Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

2020          03           16                                      2020/ШЦТ/217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,

          шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009007010293 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эх булган хайрхан" ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.А (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ж.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 321 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлцэцэгийг "утсаа аваагүй, оройтож гэртээ ирсэн" гэх шалтгааны улмаас үсдэх, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.Эг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 321 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлцэцэгийг "утсаа аваагүй, оройтож гэртээ ирсэн" гэх шалтгааны улмаас үсдэх, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжны 321 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлцэцэгийг "утсаа аваагүй, оройтож гэртээ ирсэн" гэх шалтгааны улмаас үсдэх, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Н.Гэрэлцэцэгийн "...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хадам дүү Энхгэрэлийн хамтаар ажлаа тараад гэртээ ирээд 22 цаг минутын үед цуг хадам дүү Энхгэрэлийн хамт гарч яваад 17 дугаар сургуулийн "Дуулга" нэртэй бааранд 2 эмэгтэй дүүтэйгээ уулзаад пиво уугаад 00 цагийн үед баар хаахаар уг баарнаас яваад буудалд ороод 0.5 граммтай 1 шил архи уугаад 02 цаг өнгөрч байхад Энхгэрэлийн хамтаар гэртээ такси бариад явах замд нөхөр залгаад байхаар би утсаа авсан чинь яагаад утсаа авахгүй байгаа гичий, янхан бэ гэхээр би сонссонгүй гэсэн чинь ирэхээр чинь наад чихийг чинь өрөмдөнө гэсэн тэгээд би гэртээ ирсэн юм. Энхгэрэл манай хашаанд амьдардаг юм. Тэгээд би гэртээ ортол Энх-Амгалан ганцаараа байсан намайг уучлаарай ханиа гэсэн чинь янхан гичий гээд хэл амаар доромжлоод намайг шууд үстээд газар унагаагаад дээрээс өшиглөөд цохиод байсан...Надад энэ гэмтлүүдийг Энх-Амгалан гараараа цохиж учруулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ¹2082 тоот актын “…Н.Гэрэлцэцэгийн биед тархи доргилт, зүүн дал бугалга, шуу, гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... “ гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Эгийн "...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед эхнэр таньдаг хүнийхээ байрны найранд явлаа гэж хэлээд явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 02 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд би Гэрэлцэцэгт хандаж чи яагаад утсаа авахгүй байсан юм бэ? өнөөдөртэй нийлээд 2-3 удаа гадуур явлаа арай дэндэж байгаа юм' биш үү гэж хэлэхэд эхнэр урдаас чамд би хэлж явсан биз дээ чи утас авахаар загнаад байдаг биз дээ гэж хэлэхээр би эхнэрээ түлхтэл орон дээр унаад Гэрэлцэцэг өөдөөс дайраад босоод ирэхээр нь гарын булчин болон хөл хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед эхнэр уйлаад явлаа гээд гарах гэхээр нь би цамцнаас нь үстэй нь давхар татаад ор руу суулгасан чинь миний өөдөөс эсэргүүцээд байхаар би гар болон хөл хэсэг рүү нь гараараа цохисон юм...Би уг гэмтлүүдийг учруулахдаа гараараа хөлөөрөө цохиж учруулсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээн шүүгдэгч Ж.Эд 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Ж.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР