Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 338

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.А-д,

шүүгдэгч/хохирогч Г.А ,

хохирогч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол овогт Б-н А-д, Б овогт Г-н А  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 02530 0000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол овогт Б-н А-д, Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Монгол банк”-д эдийн засагч ажилтай, ам бүл тав, аав, ээж, эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дүгээр байрны 000 тоотод оршин суудаг, /РД:00000000/, урьд ял шийтгүүлж байгаагүй;

2. Б овогт Г-н А  , Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа зурагчин ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дүгээр байрны 000 тоотод оршин суудаг, РД:В000000, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

- Шүүгдэгч Б.А-д нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орчлон хорооллын 00 дүгээр байрны гадаа хохирогч Г.А ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх;

- Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дүгээр байрны 2 дугаар орцны гадаа хохирогч А.Б-н нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б-н мэдүүлэг /хх27-33-р тал/, хохирогч Г.А ийн мэдүүлэг /хх20-26-р тал/, гэрч Г.Б-н мэдүүлэг /хх47-49-р тал/, гэрч Ц.Б-мэдүүлэг /хх50-51-р тал/, гэрч Л.Ц-н мэдүүлэг /хх52-р тал/, гэрч Я.Б мэдүүлэг /хх53-р тал/, 2017 оны 11 дүгээр сарынн 17-ны өдрийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн № дугаартай дүгнэлт /хх62-р тал/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн №000 дугаартай дүгнэлт /хх63-р тал/, хохирогч А.Б-н 2017 оны 11 сарын 08-ны өдрөөс 9 хоног ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх96-103-р тал/, шинжээч эмч Г.Энхбаатарын мэдүүлэг /хх68-69-р тал/, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /хх70-72-р тал/ болон шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хохирогч А.Б-н зүгээс гэрч Я.Б нь шүүгдэгч/хохирогч Г.А ийн гэр бүлийн гишүүн учир, гэрч Л.Ц нар түүний урьдны танил учир мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх, хасуулах хүсэлтэй байна гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасны дагуу эрхийг нь тайлбарлан өгч, хууль сануулан холбогдох журмыг баримтлан мэдүүлэг авсан байна. Мөн гэрч Л.Ц-д холбогдох эрх үүргийг тайлбарлан, хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах саналыг оролцогч нар дэмжээгүй, гэрчийн мэдүүлгийг уншиж, сонсгоод судлах боломжой гэсэн болно. Иймд хохирогч А.Б-н нотлох баримтаар тооцохгүй байх, нотолгооны чадвараа алдсан гэх хүсэлт үндэслэлгүй, шүүх холбогдох баримт, гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтой, хамаарал бүхий талаас үнэлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. 

2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.А  нь хохирогч А.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.А-д нь хохирогч Г.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус тус,

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

1.Шүүгдэгч Г.А ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч А.Б-н “... 2017 оны 10 дугаар 28-ны өдөр би 12 цагийн үед гэрээсээ гарахад манай орцны үүдэнд манай байранд амьдардаг ... А  гэдэг залуу үл таних залуутай юм яриад зогсож байсан бөгөөд мөн орцны хаалган домопон систем суулгаж байсан 2 залуу байсан юм. Тэгээд би тэд нарын хажуугаар өнгөртөл араас А  нь “сайн уу ах” гэхээр нь “сайн сайн” гэж хэлчихээд зөрөөд өнгөртөл араас миний бөгс рүү А  нь өшиглөхөөр нь би “чи яаж байгаа юм бэ?” гэсэн чинь А  “яадгийн чамайг, дүргүй хүргээд байвал нүүрэн дээр чинь тамхи унтраана шүү” гээд өөдөөс тамхиа шийдсэн. Тэгэхээр нь би “чи хүн айлгах гэж байдгийн бол нэртэйгээр нь энгэртээ орцны атаман гээд зүүчих тэгвэл чамаас ганц 1 хүн айж магадгүй” гэж хэлсэн чинь А  нь хүрч ирээд миний нүүр рүү цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохиод бид 2 барилцаж аваад 2-лаа газар унасан. Тэр үед манай байрны үсчин залуу бид 2-ыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх27-33-р тал/

2. Хохирогч Г.А ийн “... 2017 оны 10 сарын 28-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн00 дугаар хороо Орчлон хорооллын 00-р байрны 2 дугаар орцны үүдэнд СӨХ-н дарга Б-тэй юм яриад зогсож байтал манай орцонд амьдардаг Б  гэдэг хүн орцноос гарч ирэхээр нь би араас нь “ах юу байна” гэж хэлээд өвдгөөрөө бөгс рүү нь зөөлөн өвдөглөсөн чинь Б  уурлаад “Чи намайг өшиглөдөг хэн бэ? Ална шүү чамайг гэхээр нь би та нар чинь уурлаад байгаа юмуу тэгвэл уучлаарай” гэж хэлтэл Б  шууд миний нүүр рүү 1 удаа мөргөчихсөн юм. Тэгээд би хойшоо савж унаад буцаж босч ирээд Б ын нүүр рүү нь 1 удаа цохиход Б  бас хойшоо унасан бөгөөд тэр үед Б   бид 2-г салгасан ...” гэсэн мэдүүлэг /хх20-26-р тал/

3. Гэрч Г.Б-н “...2017 оны 10 сарын сүүлээр би Сонгинохайрхан дүүргийн 00 хороо Орчлон хорооллын 00 байрны 2 орцны гадна хаалгыг засварчнаар янзлуулаад зогсож байтал тус байрны оршин суугч А  бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад байж байхад Б  гарч ирсэн. ...Гэнэт ард Б , А  2 хоорондоо зодолдоод эхлэхээр нь би салгасан. Тэр үед Б , А  нар хэн нэгийгээ хэрхэн зодож цохьсон талаар мэдэх зүйл байхгүй ямар ч байсан намайг харахад тэр 2 хоорондоо заамдалцаад зууралдсан байсан. Тэгэхээр нь би “та 2 жоохон хүүхдүүд биш дээ” гэж хэлээд салгачихаад би явсан. Тэр үед 2-лаа л эрүүл байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх47-49-р тал/.

4. Гэрч Ц.Б-“...2017 оны 10 сарын 28-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орчлон хорооллын oo -р байрны 0000 тоотод тоотод байрлах өөрийн ажлын байр болох Т-н салон дээрээ байж байхад 12 цагийн үед намайг цонхоор хартал гадаа миний зүс таних ах буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Б  гэдэг ах хүнтэй зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би гараад тэр 2-ыг салгачихаад буцаад салон руугаа орсон бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр 2-н хажууд манай СӨХ-н дарга залуу зогсож байсан бөгөөд орцны үүдэнд 2 залуу юм хийгээд зогсож байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Намайг гарахад тэр 2 айхтар зодолдоогүй байсан бөгөөд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх50-51-р тал/

5. 2017 оны 11 дүгээр сарынн 17-ны өдрийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн №00000 дугаартай дүгнэлт “... 2017-10-30-нд эмнэлэгт хэвтсэн, эмчийн үзлэгт: ил шарх үгүй, зүүн нүдний эргэн тойронд хөхөрч няцарсан, 2017-11-08-ны өдрийн эмнэлэгээс гарсан, эмчийн үзлэгт: ил шарх сорви үгүй гэжээ, ... А.Б-н биед тархины баруун духны эдэд цус хуралт, няцрал зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх62-р тал/, Хохирогч А.Б-н 2017 оны 11 сарын 08-ны өдрөөс 9 хоног ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх96-103-р тал/, Шинжээч эмч Г.Энхбаатарын “... А.Б-н биед учирсан гэмтэл нь ... унах цохих аль аль үед үүсэх боломжтой. Мөн толгойн урд хэсгээс цохих болон ар дагзны хэсгээс цохих үед үүсэх боломжтой. Гэхдээ А.Б-н гэмтлийн эмнэлэгийн өвчний түүх болон томографикийн шинжилгээгээр толгойн арын дагзны хэсэгт ямар нэг гэмтэл цохьсон гэх шинж тогтоогдоогүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх68-69-р тал/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.А  

Шүүгдэгч Г.А  нь өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орчлон хорооллын 00 дүгээр байрны 2 дугаар орцны гадаа 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед мөн байрны оршин суугч хохирогч А.Б ыг орцноос гарч явахад нь хөлөөрөө өшиглөн, тамхины иш толгой дээгүүр нь шидэж, үл ялих зүйлээр маргаан үүсгэн, улмаар хоорондоо зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохиролыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.А ийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Харин хохирогчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт Г.А эд зодуулсаны улмаас зүүн нүдний хөмсөг сэтрэн тухайн үедээ их хэмжээний цус гарсан гэж гэсэн тайлбар нь гэрч Ц.Б-“...тэр 2 айхтар зодолдоогүй байсан бөгөөд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...”, Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогч А.Б-н “... 2017-10-30-нд эмнэлэгт хэвтсэн, эмчийн үзлэгт: ил шарх үгүй, зүүн нүдний эргэн тойронд хөхөрч няцарсан, 2017-11-08-ны өдрийн эмнэлэгээс гарсан, эмчийн үзлэгт: ил шарх сорви үгүй ...” гэснээр үгүйсгэгдэж байна.  

Иймд шүүгдэгч Г.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутай тооцуулах улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Б.А-дыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.А ийн “... Тэгээд Б  хүүхдээ утсаар дуудчихаад яваад өгсөн бөгөөд удалгүй Б ын хүү нь гарч ирээд “сая зодолдсон хүмүүс хаана байна” гэхээр “би байна” гэж хэлтэл тэр залуу шууд надруу хүрч ирээд нүүррүү 4-5 удаа цохьчихоод яваад өгсөн. ...Б ын хүүд цохиулаад гэмтсэн хамар бүрэн эдгээгүй байсан учир шүүх эмнэлэгт үзүүлсэн. Б  миний дух руу мөргөсөн бөгөөд тэр үед миний хамраас цус гараагүй, ямар нэгэн гэмтэл учраагүй юм. Харин дараа нь Б ын хүү нь миний хамар руу 4-5 удаа цохиод хамраас цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх20-26-р тал/

2. Гэрч Г.Б-н “... Намайг явсны дараа Б ын хүү нь гарч ирээд А ийг зодсон гэж надад нэг хүн хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх47-49-р тал/

3. Гэрч Л.Ц-н “... 2017 оны 10 сарын 28-ны өдөр би байрныхаа гадаа хүүхдээ салхилуулчихаад гэр рүүгээ орох гэж явах үед хөрш айлан А  гэх залуутай таарсан. А  надаас гал асуусан. Тэр үед манай орцны хаалгыг нь засварчин янзалж байсан тул би гэр рүүгээ орж чадахгүй хүлээж зогссон. Тэгтэл орцноос нэг залуу гүйгээд гараад ирсэн. Тэгээд хэн нэгэн хүнийг хайгаад байгаа бололтой хүмүүсээс асуугаад байх шиг байсан. Тэгтэл араас нь удалгүй манай байрны доод давхарын Б  ах гарч ирээд тэр залууд наадах чинь байна гэж хэлээд А ийг зааж өгсөн. Тэгсэн А ийг тэр залуу шууд нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Би тэр үед салгах гээд чадахгүй байсан мөн манай хүүхэд уйлаад байсан тул салгаж чадаагүй. Тэгтэл А  зугатаагаад шууд гэр рүүгээ орохоор лифр рүү орсон. Араас нь би хүүхдээ дагуулаад гэр рүүгээ орох гэтэл лифт нил цус болчихсон байсан. Б  ахын хүү бололтой залуу А ийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж байхыг би хараад салгаж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх52-р тал/

4. Гэрч Я.Б “... 2017 оны 10 сарын 28-ны өдөр амралтын өдөр байсан тул гэртээ байж байхад манай нөхөр А  тамхи татахаар гарч яваад 10 орчим минутын дараа гэртээ нүүр нь нил цус болсон нүүрээ дарчихсан, хувцас нь бас цус болчихсон орж ирсэн. Би ванны өрөөнд оруулж цусыг угаасан боловч тогтохгүй байсан. Тэгээд хамарт нь хөвөн чихэж дээш нь харуулж хэвтүүлж байгаад юу болсон талаар асуутал манай доод талын айлын Б  гэх хүн хүүтэйгээ нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаад өгье гэтэл манай нөхөр нэг байрны хүмүүс байж яах гэсэн юм бэ гээд цагдаад хандаагүй өнгөрсөн, А  хувиараа хөдөлмөр эрхэлдэг эрүүл мэндийн дэвтрээ бөглүүлээгүй байсан тул улсын эмнэлэгт хандаж чадаагүй, мөн миний цалин буугаагүй байсан тул хувийн эмнэлэгт үзүүлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх53-р тал/

5. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн №389 дугаартай дүгнэлт “...Г.А ийн биед хамрын ясны шинэвтэр хугарал, хамрын хянганы сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна. ...Г.А  нь дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой” /хх63-р тал/, Шинжээч эмч М.Энхбаярын “... Хамар яс нь өөрөө нимгэн ялтас яс байдаг тийм учраас чөмөг яс, хавирганы яс шиг илэрхий том бороо үүсдэггүй. 2017 оны 11 сарын 19-ний өдрийн компьютер оношлогоо нь шинэвтэр гэмтэл гэж оношилсон байдаг. ... Хамрын ясанд бороо үүсэх нь бага байдаг учраас хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг. /хх70-72-р тал/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.А-д  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-д нь “... Би тэгээд үүдэнд хаалга янзалж байсан хоёр хүнээс энд зодоон хийсэн хүн байна уу гэж асуухад А ийг зааж өгсөн. Бид хоёрыг барилцаж байхад аав А ийг 2-3 удаа цохисон. Маргааш нь А  манай гэрт орж ирээд юу болсныг санахгүй байна гэж хэлсэн... Аавын духнаас хоёр нүдрүүгээ цус болчихсон орж ирэхээр нь тэр хүнийг нь олохоор гарсан гэв...” гэж мэдүүлсэн.  

Мөн хохирогч А.Б аас өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан, хууль сануулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авахад “... Тэгээд гэр рүү ороод согтуу хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд Б.А-д гүйгээд гарсан... Ананд миний хажуугаар дайраад А ийг барьж авах гээд байхаар нь би хойшоо байж бай гэж хэлээд нэлээн ширүүхэн А ийг 3-4 удаа цохисон, ...Б.А-д цохиогүй...” гэх мэдүүлэг, тайлбарууд нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.А , хохирогч А.Б нарын хооронд маргаан болж хоорондоо зодолдсон бөгөөд тухайн үедээ Г.А , А.Б нарын зодоон таслан зогсоогдож салсан, мөн үед биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй үйл баримт тогтоогдсон. Үүний дараагаар хохирогч Г.А  орцны гадаа байж байсан байх бөгөөд А.Б-н төрсөн хүү Б.А-д гарч ирэн, аавтай нь муудалцсан хүнийг орцны гадаа хайсан, улмаар Г.А  “би байна” гэж өөрийгөө хэлсэн, хохирогч А.Б наадах чинь байна гээд Г.А ийг зааж өгсөн, улмаар шүүгдэгч Б.А-д нь хохирогч Г.А ийн нүүр рүү 2-3 удаа цохисон, хохирогч Г.А ийн нүүр, хувцас нь цус болсон гэртээ орсон болох нь хохирогч Г.А , гэрч Л.Ц , гэрч Я.Б , гэрч Г.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч Г.А ийг шүүгдэгч Б.А-д цохиогүй, хамраас нь цус гарсан зүйл байхгүй байсан, зөвхөн барилцаж авч, зууралдсан гэж өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд гэм буруугийн талаар мэтгэлцсэн ч хохирогч өөрт нь гэмтэл учруулсан хүнийг шууд эргэлзээгүйгээр зааж мэдүүлсэн, тухайн үед хажууд нь байсан гэрч Л.Ц  “..Б  ахын хүү бололтой залуу А ийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж байхыг би хараад салгаж чадахгүй байсан..” гэх мэдүүлэг, мөн хохирогч Г.А ийг гэртээ орохдоо ямар байдалтай байсан талаарх гэрч Я.Б мэдүүлэг, улмаар хохирогч Г.А ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Улмаар тухайн үед хохирогч А.Б-н хөмсөг задарч цус их гарсан байсан, гэртээ орчихоод буцаж гарч ирээд Г.А ийг цохисон, Б.А-д цохиогүй гэж мэдүүлж байгаа нь холбогдох бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж, тогтоогдсон үйл баримтаас илэрхий зөрүүтэй мэдүүлэг, тайлбар өгч байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Мөн хэрэг явдал 2017 оны 10 дугаар сарын 28-нд болсон Шүүх эмнэлэгийн шинжээчийн №389 дугаар дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 22-нд гарсан, дүгнэлтэд хохирогч Г.А ийн биед “...хамрын ясны шинэвтэр хугарал, хамрын хянганы сорви гэмтэл тогтоогдлоо...” гэсэн нь эргэлзээтэй байна гэж хохирогч А.Б нотлох баримт шинжлэн судлахад тайлбарласан бөгөөд шүүгдэгч Б.А-дын хохирогч Г.А ийн нүүрэнд цохисон, уг үйлдлийн улмаас хохирогчийн хамарнаас цус гаран, цусаа гоожуулан гэр рүүгээ орсон, цус нь тогтохгүй байсан үйл баримт тогтоогдсон. Мөн шинжээч эмч М.Энхбаярын “... Хамар яс нь өөрөө нимгэн ялтас яс байдаг тийм учраас чөмөг яс, хавирганы яс шиг илэрхий том бороо үүсдэггүй. 2017 оны 11 сарын 19-ний өдрийн компьютер оношлогоо нь шинэвтэр гэмтэл гэж оношилсон байдаг. ... Хамрын ясанд бороо үүсэх нь бага байдаг учраас хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогч Г.А ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд, шүүгдэгч Б.А-дын түүний нүүр рүү цохисоны улмаас үүсгэгдсэн байна гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч Б.А-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруутай гэсэн улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, төлбөрийн тухайд:

Хохирогч А.Б шүүх хуралдаанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, хохирогч Г.А  мөн “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн тул шүүгдэгч Б.А-д, Г.А  нарын хувьд бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Г.А эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний, шүүгдэгч Б.А-дад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт хэлсэн бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өмнө нь шүүх шийдэж байсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргасан болно.

Шүүгдэгч Б.А-д, Г.А  нарын холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 4 сар 21 хоногийн хугацаа өнгөрчээ.

Шүүгдэгч Г.А , Б.А-д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.А-д, Г.А  нарын холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болжээ.

Иймд шүүгдэгч Б.А-д, Г.А  нар нь дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан буюу эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зөв байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-н А-дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Г-н А  ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А-дад холбогдох хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар Г.А эд холбогдох хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-д, Г.А  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Б.А-д, Г.А  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР