Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00791

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Ц.Амарсайхан, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 306 дугаар магадлалтай,

О.Б-ийн нэхэмжлэлтэй

УБТЗ-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б-, өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие УБТЗ-д 1987 онно ажиллаж ирсэн. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргын Б-II-68 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөрийн гэрээ цуцлан хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын удирдан хийсэн шуурхай хурлаар миний 2015 онд гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж, мөн намайг эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн, Халзан зам ХХК нь УБТЗ ХНН-т хүсэлт гаргасныг УБТЗ-ын дарга зөвшөөрөл олгон байгуулсан гэрээнд намайг хувийн ашиг сонирхолтой байсан гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж үздэг. Өөрийн төрсөн охин Б.Солонгыг лавлан мэдээлэгч Т.Өлзий-Оршихын оронд түр хугацаанд авч ажиллуулсан гэж намайг буруутгасан. Дээрх зөрчлийг Зорчигч тээврийн албанаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн Дотоод ревизийн шалгалтаар илрүүлэн шалгаж, актад тусгасан байсан. Албанаас гаргасан ревизийн актаар сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа дууссан байхад 2016 оны 4 дүгээр сарын шагналт цалингаас 10 хувь, 5 дугаар сарын шагналт цалинг 100 хувь хасч удаа дараа арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Тиймээс замын даргын тушаал үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын удирдсан хурлаар Зорчигч үйлчилгээний төв буудал дээр хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албаны шалгалтын №61/04/17 актанд тусгагдсан зөрчлийн талаар хэлэлцсэн. Тус хуралд Зорчигч үйлчилгээний албаны дарга О.Б- оролцсон ба тэрээр ээлжийн ахлах Я.Уранчимэгийн шагналын мөнгө болох 120.000 төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн төрсөн охин Б.Солонгыг түр ажилд тушаал гарган авч, ажиллаагүй байхад ажил хийсэн мэтээр цалин олгосон, УБТЗ нийгэмлэгийн даргын 14 тоот албан даалгаврыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчил гаргаж, аудитын акт тавигдсан байдаг. О.Б- нь удирдах албан тушаалтан байтал эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дах хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээг авсан. Мөн УБТЗ-ын даргын гарын үсэгтэй О.Б-т сахилгын арга хэмжээ ногдуулсан баримт байдаггүй учир давтан сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үед авдаг арга хэмжээ юм. О.Б-ийн хувьд өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргаж, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, нийгэмлэгийн эд хөрөнгийг буруугаар ашиглан шамшигдуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг. Ревизийн актаар Б.Солонгыг ажилд авсан тушаал гаргасанд хүний нөөцийн албыг буруутгаж, О.Б-т харин арга хэмжээ аваагүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б-ийг УБТЗ ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 13.672.428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-ийг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 226.312 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 306 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Б- нь өөрийн төрсөн охин Б.Солонгыг захиргааны чөлөөтэй байсан ажилтны оронд 2015 оны 5 дугаар сарын сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар авч ажиллуулсан, түүний ажиллаагүй 2 сарын хугацаанд цалин олгосон үйл баримт тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5- д зааснаар “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй” гэж заасанд нийцсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой ба мөн зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Ажил олгогч нь О.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан ба ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж үзвэл 1 жил 7 сар 28 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 131.2 дах хэсэгт нийцээгүй гэж дүгнэжээ. Шүүх О.Б-ийн гаргасан зөрчлийн талааар 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн иж бүрэн байцаалтын тайлан /ревизын акт/-д дурдсан гэж буруу дүгнэсэн. Бодит байдал дээр дээрх рөвизын актыг харъяалах албанаас гаргасан ба О.Б-ийг өөрийн төрсөн охиноо ажилд авч цалин олгосон талаарх зөрчлийг илрүүлж хариуцлага ногдуулсан тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Шалгалтын актын Дүгнэлт хэсгүүдээс зөвхөн нэг талын барьсан байгууллагын дарга, удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэсэн дүгнэлтээр О.Б-т хариуцлага ногдуулсан байх үндэслэлтэй гэж шүүх хэт өрөөсгөл дүгнэсэн. Мөн гэрч Б.Энхсайханы ...2015-2016 онуудад би ажиллаж байгаагүй ч энэ байгууллагад шалгалт хийгдсэн байх ёстой... гэж мэдүүлсэн мэдүүлэг дээр үндэслэн Дотоод аудит, хяналтын албаны үйл ажиллагааны дүрмийн дагуу нийгэмлэгийн салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд жил бүр төлөвлөгөөт шалгалт хийдэг бөгөөд О.Б-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албанаас Зорчигч үйлчилгээний төв буудлын санхүүгийн баримт, цалин хөлсний баримт зэрэгт хийсэн ээлжит бус шалгалтаар илэрсэн зөрчлүүд төлөвлөгөөний дагуу 2015, 2016 онуудад тус байгууллагад хийгдсэн шалгалтуудаар илрээгүй байх боломжгүй юм гэж дүгнэсэн нь нотлох баримтанд тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэлж дүгнэлт хийн шийдвэр гаргадаг. Гэтэл ийм байх боломжтой, боломжгүй гэх мэтчилэн хэт хийсвэр, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасанд гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх гэсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр О.Б- нь бие даасан баланстай салбар нэгжийн удирдлага бөгөөд ажлаас халагдсан үндэслэлд дурдсан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйл ажиллагаа хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог ба өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэрээр байгууллагад учруулсан хохирлоо одоо болтол барагдуулаагүй байдаг.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 306 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах” тухай зохицуулалтыг хэрэглэсэн нь  зохигчийн хооронд үүссэн харилцаанд хамааралгүйг давж заалдах шатны шүүх дүгнэж,  энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч О.Б- хариуцагч УБТЗ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч, О.Б- эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан, ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

О.Б- нь УБТЗ-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байгаад тус нийгэмлэгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б-2-68 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Тушаалд О.Б-ийг ажлаас халсан үндэслэлийг өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргасан, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан, нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан ноцтой зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, ...нийгэмлэгийн дүрмийн 22-а, и, з заалт,... шуурхай хурлын шийдвэрийг үндэслэжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг хууль зүйн үндэслэл болгосон нь “эрх бүхий албан тушаалтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үед ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай  зохицуулалт байна.

Өөрийн охин Б.Солонгыг ажилд авч, 2 сарын цалин олгосон тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч О.Б- гаргасан боловч энэхүү үйлдэл нь 2015 оны 6-8 дугаар сард болсон, 2016 оны 01 дүгээр сард хийсэн шалгалтаар илэрсэн атал ажил олгогч 2017 оны 4 дүгээр сард ажлаас халах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түүнчлэн энэ үйлдэлдээ өмнө нь арга хэмжээ авагдаж цалингаас суутгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тушаалд “...нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” гэх зөрчлийг хэзээний ямар зөрчил болохыг тодорхой заагаагүй ба О.Б- нь өөрийн охин Б.Солонгыг ажилд авч ажиллуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй боловч, түүнд олгогдсон цалингийн хэмжээгээр нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, мөн Я.Уранчимэгт олгогдох шагналын 108.000 төгрөгийг нэхэмжлэгч завшсан гэж үзэхэд учир дутагдалтайг шүүх хэргийн баримтад нийцүүлэн дүгнэжээ.

Хариуцагч тайлбартаа Замын даргын албан даалгаварыг биелүүлээгүй гэх үндэслэлийг дурдсан нь ажил олгогчийн тушаалд заагдаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй гэж дүгнэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 226.312 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ