Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 299

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч С.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогтой Д -т холбогдох эрүүгийн 190800484000 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн /Иргэний бүртгэлээр Төв аймаг гэж бүртгэгдсэн/, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин инженер мэргэжилтэй, Дулааны 2 дугаар цахилгаан станцад жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо, Сансарын 0-р гудамжны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овгийн Б ийн Д  /РД:00000000/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Сансарын 000 тоот хашаанд хохирогч Д.С-ын толгойн тус газар нь будагны саваар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Сансарын 00 тоот хашаанд хохирогч Д.С-ын толгойн тус газар нь будагны саваар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.С-ын “...хадам ах Д  гэрээсээ гарч ирээд намайг гэрлүү орох гээд явж байхад араас төмөр хувингаар толгойн хэсэг рүү цохисон. Тэгээд миний толгойноос цус гарч байхаар нь би гэрлүүгээ орж цусаа тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан. Тэгсэн хадам ах араас гэрт орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Д , А , М  нар нь их согтолттой байсан. Миний биед ганцхан хадам ах Д  л гэмтэл учруулсан. Надаа одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх5-6-р тал/

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0000 дугаартай “...Д.С-ын биед үзлэгээр тархины доргилт, хуйхны няцарсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2019.01.20-ны шөнө үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх15-р тал/

3. Яллагдагч Б.Д ын “...А  нөхөртөө уурлаад чи ууц чанаж байхад орж ирсэнгүй гэж хэлсэн. Тэгсэн С  би завгүй гэрээ цэвэрлээд байж байлаа гэж хэлээд уурлаад гарах гэтэл би Сайнтодыг байж бай гээд гэрийн хааганы тэнд гаргахгүй гээд хориод байж байсан. Тэгсэн С  намайг түлхэж холдуулаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад Сайнтодын гэрийнх нь үүдэнд байсан хувингаар толгойруу цохисон юм. Тэгээд С  гэрлүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх48-49-р тал/

4. Шүүгдэгч Б.Д хохирогч Д.С  нарын 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд “... харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулав, ... Д.С-ын бие болон сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй...” гээд нотариатаар гэрчлүүлжээ. Мөн хохирогчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн талаарх холбогдох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн дүү /хохирогч/ Д.С-г    зодож, толгойн тус газар нь хувингаар цохиж улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг барагдуулан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, танхайн сэдэлтээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-д хохирол төлбөрт 300.000 төгрөг төлөгдсөн бөгөөд өөр нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Д ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохиролоо барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийн Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д -т оногдуулсан 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР