Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2069

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00861 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Г.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай байгуулсан. Ажил олгогч туршилтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой байтал 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр туршилтын хугацааг дахин 3 сараар сунгасан. Дээрх хугацаа дуусахад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/158 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллах хугацаандаа аливаа ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагын дотоод журам, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ажил олгогчийн байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах хуульд заасан үүргээ зөрчиж хугацаатай гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 2.13-т “Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 cap хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно”. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж жинхлэн ажиллуулах тухай Ректорын болон захирлын тушаал гаргана гэж эаасан байхад хөдөлмөрийн гэрээг байгуулж байнгын ажлын байраар хангах ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй. Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/158 тоот тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг намайг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 734 813 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Сургуулийн удирдлага туршилтаар ажиллах 6 сарын хугацаанд Г.Шүрэнцэцэгийг дотоод аудиторын албан тушаалыг "хангалтгүй гүйцэтгэсэн" гэж дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож түүнийг ажлаас нь чөлөөлсөн.  ШУТИС-ийн Захиргаа мониторингийн газраас 2016 онд хуваарийн дагуу дотоод аудитор Г.Шүрэнцэцэг нь 2016 оны 01 дүгээр сард Гадаад хэлний институт, 2016 оны 2, 3 дугаар сард БуХС / КТМС/, 2016 оны 04 дүгээр сард ОУДБСТөв, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуульд, 2016 оны 05, 06 дугаар сард ХШУС- ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд тус тус дотоод хяналт шалгалтыг явуулах төлөвлөгөөтэй байсан. Дээр дурдсан төлөвлөгөөт 6 шалгалтаас Г.Шүрэнцэцэг 5 сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг явуулах төлөвлөгөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан дотоод аудиторын үндсэн чиг үүргийг гүйцэтгээгүй тасалж орхигдуулсан.

Г.Шүрэнцэцэг нь туршилтын хугацаанд Гадаад хэлний институтын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, Механик тээврийн сургуульд төлөвлөгөөт бус нийт 2 шалгалт явуулсан боловч дотоод хяналтын ажлын шаардлагыг хангаагүй.  Механик тээврийн сургуулийн нярав Н.Энхбаярын ажилд хяналт шалгалт явуулж өгөх хүсэлтийн дагуу дотоод аудитор С.Энхбаатар, Ш.Шүрэнцэцэг нар шалгасан боловч шалгалтын дүгнэлт тайланг сургуулийн удирдлага, санхүүгийн албан тушаалтнууд болон зөрчил гаргасан кассын няравт танилцуулж, дүгнэлтэд нэр бүхий хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй, шалгалтаар 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашиглаж шамшигдуулсан байхад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх, шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй орхигдуулсан нь ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журмын 5.1.1-д заасныг зөрчсөн.

Манай сургуулийн үйл ажиллагаа кредит цагийн системээр явагддаг бөгөөд дотоод аудитор сургалтын төлбөрийн тооцоо, орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хяналт шалгалт хийхдээ багш нарын цагийн тооцоо, оюутны кредит сонголт, кредитийн урамшуулал судалж шалгах үүрэгт ажлаа хийж чадахгүй гэдгээ Ректорын зөвлөлийн хурлаар тайлан хэлэлцүүлж байх үеэрээ хэлж байсан болно.

Дотоод хяналтын ажилд хариуцлага, санаачлагагүй хандсан. Монгол Улсын Аудитын тухай хуулийн 9.1, 3.1.14-т заасныг зөрчин түүний явуулсан гэх шалгалтын материал нь бичиг хэргийн стандарт нормативын дагуу эмхэтгээгүй, шалгалтын материалыг бүрдүүлээгүй.

Г.Шүрэнцэцэгийг хяналт шалгалтын ажил гүйцэтгэхэд байгууллагын захиргаанаас ажиллах боломж нөхцөлөөр бүрэн хангаж ирсэн боловч ажлын бүтээмж муу төлөвлөсөн ажлын биелэлт 10 орчим хувийн гүйцэтгэлтэй, 90 орчим хувийг тасалдуулсан нь түүний ажил хариуцах чадвар, идэвхи санаачлага хэт сул гэж үзэхээс аргагүй нөхцөлд хүрсэн.

...Г.Шүрэнцэцэг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 6 cap туршилтаар ажиллах хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлын тайланг бичиж гарын үсгээрээ баталгаажуулсан болно. Ажлын тайланд төлөвлөгөөт шалгалт Гадаад хэлний институтын 2015 оны санхүүгийн болон сургалтын төлбөрийн баримтад дотоод хяналт шалгалтыг 2016 оны 02 дугаар сарын 10-наас 2016 оны 02 дугаар сарын 29-нийг дуустал 9 хоног, төлөвлөгөөт бус шалгалт Механик тээврийн сургуулийн 2014 оны кассын болон сургалтын төлбөрийн баримтад дотоод хяналт шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 10-наас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 21 хоног шалгасан гэснээс үзэхэд 30 хоног буюу 1 сарыг хяналт шалгалт хийхэд зориулжээ гэдэг нь тогтоогдож байгаа болно. Г.Шүрэнцэцэг туршилтаар ажиллах хугацаандаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, нэгж, салбаруудад хийх хуваарьтай дотоод хяналт, шалгалтын нэгдсэн төлөвлөгөөт ажлын 1, төлөвлөгөөт бус 1 шалгалт гүйцэтгэн төлөвлөсөн хяналтын ажлын 10 хувийг гүйцэтгэж, 90 орчим хувийг гүйцэтгээгүй, туршилтын хугацаанд ажлын. байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэх ажлын шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болно гэж заасны дагуу Г.Шүрэнцэцэгтэй харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 сарын хугацаатайгаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд авсан. Түүнд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ сайн гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй байгуулах боломж олгож гэрээгээ дахин 3 сараар сунгасан. Туршилтын дээрх хугацаанд хангалттай сайн ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Шүрэнцэцэгийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 6 734 813 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хоорондын уг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн "хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй боловч 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохиролцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасны дагуу ажилтан, ажил олгогчийн харилцан тохиролцооны үндсэн дээр ажил олгогч нь Г.Шүрэнцэцэгтэй хугацаатай гэрээ хийсэн болох нь Хөдөлмөрийн гэрээ, ажилтны өргөдөл, ажил олгогчийн зөвшөөрлөөр тогтоогдож байна гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т "Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон "тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсний дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Г.Шүрэнцэцэгийг Шинжлэх Ухаан технологийн их сургуулийп Захиргаа Мониторингийн газрын Дотоод аудиторын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор хуульчисан ч уг 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд талуудын харилцан тохиролцсон үйл баримт, тодорхой үндэслэл шаардлага үүссэн нөхцөл байхгүй.

Г.Шүрэнцэцэгийн хийж гүйцэтгэж байсан ажил болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Захиргаа Мониторингийн газрын дотоод аудиторын ажлын байр нь байнгын үргэлжилсэн шинжтэй байнгын ажлын байр бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байранд урьд нь ажилж байсан ажилтан /цэрэгт явсан, жирэмсэн болсон, гадаадад түр хугацаагаар суралцаж байгаа/ гэх мэт хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үйл баримт тогтоогдоогүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулиар шинээр анх ажилд орж байгаа ажилтантай 6 сараас илүүгүй туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж хуульчилсан нь туршилтын хугацааг эхлээд 3 сараар байгуулаад дахин 3 сараар сунгаж болно гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг нь 2016 оны 01 дугаар сарын 04-ний өдөр Шинжлэн ухаан терхнологийн их сургаалийн захиргаа мониторингийн газрын дотоод аудиторын ажилд шинээр анх ажилд ороод 2016 оны 04 дугаар сарын 04-ний өдөр хүртэл туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл ажил олгогч талаас туршилтын хугацаа дуусмагч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчиж дахин 3 сараар туршилтын хугацааг сунгаж байгаа үйл баримтыг шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамт тайлбарласаар байтал шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажлаас халж байгаа тушаалд ажил хүлээлцэх хугацааг заавал тусгах ёстой байтал 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалд ажил хүлээлцэх хугацааг тогтоогоогүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 734 813 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Шүрэнцэцэг нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар тус сургуулийн Захиргаа мониторингийн газарт дотоод аудиторын ажил, албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 тоот тушаалаар дахин 3 сараар сунган ажиллаж байсан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар зүйл, байгууллагын дүрмийн 4.12.6, 9.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн түүнийг дотоод аудиторын ажлаас чөлөөлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон байна. /хх 3-9, 47-49, 55, 65-75/

 

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.13 дахь хэсэгт “Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ректорын болон захирлын тушаал гаргана” гэж заажээ.

 

Талуудын хооронд 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажил олгогчийн зүгээс цаашид дахин сунгахгүй болсон үндэслэлээ Г.Шүрэнцэцэгийг туршилтын хугацаанд хангалттай сайн ажиллаагүй гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралгүй зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-д заасан асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу болсныг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН