| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0336/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 346
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүгэрсүрэн овогтой Баттулга-д холбогдох эрүүгийн 1908012230000 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дархан-Уул аймгийн Дархан, 0 дүгээр баг, Партизаны 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 0 дугаар гудамжны 00 тоотод түр оршин суудаг, Б овгийн Д-н Б /РД:00000000/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 00 тоотод 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Н.Э-г эхнэртэйгээ хардсаны улмаас маргаж, толгойн тус газар нь хайруулын тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 00 тоотод 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Н.Э-г эхнэртэйгээ хардсаны улмаас маргаж, толгойн тус газар нь хайруулын тавгаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Н.Э-н “...би нэлээн орой болсон хойно гарч явах гэтэл тэдний эхнэр Д намайг дагаж явна гээд байсан. Би харьлаа гэхэд Д надтай хамт манайд очино гэсэн. Энэ үед нөхөр Д нь надтай хардаад, уурлаад намайг зуухны өмнө сууж байхад ирээд өшиглөсөн. Би түүнтэй зууралдаад ноцолдож байхад тэр миний толгойд хайруулын тавгаар цохисон. Тэгээд би түүнээс салаад гэр лүүгээ харьчхаад гэмтэл орж хагарсан толгойдоо оёдол тавиулсан. Миний толгойд хайруулын тавгаар 2 удаа цохиж толгой хагалсан. Өөр гэмтэл надад учраагүй. Одоо миний гэмтэл бүрэн эдгэсэн. Надад өвдөж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх 21-22-р тал/
2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №0000 дугаартай “...Н.Э-н биед дух, зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлиин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоолын болсон хэргийн товч утгад бичсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 28-р тал/
3. Д.Б-н яллагдагчаар өгсөн “...Н.Э надад хандаж манай эхнэр рүү заагаад эхнэрийг чинь аваад явчихъя гэсэн. Би түүнд юу яриад байгаа юм гэхэд, чи мэдэж байгаа ш дээ, би танай эхнэртэй явдаг гэсэн. Тэгээд би эхнэрээсээ өөрөөс нь асууя чи гараад байж бай гэсэн. Би эхнэрээсээ чи энэ Н.Э-тай явах юм уу гэхэд манай эхнэр согтуу явсан ч яахав дээ гэсэн. Энэ үед Н.Э гаднаас ороод ирсэн би тэгээд түүнтэй маргалдаад бага дээрэлхээрэй гээд уурлаад цохиод авсан. Би тэгээд түүнийг нэлээн хэд цохисон. Тухайн үед би согтуу байсан учир яг хаана нь юугаар цохисноо бас сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх38-39-р тал/
4. Гэрч Б.Д гийн “... Д.Б-тай би 2007 онд гэр бүл болсон юм. Бид хоёр ханилаад 12 жил болж байгаа юм. Бид хоёр 8-11 насны хоёр хүүхэдтэй... одоо бид хоёр манай ээжийн өгсөн 4 ханатай гэрийг бариад СХД-ийн 00-р хороо Хамбын 000 тоотод түр оршин сууж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх23-р тал/
5. Хохирогч Н.Э нь “... Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт Миний бие Д.Б-н эхнэртэй холбоотой байсны улмаас уг зодоон болсон учир надад гомдолгүй уг хэргийг хааж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 15/, хохирогч Н.Э-н “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад цагдаагийн байгууллагаар шалгуулах гомдол санал байхгүй. Би өөрөө хүний эхнэртэй орооцолдож, түүнийг доромжилж, ийм эвгүй байдалд оруулж уурыг хүргэснээс цохиулсан учир гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 000 тоотод 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Н.Э-г эхнэртэйгээ хардсаны улмаас маргаж, толгойн тус газар нь хайруулын тавгаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №0000 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Иймд шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э нь “...би өөрөө хүний эхнэртэй орооцолдож, түүнийг доромжилж, ийм эвгүй байдалд оруулж уурыг хүргэснээс цохиулсан учир гомдолгүй...” гэснээс хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэдгийг дурдаад, хохирогч нэхэмжилсэн зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Б-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б-д , хохирогч Н.Э нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Б-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Д.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР