Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 786

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд  хийсэн хуралдаанаар иргэн М.О-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: М.О

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга. 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргын *** тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах болон цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Э, нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч Ч.С нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.О миний бие нь 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст *** дүгээр хороо хариуцсан нэг цэгийн үйлчилгээний ажилтнаар орсон. Ингээд намйг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2-р хорооны халамжийн мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан.

Миний бие төрийн байгууллагад нийт 13 жил ажиллахдаа эрхэлсэн ажилдаа үнэнч, тууштай, шударга, аливаа зөрчил гаргалгүй, чин үнэнчээр ажиллаж, ямарваа сахилгын шийтгэл үгүй ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний хадам эх Б.Р нь нас барсан.

Ингээд ар гэрийн гачигдал гарсан тухай байгууллагадаа мэдэгдэж, ажлын 7 хоногийн чөлөөг 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр өргөдөл хүсэлт гаргаснаар авсан. Тэгээд 7 хоногиийн дараа буюу 2016  оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний бие ажилдаа ирсэн. Тухайн өдөр ажлаа хэвийн үргэлжлүүсэн. Тэр өдөр Баасан гариг буюу 5 дахь өдөр байсан. Ингээд 1 дэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхэд шуурхай хуралдаантай хэмээн дуудсан. Тэгээд шуурхай  хуралдаанаар “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаал гарсныг танилцуулсан.

Тэгэхэд миний бие хэлтсийн дарга Б.М-тай биечлэн уулзаад “Намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ? Би энэ байгууллагад ажиллахдаа чин үнэнчээр, шударга, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ирсэн. Он удаан жил ажиллаж байна. Саяхан ар гэрийн гачигдлаар 7 хоногийн чөлөөтэй байж байгаад 5 дахь өдөр ирсэн юм” гэхэд “Би таны ажил байдлыг сайн мэдээгүй. Алдаатай шийдвэр гаргасан байна. Дээрээс батлагдаж ирсэн орон тоонд бариулж энэхүү ажлаас чөлөөлөх нэрсд байна. Одоо тушаал хүчингүй болгьё гэвэл бусад бүгд барьцах болно. Тиймээс та өргөдлөө гаргачих. Нэн даруй буюу хамгийн эхэнд асуудлыг чинь шийдвэрлэх болно. Тэгээд түр тайван байж байгаад хэд хоногийн дараа аваад ир” гэхэд нь миний бие итгээд явсан. 

Ингээд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ эргэж очихдоо өргөдлөө гараар бичээд, талийгаачийн нас барсны гэрчилгээний хуулбар мөн эрүүгийн гэмт хэрэгт хохирогч болсон талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн Шинжээчийн дүгнэлтийг хавсаргаж, үнэн учир байдлаа хэлээд өгсөн. Тэгээд түүнээс хойш өргөдлийн хариуг хүлээсээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай хариуг хүлээн авсан. Тус тоотод намайг ажил эгүүлэн томилох тухай биш тодорхойгүй хариулт байна.

Тиймээс Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэх нь “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1,40.1.2-т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” Гэвч урьдчилж миний биед мэдэгдээгүй.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан/нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрв тухай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. Энэ хуулийн дээрх зүйл заалтыг ажил олгогч эс үйлдэхүй учруулж нэхэмжлэгч миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдсөн.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4.3-т “Гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах ...,” Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 4.1-т 3гэр бүлийг нь дэмжих” гэсэн дээрх зүйл заалтуудыг ажил олгогч авч хэрэгжүүлээгүйн улмаас төрийн албан хаагчид олгох тусламжид хамрагдаагүй, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдөж байсан байна.

 

Би энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа цалингий зээл 4 удаа авч цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Хамгийн сүүлийн цалингийн зээлийг 2016 оны 10 дугаар сард ******* төгрөгийг 3 жилийн хугацаатай гэрээ хийж авсан. Зөвхөн цалингаа барьцаалж авсан. Гэвч одоо эрхэлсэн ажил орлогогүй болсон тул үээлийг сар бүр төлөгдөх хуваарийн дагуу төлж дйилэхгүй, нэмэлт хүүгийн төлбөрт унаж найдваргүй зээлд бүртгэгдэх эрсдэлд унаад байна. Тиймээс нэхэмжлэгч миний бие энэ байгууллагад он удаан ажиллаж, маш их ажлын туршлагатай, 3 удаагийн шаталсан сургалтанд хамрагдсан мэргэжлийн нийгмийн ажилтан, төрийн жинхэнэ албан хаагч байна.

Иймд энэхүү бичгэн хариултыг миний бие эс зөвшөөрч СХД-ийн Хөдөлмөр халамж Үйлчилгээний хэлтсийн даргын *** тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. “...нэхэмжлэлийн шаардлагын “...Ажилдаа эгүүлэн томилуулах...” гэснийг “...Ажилдаа эгүүлэн томилуулах болон цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж тодруулж байна” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн М.О-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн маргаан бүхий захиргааны акт нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан ба М.О 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг тушаалын үр дагаврыг хүлээн зөвшөөрч тэтгэлэг олгохыг хүссэн өргөдөл гаргаж тэтгэлэг авсан.

Тус нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 54.1.8 заалтын дагуу нэхэмжлэлээс татгалзах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий тушаалтай танилцаж гарын үсэг зурж, *** тушаалын дагуу тэтгэлэг олгох тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж тэтгэлэг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий тушаалыг хуулийн дагуу гэж хүлээн зөвшөөрөн, хуулийн дагуу тэтгэлэг авсан гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу өөр албан тушаалд шилжих, төсвийн мөнгөөр суралцах зэргээр тэтгэлэг авч болно.

Гэвч нэхэмжлэгчийн хувьд тэтгэлэг авах үндэслэлүүд тогтоогдоогүй. 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн сайдын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс гэж ажиллаж байсан. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар 77 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/*** тоот тушаалаар 2 хэлтсийг нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан. Үүний үр дүнд бүтцийн зохион байгулуулалт хийж хороо хариуцсан 21 мэргэжилтэнг ажлаас нь чөлөөлсөн.

10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар маргаан бүхий тушаалыг танилцуулж, нэхэмжлэгч гарын үсэг зурсан. 10 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж, 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 14-ний нэхэмжлэгчийн 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдлийн хариуг албан бичгээр өгч баталгаажуулсан. Мөн М.О, Э.Х нарын туршлага, мэдлэгийн талаар тухайн үедээ харьцуулсан судалгаа хийж гаргасны үндсэн дээр М.О-г чөлөөлсөн. Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл, бодит нөхцөл байдлыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

М.О нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ***3 дугаар захирамжаар  тус дүүргийн *** дүгээр хорооны Хөдөлмөр халамжийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан /ТЗ-04/ албан тушаалд томилогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар  М.О-г “ажлын байрны орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ажлын байрны орон тоо цөөрсөн тухайд маргахгүй байх бөгөөд харин “Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдээгүй, сонгон шалгаруулалт хийгээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаал нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсан, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоог 42 болгон цөөрүүлсэн тул тус дүүргийн 2 дугаар хороо хариуцсан хөдөлмөр, халамжийн 2 ажилтнаас сонгон шалгаруулах замаар М.О чөлөөлсөн нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/*** дүгээр “Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалаар  Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоог 42 байхаар баталсан, түүнчлэн гэрч Ж.С-аас “2016 оны 09 дүгээр сарын 21-нд шуурхай хийсэн. Орон тоо цөөрч байгааг мэдэж байсан. Харин хэнийг үргэлжлүүлэн ажиллуулах, хэнийг чөлөөлөх нь мэдэгдэхгүй байсан” гэж мэдүүлсэн  зэргээс үзвэл хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмнө тусдаа ажиллаж байсан хөдөлмөрийн болон халамжийн хэлтсийн нийт 78 мэргэжилтний орон тоог 34-өөр цөөрүүлсэн тул хүн нэг бүрээр тушаал гаргаж албан тушаалаас чөлөөлсөн” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна. 

Учир нь дээд шатны захиргааны байгууллагаас захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, орон тоо цөөрүүлсэн шийдвэрийг гаргасан тохиолдолд түүнийг тухайн цаг мөчид нь биелүүлэх нь хариуцагчийн үүрэг бөгөөд батлагдсан орон тоо, цалингийн сангийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийт ажилтнуудыг чөлөөлсөн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөгдсөн гэж үзэхээргүй байна. 

Гэвч маргаан бүхий *** тоот тушаал нь М.О-г нэрийг дурьдаж гарсан байх ба уг тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй тул нэхэмжлэгч М.О-аас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тодруулсан “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн  асуудал хариуцсан хорооны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодруулсан тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалаар тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг ажлаас чөлөөлж, тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлэхэд 2 дугаар хорооны нийгмийн ажилтнаар М.О, Ц.Х нар ажиллаж байжээ. 

Хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн М.О, Ц.Х нарын туршлага, чадварыг харьцуулан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хэн нь илүү хангаж байгаа талаар дүгнэлт гаргаж, Ц.-Xыг үргэлжлүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн  байна. 

Ингэхдээ боловсролын зэрэг, ажилласан жил, ур чадвар, иргэд болон бусад байгууллага, албан тушаалтнаас гомдол санал ирж байсан эсэх, хамт ажиллаж байсан хүмүүсийн санал зэргийг харгалзан шийдвэрлэсэн нь болох нь “сонгон шалгаруулалтын тэмдэглэл”, болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажлын байрны орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалтныг сонгон шалгаруулж авах, түүнчлэн сонгон шалгаруулалтын ямар арга хэлбэрийг сонгох нь томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд хамаарахаар байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “төрийн албаны холбогдох зөвлөлд захиалга хүргүүлж шалгаруулаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл, төрийн албаны холбогдох зөвлөлд захиалга хүргүүлж сонгон шалгаруулах арга хэмжээ нь төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ тул орон тоо цөөрч аль нэг албан хаагчийг ажиллуулахаар шалгаруулах үед хэрэглэгдэхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн “сонгон шалгаруулалт явуулаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

Харин хариуцагчаас сонгон шалгаруулалтын комисс байгуулж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 2 мэргэжилтнээс Ц.Х-ыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.  

Мөн нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн”-ийн албан тушаал төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байх тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Иймд нэхэмжлэгч нь “бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхтголоос болж ажлаас чөлөөлөх шийдвэрийн талаар ажилтнуудад 30, 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой” гэж Хөдөлмөрийн хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй байна. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.М нь М.О-г ажлаас чөлөөлөгдсөний дараа хүлээн авч уулзаж, ажилд авах асуудлыг шийдвэрлэх тухай ярилцсан ч хууль зүйн хувьд энэ нь хариуцагчийг ямар нэгэн хэлбэрээр үүрэгжүүлэхгүй. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М.О нь актыг хүлээн зөвшөөрч нэг удаагийн тэтгэмж болон ажлаас халагдсаны тэтгэмж авсан” хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэ нь түүнийг захиргааны актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүхээр маргах эрхийг хязгаарлахгүй. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч М.О-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргын *** тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Шүүх нэгэнт ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хэвээр үлдээж байгаа учир “ажилдаа эгүүлэн томилуулах, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. 

М.О нь төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд М.О-г ажлаас чөлөөлсний дараа Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст түүний эрхэлж байсан албан тушаалын сул орон тоо хэд хэдэн удаа гарсан байх боловч нэхэмжлэгч нь “төрийн албаны сул орон тоог нөхөх талаарх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа” хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. 

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах талаар удаа дараа асуусан боловч өөрийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн бөгөөд өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, захиргааны акт формаль эрх зүйн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***4 дүгээр зүйлийн ***4.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ