Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

  2020          01         03                                        2020/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Т.Д-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905043721350 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Д-, 1963 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Д-нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамж, 16 тоотод бэр М.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой, нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун дээд соёо шүдний гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.Д-шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гадагшаа явчихаад ирсэн. Ер нь бол М.С-той таарамжгүй харьцаатай байдаг. Намайг дандаа доромжилдог. Гэр бүлийн маргаан болсон. Миний хүүг хүртэл дандаа харааж доромжилдог. Юм угаасан усаа хүүгийн маань дээрээс асгаж байсан. Намайг пизда авгай гэх мэтээр доромжилсон юм. Би цохиж хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн” гэв.

            Хохирогч М.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10-16 тоотод 14-15 цагийн хооронд хувцсаа угаагаад байж байхад хадам ээж Д- орж ирээд манайд нүүж ирээд тавилга эвдэлсэн байна гэхээр нь би юу эвдэлсэн юм бэ, бүгд л бүрэн бүтэн байгаа биз дээ гэж хэлсэн чинь хадам ээж Д- юм хэлж болохгүй юм байна гэж хэлэхээр нь надтай хэрүүл хийх гэж байгаа юм уу гэж хэлсэн чинь миний толгойн ар руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохичихоод гараад явахаар нь би араас нь хадам ээж Д-д яахаараа чамд зодуулдаг юм бэ гэсэн чинь эргэж орж ирээд дахиад 3-4 удаа гараа атгаж байгаад толгой руу цохисон. ...зүүн нүдний доод талд хавдаж хөхөрсөн, баруун нүдний ухархай хэсэгт хөхөрсөн, баруун зүүн талын чамархай хэсэгт хөхөрсөн, баруун гарын булчин хэсэгт хөхөрч хавдсан, нэг шүд хөдөлсөн. ...тухайн үед миний шүд хөдөлсөн байж байгаад маргааш нь унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

            Шинжээчийн 13127 тоот дүгнэлтэд: “...М.С-биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

            Шинжээчийн 1500 тоот дүгнэлтэд: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.С-биед нь үзлэг хийж 2019.11.01-ний өдөр 13127 тоот дүгнэлтийг гаргасан байна. Үзүүлэгч М.С- нь эмнэлгийн материал авч ирэхээр яваад ирээгүй тул тухайн шүдний гэмтлийг дүгнэлтэнд тусгах боломжгүй байжээ. Бүрэн дент ХХК-ний 2019.11.06-ны өдрийн тодорхойлолтонд тусгагдсан баруун дээд соёо шүдний гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шүдний гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 21-23/,

            Яллагдагчаар Т.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолтой танилцлаа ...М.С- зочны том өрөөнд угаалга хийгээд байж байхад нь би орж ирээд яагаад том өрөөнд угаалга хийгээд бас хоол цай хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь бэр М.С- яагаад дарамтлаад байгаа пиздаа хар авгай минь гэж нулимсан. Тэгэхээр нь би уурлаад бэр Солонгыг яагаад үеийн юм шиг хэрэлдэж байдаг юм бэ гэж хэлээд нүүр рүү нь 3-4 удаа алгадсан. ...Би хохирогч М.С-биед гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-42/,

            Гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 3-4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-32/, хохирол төлсөн баримт /хх-н 47-48/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Д-нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамж, 16 тоотод бэр М.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой, нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун дээд соёо шүдний гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Солонгын: “...хадам ээж Д- орж ирээд манайд нүүж ирээд тавилга эвдэлсэн байна гэхээр нь би юу эвдэлсэн юм бэ, бүгд л бүрэн бүтэн байгаа биз дээ гэж хэлсэн чинь хадам ээж Д- юм хэлж болохгүй юм байна гэж хэлэхээр нь надтай хэрүүл хийх гэж байгаа юм уу гэж хэлсэн чинь миний толгойн ар руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохичихоод гараад явахаар нь би араас нь хадам ээж Д-д яахаараа чамд зодуулдаг юм бэ гэсэн чинь эргэж орж ирээд дахиад 3-4 удаа гараа атгаж байгаад толгой руу цохисон. ...зүүн нүдний доод талд хавдаж хөхөрсөн, баруун нүдний ухархай хэсэгт хөхөрсөн, баруун зүүн талын чамархай хэсэгт хөхөрсөн, баруун гарын булчин хэсэгт хөхөрч хавдсан, нэг шүд хөдөлсөн. ...тухайн үед миний шүд хөдөлсөн байж байгаад маргааш нь унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, шинжээчийн 13127, 1500 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Д-нь бэр болох хохирогч С.М.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн бэр М.С-эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С-биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар /хх-н 47-48/ нотлогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Д-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Т.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР