Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 020

 

 

 

 

 

 

 

 

C.Серик нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар шүүгчийн захирамжтай, С.Серик нарт холбогдох эрүүгийн 201504000235 дугаартай хэргийг  прокурорын эсэргүүцлийг  үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ардабек, прокурор М.Фарида, шүүгдэгчийн өмгөөлөгчид К.Зулхаш, С.Алтай, иргэний нэхэмжлэгч М.Жухан нар оролцов.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч С.Толхынбек: Монгол Улсын иргэн, Шеруши ожых овогт Сейсенбайн Толхынбек, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА92061212.

            2. Шүүгдэгч С.Серик: Монгол Улсын иргэн, Ожыхтохан овгийн Сейсенбайн Серик, 1956 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгаалагч, Улс төр судлаач мэргэжилтэй, Монгол  Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны “Ёлт” хэсгийг хариуцсан, байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн  хамт амьдардаг,  Баян-Өлгий  аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, Хөдөлмөрийн Улаан тугийн одон, Алтан гадас одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА56082510.

            3. Шүүгдэгч Ж.Шайзада: Монгол Улсын иргэн, Жантекей секел овогт Жахайн Шайзада, 1965 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтай сумын 3 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнуулж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА65040115.

            4. Шүүгдэгч К.Смагул: Монгол Улсын иргэн, Ители бесшал овогт Кенчилэгийн Смагул, 1962 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, Монгол Улсын аварга малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА62061932.

            5. М.Даулет: Монгол Улсын иргэн, Ители бесшал овогт Мадениетийн Даулет, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах,   улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн   дугаар БА84021511.

            6. Шүүгдэгч Б.Бахыт: Монгол Улсын иргэн, Самен төре жангир овогт Буткейн Бахыт, 1960 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай   дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, БОАЖГазрын байгаль хамгаалагч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА60090513.

            7. Шүүгдэгч М.Мауитхан: Монгол Улсын иргэн, Шеруши овогт Магаугын Мауитхан, 1964 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БА64081915.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, Б.Бахыт, М.Мауитхан нар нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар “Ёлтын Бабай” гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, бүлэглэн ховор амьтны жагсаалтанд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнаж, шүүгдэгч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, М.Мауитхан нар нь хүрэн баавгайн түүхий эд зүйлсийг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Серик нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Сейсенбайн Толхынбек, Сейсенбайн Серик, Жахайн Шайзада, Кенчилэгийн Смагул, Мадениетийн Даулет, Буткейн Бахыт, Магаугийн Мауитхан нар нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Аптай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар “Ёлтын Бабай” гэх нэртэй газарт зохих зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, бүлэглэн ховор амьтны жагсаалтанд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнаж, яллагдагч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, М.Мауитхан нар нь хүрэн баавгайн түүхий эд зүйлсийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Сейсенбайн Толхынбек, Сейсенбайн Серик, Жахайн Шайзада, Кенчилэгийн Смагул, Мёдениетийн Даулет, Буткейн Бахыт, Магаугийн Мауитхан нарт холбогдох эрүүгийн 201504000235 дугаартай хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэснийг ХЯНАВАЛ:

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай захирамжаар:

1. Шүүгдэгч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, Б.Бахыт, М.Мауитхан нарын бүлэглэж, субъектив санаа зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тус бүрээр нарийвчлан шалгаж, гэм буруугийн хэлбэрийг тогтоох /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3/

2. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй “...СКС, КАРВИН маркийн буугаар буудлага үйлдэгдсэн байх магадлалтай байна” гэж таамаглалд үндэслэгдсэн тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргах шаардлагатай байна.

3. Шүүгдэгч К.Смагул мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “... дараа нь иш авах гэж тонгойж байхад нэг юмны дуу гарсан эргээд толгойгоо өргөж харахад миний дээд талаас нэг амьтан ирсэн байсан уг амьтан 4- 5 метрийн зайтай хүрч ирсэн. Уг амьтан орилж маш чанга дуу гаргаад над руу дайрсан үед сууж байгаа газраас босоод баруун гар талдаа ойрхон байсан том чулууны дээр гүйж гараад авч явсан САЙГА-МЗ маркийн буугаар 2, 3 удаа над руу дайрч ирж байсан амьтныг буудсан” /1 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч К.Смагул мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: тэр үед би хажуу талд байгаа том чулууны дээр гүйж гараад авч явсан буугаар 3 удаа буудчихсан юм. ... Би өөрөө Сайга маркийн буугийн хамт 7 сум авч явсан” /хх-ийн 181 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9745 дугаартай дүгнэлтэнд: "... Шинжилгээнд ирүүлсэн Тоз-8 маркийн бууны гол төмрөөс авсан гэх арчдасаас дарь тортогны үлдэц хар тугалганы /РЬ/ эпемент, СКС болон КАРВИН маркийн бууны гол төмрөөс авсан гэх арчдаснуудаас дарь тортогны үлдэц зэсийн /Си/ элемент тус бүр илэрч байна. Мөн баавгайн арьснаас бэхжүүлж авсан 2, 4, 5 гэж дугаарлан ирүүлсэн баавгайн арьсны хэсэгт дарь тортогны үлдэц болох зэсийн /Си/ элемент тус бүр илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн баавгайн арьсны 2, 4, 5 гэж дугаарласан нүхнүүд нь галт зэвсгийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баавгайн арьсны 2, 4, 5 гэж дугаарласан нүхнүүдэд дарь тортогны үлдэц болох зэсийн /Си/ элемент тус бүр илэрч байгаа тул СКС, КАРВИН маркийн буугаар буудлага үйлдсэн байх магадлалтай байна” гэж эргэлзээтэй гарсан байна.

            Мөн шүүгдэгч К.Шайзада шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Карвин маркийн бууны сум том” гэж мэдүүлж байгаа тул дахин шинжээч томилж, Сайга, Карвин, СКС маркийн буунуудад адилхан сум таарах эсэхийг тогтоох шаардлагатай байна.

4. Шүүгдэгч нар уг гэмт хэргийг зохион байгуулалттай, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн эсэх, аль эсвэл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхийг тогтоох.

5. Шүүгдэгч С.Серик, Б.Бахыт нарын үйлдэлд албан тушаалын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөн тогтоох шаардлагатай байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино ”гэж заажээ.

Иймд С.Серик, С.Толхынбек, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, Б.Бахыт, М.Мауитхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт дээр дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Сейсенбайн Толхынбек, Сейсенбайн Серик, Жахайн Шайзада, Кенчилэгийн Смагул, Мадениетийн Даулет, Буткейн Бахыт, Магаугийн Мауитхан нарт холбогдох эрүүгийн 201504000235 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасаныг эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Шүүгдэгч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, Б.Бахыт, М.Мауитхан нарын бүлэглэж үйлдсэн үйлдлийг нарийвчлан шалгасан боловч мөрдөн байцаалтын үеэр субъектив санаа зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тус бүрээр тогтоох боломжгүй байсан. Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа нуун далдлах зорилготой байсан нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон болно.

2. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй “...СКС, КАРВИН маркийн буугаар буудлага үйлдэгдсэн байх магадлалтай байна” гэж гарсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9745 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бүрэн үндэслэлтэй байна. Шинжээч нь СКС, КАРВИН маркийн буугаар буудагдсан байна гэж дүгнэлт гаргахгүй.

3. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр баавгайг Сайга-МЗ маркийн буугаар буудсан гэж мэдүүлсэн боловч шинжээчийн-дүгнэлт гаргасан шинжээч Б.Давааням мэдүүлэхдээ: “...Сайга, СКС маркийн хоёр өөр төрлийн буу нь 7,62:39 мм калибрийн сумтай байдаг, харин Карвин нь 7,62:54 ммсумтай байдаг. Тэгэхээр Саяга, СКС хоёр төрлийн буу нь ижил төрлийн сумаар буудагддаг байж болно. Сайга, СКС, Карвин маркийн буунууд нь бүгд зэс хошуутай, ган зүрхэвчтэй сумаар буудагддаг” гэж мэдүүлснээр уг 3 бууны аль алинаар нь буудагдсан байх магадлалтай болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч К.Смагулын Сайга маркийн бууны гол төмрөөс дарь тортогны үлдэц илрээгүй болох нь тухайн үед буугаа цэвэрлэсэн болохоор илрээгүй байсан нь тогтоогдож байна.

4. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь бүлэглэн үйлдэгдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан яллагдагчаар татсан болно.

5. Шүүгдэгч С.Серик, Б.Бахыт нарын үйлдэл албан тушаалын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй. Учир нь Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулснаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байх ёстой. Харин байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт бол уг гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэнэ гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын ЭБШ хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баавгай буудагдсан гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгч К.Смагул нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Сайга” маркийн бууг иргэн н.Далайханаас худалдаж аваад 12 хоногийн дараа уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь анхнаасаа санаатай бүлэглэн ан агнах зорилготой байсан нь нотлогдож байна. Шүүгдэгч С.Толхынбек болохоор шүүх хуралдааны үед С.Серик бид хоёр цасан шуурга шуурч машинууд даваанаас гарч чадахгүй болсон ажлаар гарсан гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн юм. Шүүгдэгч С.Серик нь С.Толхынбекийн мэдүүлгийг батлах санаа, зорилгоор мөн адил машин гаргах ажлаас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь хэргийг нуун далдлах санаатай байсныг харуулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Серик нь өөрийн ажил албаны хувьд бусад хүмүүст үүрэг өгч, баавгайн эд зүйлийг тээвэрлэж явахыг даалгасан, мөн баавгайн эд зүйлийг хураан авсан гэх боловч тухайн үед С.Серик нь гэрээсээ гаргахдаа ан амьтны өвөлжилтийн байдлыг шалгах талаар судалгаа хийхээр гарсан гэж мэдүүлсэн байдаг.  Байгаль хамгаалагчийн үүргийн дагуу хураан авсан эд зүйлийг фото зургаар бэхжүүлээгүй, тэмдэглэл үйлдээгүй, битүүмжлээгүй болох нь тогтоогдсон. Мөн С.Серик нь тухайн үед судалгаа хийхээр очсон гэх боловч судалгаа хийх ямар нэгэн бичиг, цаасгүй очсон нь ан амьтан агнах зорилгоор орчсоныг давхар нотолж байна. Ийм учраас энэхүү хэргийг урьдчилан тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргаж байна. Харин шинжээчийн дүгнэлтийн хувьд мэдээж М.Даулетийн барьж явсан Тоз-8 маркийн буугаар баавгайг буудаагүй, Тоз-8 маркийн бууны гол төмрөөс авсан гэх арчдасаас дарь тортогны үлдэц хар тугалганы /РЬ/ эпемент, СКС болон КАРВИН маркийн бууны гол төмрөөс авсан гэх дардаснуудаас дарь тортогны үлдэц зэсийн /Си/ элемент тус бүр илэрч байна. Мөн баавгайн арьснаас бэхжүүлж авсан 2, 4, 5 гэж дугаарлан ирүүлсэн баавгайн арьсны хэсэгт дарь тортогны үлдэц болох зэсийн /Си/ элемент тус бүр илэрч байна гээд давхар нотолж өгсөн байна. Иймд энэхүү хэргийг мөрдөн байцаалтын явцад шалгахдаа хэрэг үйлдэгдсэн байдал бүрэн нотлогдсон нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Ийм учраас энэхүү хэргийг анхан шатны шүүхэд дахин буцаах санал гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд яллагдагч нар нь ховор амьтныг зохион байгуулалттайгаар агнасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, яллагдагч нарын мэдүүлгийг үгүйсгэх шууд нотлох баримт байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Гэтэл өнөөдөр тал талаас нь бүрэн нотлогдож байна гээд эсэргүүцэл бичсэн боловч нотлогдсон зүйл харагдахгүй, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн үг тайлбарыг бичсэн байдаг. Үүнийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс уншиж үзэхийг хүсэж байна. Хамгийн гол нь шинжээчийн дүгнэлтэд 3 сумаар буудсан гэсэн янз бүрийн зүйл бичсэн ба Чех карвин гэх буу байдаг. Үүнийг тэр өдөр Ж.Шайзада барьж явж, чоно агнасан буу байгаа. Тэрний  сум нь байхгүй, “СКС”, “Сайга” маркийн буунуудын хоёрхон сум явж байсан, би өөрөө цэргийн хүний хувьд Чех карбин бууг сайн мэдэж байна. Тухайн бууг эд мөрийн баримтаар хурааж аваагүй, сум нь “СКС” болон “Сайга” маркийн буунуудын сумнаас хамаагүй том байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Чех карвин маркийн бууны сумаар буудсан гэсэн дүгнэлт гаргажээ. Хэрвээ Чех карвин маркийн бууны сумаар буудсан байвал сум гарсан тал нь маш том байх ёстой ба баавгайг буудсан сум нь Калабрийн сум шиг жижигхэн байдаг юм. Дээрээс нь шинжээчийн дүгнэлт магадлалтай гэсэн агуулгаар гарсан учраас үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Дээр тайлбарласан баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох ямар ч боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч К.Зулхаш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгаа. Гэхдээ эдгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг улсын яллагч хууль ёсны нотлох баримтуудаар тогтоож чадаагүй. Дээрх нөхцөл байдлыг заавал тогтоосон байхыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хуульчилсан байдаг юм. Эдгээр асуудлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй учраас энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж ойлгож байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд К.Смагул нь “Сайга” маркийн буугаар баавгайг буудсан нь тогтоогдож байгаа. Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж заасан байдаг. Ийм учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан эдгээр хүмүүс гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх боловч бүлэглэн үйлдсэн асуудлыг нотлох баримтаар тогтоож чадаагүй, бусад холбогдогч нар буудагдсан Баавгайн эд эрхтнийг тээвэрлэж явахдаа төрийн албан хаагч болох байгаль орчны улсын байцаагч нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу тээвэрлэсэн гэдгийг мэдүүлсэн байдаг. Үүнийг гэмт хэрэгт тооцсон нь зүйд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг буцаасан нь үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс улсын яллагч гаргасан эсэргүүцлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор бичсэн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5/04 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

            1. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Толхынбек, С.Серик, Ж.Шайзада, К.Смагул, М.Даулет, Б.Бахыт, М.Мауитхан нарын бүлэглэж субъектив санаа зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тус бүрээр нарийвчлан шалгаж, гэм буруугийн хэлбэрийг тогтоох /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3/.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн "гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Энэ гэмт хэрэгт долоон холбогдогчтой бөгөөд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй “... СКС, КАРВИН маркийн буугаар буудлага үйлдсэн байх магадлалтай байна” гэж таамаглалд үндэслэгдсэн тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргах гэжээ.

Мөн шүүгдэгч К.Шайзада шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Карбин маркийн бууны сум том” гэж мэдүүлж байгаа тул дахин шинжээч томилж, Сайга, Карбин, СКС маркийн буунуудад адилхан сум таарах эсэх, ямар төрлийн сумаар буудагддаг эсэхийг тогтоох нь зөв байна.

1, 3 гэж дугаарлан ирүүлсэн баавгайн арьсны хэсэгт дарь тогтоцны үлдэц болох зэсийн элемент илэрсэн эсэхийг нэмж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.   

3. Шүүгдэгч С.Серик, Б.Бахыт нарын үйлдэлд албан тушаалын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөн тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэнийг шүүгдэгч бүрээр нарийвчлан тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангуулахаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гуравдугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас, 59 дүгээр хуудсанд мөнгөн шилжүүлэг хийгдсэн баримтаар төрийн сангийн 0000000020013005 тоот БӨ.МАНУТХГ хамгаалалтын дансанд нийт 6.500.000 төгрөг тушаагдсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан нөхөн төлбөрийг Байгаль хамгаалах санд оруулах ёстой зохицуулалтыг орхигдуулж, улсын орлогод оруулсан нь буруу байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан “Байгаль хамгаалах санд оруулна” гэж зааснаар  зөвтгөж төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Серик, С.Толхынбек, Ж.Шайзада, Б.Бахыт, М.Даулет, М.Мауитхан, К.Смагул нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

  ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

 

                                                                              Д.МӨНХӨӨ