Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

            2020        03           13                                      2020/ШЦТ/213

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

                        улсын яллагч Ч.Батбаатар,

                        хохирогч Н.Авирмэд, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903013980036 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр төрхөд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, хадам ээж, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт тоотод оршин суудаг,

1996 оны 8 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Б.Б /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургуулийн зүүн хойд талын замд "Тоёота-истима" маркийн 96-08 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 62 настай, эмэгтэй Н.Авирмэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явах хөдөлгөөнийг харчхаад зогсолт хийж хөдөлсөн юм. Тэр үед анхаарал алдаж явган хүний гарцаар гарч явсан хүнийг харж тоормос гишгэсэн боловч автомашиныхаа урд гупер хэсгээр мөргөж зогссон юм. Миний буруу гэдгээ маш сайн ойлгож байна…” гэсэн мэдүүлэг /хх-23-24, 72-73/,

 

Хохирогч Н.Авирмэд шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би хотод хүүхдийн дээ ирсэн байсан. Би эмнэлэг орчихоод гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Намайг яг гарцан дээр явж байхад мөргөсөн ба Б.Б намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би тэтгэвэрт гараад 10 гаруй жил болж байна. Хохирлын хувьд осол болсноос хойших хугацаанд олох байсан орлого болон хохирлын мөнгөө шүүхэд гаргаж өгч байна. Миний хөдөлмөрийн чадвар урт хугацаагаар алдагдсан. Хүний асаргаанд байгаа. Цалингаа нэхэмжилж байна. Миний цалин дунджаар 320.000 төгрөг юм. Манай байгууллага 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Баримтаар 200 гаруй мянга төгрөг дутуу байгаа. Хохирол барагдуулахад гомдол байхгүй байна. Миний хувьд тухайн үед хэцүү байсан. Сэтгэл санааны хохирол амссан. Баримт бичиг байхгүй тул сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж чадахгүй байна. Баримттай холбоотой гарсан хохирлоо барагдуулмаар байна. Цаашдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хохирлоо л барагдуулах хүсэлтэй  байна. Би 3, 4 дүгээр сард нийт 5-аас 6 сая төгрөг олдог. Мөн даатгалын байгууллагатай гэрээтэй ажилладаг. Цалин гэж 320.000 төгрөг авдаг байсан. Уг цалинг 6 сараар тооцож нэхэмжилнэ. Цалингаа дансаар авдаг ба би өмнөх баримтаар бүрдүүлж өгсөн ба би 10 хувийн татвараа төлдөг...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2019.12.12-ны өдөр 11 цаг 30 минутын үед эмнэлэг орж биеэ үзүүлчхээд буцаж бага хүүгийндээ очихоор "Хангай" хотхон орохоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн зүүн хойд замд зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч явтал туслах замаас зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаад уулзвараар баруун гар тийш хойш эргэж байсан автомашины жолооч автомашиныхаа урд хэсгээр миний биеийн баруун сүүж орчим хүчтэй мөргөж унагаасан. Тэр үед би автомашины урд унасан. Унахдаа зүүн гар тал руугаа зүүн хөлөө дарж унасан байсан. Тэгээд босох гэтэл хөл хөдөлж болохгүй байсан. Тэр үед намайг мөргөсөн жолооч автомашинаасаа бууж ирээд миний биеийн байдлыг асууж байсан. Тэр үед би хөл өвдөж байна намайг битгий хөдлөг гэж хэлээд хэсэг зам дээр хэвтсэн. Тэгээд өвчин намдах үед жолооч босгож машиндаа суулгасан. Тэгээд жолооч цагдаа, түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн. Түргэн тусламжийн эмч ирж миний биеийн байдлыг үзчихээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд 10 хоног хэвтэн эмчилгээ болон хөлийн өвдөгний үеийн хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-14/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹336 тоот актын “…Н.Авирмэдийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-59/,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178 тоот актын “...2019.12.25-ны өдрийн №336 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-63/

 

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай "...Тоёота-истима маркийн 96-08 УНГ улсын дугаартай автомашины жолооч Батсуурь Бямбажав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..." гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, хохирлын баримтууд /хх-109-123/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-124-125/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургуулийн зүүн хойд талын замд "Тоёота-истима" маркийн 96-08 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 62 настай, эмэгтэй Н.Авирмэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Н.Авирмэдийн мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 336 тоот актын дүгнэлт, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Н.Авирмэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Авирмэдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2.174.341 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1.880.000 төгрөгийг төлсөн байна. 

Харин хохирогчоос шүүх хуралдаанд эмчилгээний зардлын үлдэгдэл 128.841 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 1.920.000 төгрөг, олох ёстой байсан орлого гэж 1.118.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэж 300.000 төгрөг нийт 3.466.841 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн 1.118.000 төгрөгийг нотолсон нотлох баримт дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлын үлдэгдэл 128.841 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин гэж 6 сараар нэхэмжилсэн нэхэмжлэлээс 4 сарын цалинг болох 1.280.000 төгрөг, нийт 1.408.841 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 1.408.440 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Б Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

5.Хохирогч Н.Авирмэд нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР