлөг өө гээд цохиод байсан. Тэгээд би салгаад харахад Ү-ийн хамраас зөндөө цус гарсан байсан. Нөгөө хоёр дахиад барьцалдаад доор, дээрээ ороод Ү- дээр нь гарчихаад цохиод байсан. Би салгах гээд ойртохоор чи цаашаа бай гээд хоёулаа ойртуулахгүй байсан. Тэгээд Ү-ийн хамраас гарсан цус нь тогтохгүй гараад байхаар нь би тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Ү- над руу яриад ирж аваад хүргээд өгөөч, Г-сүрэн бид хоёр муудалцаад хоорондоо зодолдчихлоо гээд ярьсан. Тэгээд Өргөө кино театраас хорооллын эцэс явах зам ертөнцийн зүгээр хойшоо эргэсэн засмал замаар 200 метр орчим яваад очиход замын баруун талд Ү-, зүүн талд нь Ирээдүй, Г-сүрэн хоёр зогсож байсан. Тэгээд ирэнгүүт Ү- урд суугаад нөгөө хоёр ард суугаад Г-г гэрт нь хүргэж өгье гээд Г-г Халдвартын тэнд, Ирээдүй, Ү- хоёрын Сансарын 805-с хойшоо хүргэж өгөөд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Шинжээчийн 14182 тоот дүгнэлтэд: “...С.Г-гийн биед тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн духны эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн чих, уруулын зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 44/,

Шинжээчийн 14199 тоот дүгнэлтэд: “...Ц.Ү-ийн биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхины ирмэг дагуу ба нүдний дотор буланд цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 45/,

Яллагдагчаар С.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад сонсгож байгаа ...хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 58/,

Яллагдагчаар Ц.Ү-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад сонсгож байгаа ...хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогч нарын гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-8/, хохирлын баримтууд /хх-н 10-11/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-95/, хохирогч нарын хүсэлт /хх-н 99-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нар нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааны улмаас харилцан зодолдож Ц.Ү- нь С.Г-гийн биед нь тархи доргилт, тархины зүүн тал бөмбөлгийн духны эдийн голомтлог няцрал, цус хуралт, зүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хүзүү, зүүн шуу, хэвлийн, зүүн чих уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

- шүүгдэгч С.Г-нь Ц.Ү-ийн биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд доод зовхины ирмэг дагуу ба нүдний дотор буланд цус хуралт, зүүн чамархайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Ү-ийн: “...Г- ийшээ гудам руу ороод эр хүн шиг сайхан үзье гээд Өргөөгийн арын гэрэлтэй гудам руу орсон. Гудманд оронгуут Г- цүнх, малгайгаа тайлж тавиад хоёулаа үзье гээд гараараа шууд хамар руу цохихоор нь би тэврээд авсан. Тэгсэн Г- дагз руу 5-6 удаа цохиод байсан. Юугаар цохисныг нь хараагүй учраас мэдэхгүй байна. Тэгээд намайг унагаагаад босгосон. Хамраас цус гоожоод байхаар нь би шаралхаад барьцалдаж аваад Г- намайг хавсраад би унахдаа Г-г татаж бид хоёр газар унаад зодолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Газар ноцолдож байхдаа хөлөөрөө мөр рүү нь жийгээд өөрөөсөө холдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, хохирогч С.Г-гийн: “...Ү- над руу дайраад байхаар нь би тэвэрч аваад мушгиад газар унагасан. Би Ү-ийг зодъё гэж бодоогүй хажууд Ирээдүй байсан учраас би босгоод би чамайг зодохгүй гэсэн чинь Ү-  дайраад миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Би зайгаа аваад хойшилсон чинь Ү- гүйж ирээд бэлхүүсээр тэврээд хойшоо унагаад дээрээс нүдсэн. Эхлээд гараараа нүүр рүү нилээн хэдэн удаа цохиод байхаар нь би чамайг босгосон юм чинь чи намайг босгочих гэж хэлсэн чинь тийм юм байдаггүй юм аа гээд дээрээс нүүр рүү өшиглөөд, толгой, хүзүү гар рүү нилээд өшиглөсөн. Тэр үед би нүүрээ хамгаалаад доошоо хараад гараараа нүүрээ дараад хэвтэж байсан. Нилээд хэдэн удаа болио, мань чинь чамайг барахгүй юм байна гэж хэлсэн чинь болихгүй намайг өшиглөөд л байсан. 20-д удаа өшиглөсөн байх. Сүүлд өшиглөж байхдаа нэг мөсөн чамайг алчихъя гээд өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, гэрч Г.И-гийн: “...Г- хүнгүй газар ороод үзчихье гээд Өргөө кино театрын ард талын гудам руу орсон. Гудам руу ороод 21 дүгээр хороолол, ханын материалд миний өөдөөс эсэргүүцэх хүн байхгүй гээд Ү-ийг өдөөд байсан. Гудманд ороод Г- цүнх, малгай ороолтоо тайлаад хаяхаар нь би бариад зогсож байсан. Тэр хоёр өөд өөдөөсөө хараад үгэнд орох шинжгүй маргалдаад байсан. Тэгсэн чинь Г- савхин бээлийтэй гараараа Ү-ийн нүүр рүү цохиход Ү- тонгойгоод Г- нуруу руу нь чи надад жижигдэнэ шүү гөлөг өө гээд цохиод байсан. Тэгээд би салгаад харахад Ү-ийн хамраас зөндөө цус гарсан байсан. Нөгөө хоёр дахиад барьцалдаад доор, дээрээ ороод Ү- дээр нь гарчихаад цохиод байсан. ...Ү-ийн хамраас гарсан цус нь тогтохгүй гараад байхаар нь би тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, гэрч Б.С-ын: “...2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Ү- над руу яриад ирж аваад хүргээд өгөөч, Г-сүрэн бид хоёр муудалцаад хоорондоо зодолдчихлоо гээд ярьсан. Тэгээд Өргөө кино театраас хорооллын эцэс явах зам ертөнцийн зүгээр хойшоо эргэсэн засмал замаар 200 метр орчим яваад очиход замын баруун талд Ү-, зүүн талд нь Ирээдүй, Г-сүрэн хоёр зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/, шинжээчийн 14182, 14199 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нар нь хоорондоо маргалдан, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр /хх-н 99-100/ хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял”, оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Ү-, С.Г- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ү-, С.Г-нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР