Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0028

 

 

 

 

 

 

  2020            01          07                                     2020/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Д.П-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.П-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905036611026 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.П-, 1993 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Д.П-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 04-нөөс 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” нэртэй зочид буудлын 213 тоот өрөөнөөс иргэн А.Т-гийн эзэмшлийн “Samsung galaxy A-50” маркийн 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.П-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04-өөс 05 цагийн хооронд би 3 найз Б-, М.Ц-, Т.М-нартай Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 213 тоот өрөөнд 1 шил 0.75 граммын архи хувааж ууцгаагаад унтсан юм. Үүрийн 04 цагийн орчим манай 3 найз тухайн буудлын өрөөнөөс гарсан байна лээ. Би унтаад үлдсэн. Тэгээд 09 цагийн үед сэрээд гар утсаа халааснаасаа үзсэн чинь алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тус буудлын хяналтын камерыг үзэхэд казак төрхтэй, дэлдэн шар эрэгтэй хүн ороод гарч буй бичлэг байна лээ. Самсунг А-50 маркийн гар утас байсан. Би гар утсаа 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Мобикомын салбараас 860.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан юм. Би алдсан гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлж байна... цагдаагийн байгууллага хурдан шуурхай хулгайлж авсан хүнийг нь барьж аваад миний гар утсыг буцаагаад өгчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

            Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө өөрийн найз Д.П-ын хамт шоудаж байгаад 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд бааранд танилцсан эмэгтэйн хамт цуг орж амрахаар болсон юм. Тэгээд бид нар зочид буудлын өрөөнд ороод 0.5 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хувааж уучихаад би гоймон идчихээд унтаад өгсөн юм. Тэгээд буудлын өрөөнд 09 цагийн орчимд гаднаас цагдаа нар орж ирээд П-ыг чи гар утас авсан хүн мөн байна гэж хэлээд дагуулаад аваад явчихсан. Тухайн үед П-ын халааснаас Галакси А-50 маркийн гар утас гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

            Гэрч Э.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр болж байсан бөгөөд 08 цагийн орчимд 213 тоот өрөөнд амарч байсан хүн миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би камер шүүж өгөхөд 313 тоот өрөөнд амарч байсан хүн тус 213 тоот өрөөнд ороод гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан бөгөөд цагдаа камерын бичлэг үзчихээд өрөөнд ороод тэр залууг текэн дээр авч ирээд шалгахад биеэс нь 213 тоот өрөөнд амарч байсан хүний гар утас гарч ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

            Яллагдагчаар Д.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нилээн согтчихоод өрөөнөөс ресепшин дээр очиж гоймон худалдаж авчихаад буцаж өрөөндөө орох гэж явж байхдаа төөрөөд нэг онгорхой өрөө байхаар нь ороход нэг үл таних залуу унтаж байсан. Тэгэхээр нь тэр залууг сэрээх гэж оролдоод татсан боловч сэрээгүй мөн өмсөж явсан гадуур хувцасны халааснаас нь гар утас цухуйчихсан байхаар нь тэр гар утсыг нь авч гараад өрөөндөө буцаад орчихсон юм. Тэгээд унтаж байхад гаднаас цагдаа нар орж ирээд гар утсыг хурааж аваад тэр хүнд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 15-17/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-37/, зочид буудлын бүртгэлийн хуудас /хх-н 38/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 42/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Д.П-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 04-өөс 05 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” нэртэй зочид буудлын 213 тоот өрөөнөөс иргэн А.Т-гийн эзэмшлийн “Samsung galaxy A-50” маркийн 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Т-гийн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд би найз Б-, М.Ц-, Т.М-нартай Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 213 тоот өрөөнд 1 шил 0.75 граммын архи хувааж ууцгаагаад унтсан юм. Үүрийн 04 цагийн орчим манай 3 найз тухайн буудлын өрөөнөөс гарсан байна лээ. Би унтаад үлдсэн. Тэгээд 09 цагийн үед сэрээд гар утсаа халааснаасаа үзсэн чинь алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тус буудлын хяналтын камерыг үзэхэд казак төрхтэй, дэлдэн шар эрэгтэй хүн ороод гарч буй бичлэг байна лээ. Самсунг А-50 маркийн гар утас байсан. Би гар утсаа 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Мобикомын салбараас 860.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Д.М-ын: “...буудлын өрөөнд 09 цагийн орчимд гаднаас цагдаа нар орж ирээд П-ыг чи гар утас авсан хүн мөн байна гэж хэлээд дагуулаад аваад явчихсан” Тухайн үед П-ын халааснаас Галакси А-50 маркийн гар утас гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, гэрч Э.М-ийн: “...тухайн үед 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр болж байсан бөгөөд 08 цагийн орчимд 213 тоот өрөөнд амарч байсан хүн миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би камер шүүж өгөхөд 313 тоот өрөөнд амарч байсан хүн тус 213 тоот өрөөнд ороод гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан бөгөөд цагдаа камерын бичлэг үзчихээд өрөөнд ороод тэр залууг текэн дээр авч ирээд шалгахад биеэс нь 213 тоот өрөөнд амарч байсан хүний гар утас гарч ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 33/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.П-нь согтуурсан үедээ буудалд өрөө андуурч орж хохирогчийн гар утсыг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 50/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.П- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР